m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2018.06.12 08:56
119
ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРЛЭЛ, ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧДИЙН ФОРУМ-аас гарсан зөвлөмжийг УИХ-ын гишүүдэд хүргүүллээ

Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо /ББДХ/-ноос “Жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн нэгдсэн форум”-ыг өнгөрөгч долоо хоногт буюу 2018 оны зургадугаар сарын 4-ний өдөр зохион байгуулсан. Тус форумд "Жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн нэгдсэн форум"-д нийслэлийн 9 дүүрэг, 21 аймгийн нийт 300 гаруй жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн төлөөллүүд оролцож, санал бодлоо солилцсон бөгөөд нэн тэргүүнд авч хэрэгжүүлбэл зохих арга хэмжээнүүдийн талаар зөвлөмж  гаргасан юм. Уг форумаас гарсан зөвлөмжийг УИХ-ын 76 гишүүнд хүргүүлж байгаатай холбогдуулан Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны удирдах зөвлөлийн гишүүдтэй ярилцлаа.

Б.БАТДЭЛГЭР: БАЯЛАГ БҮТЭЭГЧДИЙГ ДЭМЖИХ ХОЛБОО-НЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮН

“Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо”-оос “Жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн нэгдсэн форум” зохион байгуулсан. Форумаас гарсан үр дүнг дүгнэвэл?

-Жижиг дунд үйлдвэр үйлчилгээ эрхлэгчдийг дэмжих тухай  хууль УИХ-д өргөн баригдаж одоогоор хэлэлцэх шатандаа явж байна. Жижиг дунд бизнес эрхлэгчид бол манай улсын нийт аж ахуйн нэгжийн 80 гаруй хувийг эзэлдэг. Тийм учраас тэдгээр 800 мянга  гаруй иргэдийн эрх ашгийг хамгаалах бодлого боловсруулах төсөлд манай холбоо ихээхэн анхаарал хандуулж, форум зохион байгуулсан. Энэ форумд УИХ-ын ажлын хэсгийн гишүүд, Ерөнхийлөгчийн зөвлөх, УИХ-ын даргын эдийн засгийн зөвлөх болоод нийслэлийн 9 дүүрэг, 21 аймгийн баялаг бүтээгчид идэвхитэй оролцлоо. Нийтдээ нийслэл болоод орон нутгийн 300 гаруй баялаг бүтээгчид оролцсон. Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо төр хувийн хэвшлийг холбох гүүр болон ажиллаж “Жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн нэгдсэн форум”-ыг амжилттай зохион байгууллаа.

Форумын үеэр хэлсэн баялаг бүтээгчдийн санал хүсэлт зөвлөмжийг хуулийн төслийг боловсруулах ажлын хэсэг болон 76 гишүүд, Засгийн газарт хүргүүлж байна.   

Форумоос гарсан зөвлөмжийг УИХ-ын гишүүдэд хүргүүлнэ гэж байна. Энэхүү зөвлөмжид яг ямар асуудлууд тусгасан байгаа вэ?

-УИХ-д таван асуудлаар 21 зөвлөмжийг  хүргүүлж  байгаа. Яагаад УИХ-д өргөн барьж байгаа вэ? гэхээр форумын үеэр хуулийн төсөл боловсруулж байгаа ажлын гишүүдээс гадна УИХ-ын гишүүдийн төлөөлөл байсан. Энэ үеэр санал бодлоо хэлсэн баялаг бүтээгчдийн санал зөвлөмжийг нэг бүрчлэн тусгаж, ирээдүйд юу хүсч хүлээж байгаа вэ? ямар үр дүнтэй байна гэдгийг форумын үеэр ажлын хэсгийнхэн мэдсэн учир бид зөвлөмжөө УИХ-ын гишүүдэд хүргэж байна. Тухайлбал зөвлөмжид ЖДҮ үйлчилгээ эрхлэгчдийн ангиллын асуудал, Хуулийн төсөл дээр бичилээс жижиг, жижигээс дунд бизнес эрхлэхэд ямар боломж дэмжлэг төрөөс үзүүлэх вэ? Хөгжлийн бэрхшээлтэй иргэд үйлдвэр үйлчилгээ эрхэлж байхад ангиллын нэг шатаар ахиулах шаардлагатай зэрэг зөвлөмжийг хүргүүлж байна.

Тухайлбал зөвлөмжид тусгасан зарим саналуудаас дурьдвал?

Нэгдүгээрт бол жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээний ангилалын асуудлыг тусгасан байгаа. 2007 онд батлагдсан жижиг дунд үйлдвэрийн тухай хуулиар бол 5 ангилсан байсан. Үүнийг шинэ хуулийн төслөөр бичил, жижиг, дунд гэж 3 ангилж өгч байна. Гэхдээ ангилалыг 3 болгосон ч борлуулалтын орлого амьдралд нийцэхгүй байна гэж үйлдвэрлэгчид үзэж байгаа. Яагаад гэвэл 2007 онтой харьцуулахад долларын ханш өссөн, тухайн үеийн ажиллах хүчний цалин ч нэмэгдсэн байна. Тиймээс энэ борлуулалтын орлогыг эрс нэмэгдүүлэх шаардлагатай байгаа юм. Орлогын албан татварын хуулинд 6 тэрбум төгрөг хүртэлхийг 10 хувь гээд 6 тэрбумаас дээш давсан ашигтай байгууллагыг 25 хувиар тооцож татвар төлдөг. Тэгэхээр үүнтэй уялдуулж жилийн борлуулалтын орлогыг 6 тэрбум төгрөг хүргэж өсгөх шаардлагатай байна. Хоёрдугаарт бол бичил жижиг үйлдвэрлэгчид яаж өсч дэвшихэд төрөөс хэрхэн дэмжих, зээл тусламж, хөнгөлөлт чөлөөлөлт ямар байх вэ? гэдэг нь энэ хуулинд учир дутагдалтай харагдаж байгаа. Хуулинд жижиг дунд үйлдвэрлэлийг хариуцсан агентлаг бие дааж гаргахаар болсон. Гэхдээ энэ агентлаг ганц сайдын харьяанд явах гэж байгаа. Тэгэхээр манай холбооны зүгээс энэ агентлагыг ерөнхий сайд мэдэлдээ авах хэрэгтэй гэсэн саналыг оруулж байгаа юм. Учир нь 2009 оноос хойш 10 жилийн хугацаанд жижиг дунд үйлдвэрлэлийн асуудал 5 яам дамжсан байдаг. Үүнээс гадна ерөнхий сайдын дэргэд жижиг дунд үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгчдийн зөвлөл байгуулах хэрэгтэй. Энэ зөвлөлөөр дамжиж хөрөнгө оруулалт хийдэг, бодлого боловсруулдаг байх хэрэгтэй. Дээр нь зөвлөлийн 60 хувь нь төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоодын төлөөлөл байлгах хүсэлтийг уг зөвлөмжид оруулж өгсөн байгаа юм.

Ц.БУМЦЭНД: БАЯЛАГ БҮТЭЭГЧДИЙГ ДЭМЖИХ ХОЛБОО-НЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮН

Форумын үеэр жижиг дунд үйлдвэр үйлчилгээг дэмжих сангийн талаар баялаг бүтээгчид санал бодлоо тусгаж байсан. Зээлийн бодлогоос гадна үйлдвэрлэгчдэд ямар бодлого шаардлагатай байна вэ?

-Манай зохион байгуулсан форум дээр олон яригдсан зүйлийн нэг нь жижиг дунд үйлдвэр үйлчилгээ эрхлэгчдийг дэмжих сангийн асуудал байсан. Жижиг дундын сан дээр бид 3 зүйлийг нэмж оруулсан байгаа. Бичил болооод жижиг бизнес эрхлэгчдэд зээлийн сангаас  30 хувийг харин дунд бизнес эрхлэгчдэд 40 хувь гаргахыг тусгах санал оруулсан байгаа. Мөн дээрээс нь жил болгон зээлийн санхүүжилт авсан ААН-н үйл ажиллагаанд хяналт тавин ажиллах саналыг тусгасан. Үйлдвэрлэгчид бидэнд зээлийн бодлогоос гадна тулгамдсан асуудлууд байсаар байна. Тухайлбал жижиг дунд бизнес эрхлэгчдийн хүний нөөцийн асуудал байна. Форумын үеэр ч үйлдвэрлэгчид хүний нөөцийн асуудлыг ярилцсан. Асуудлын гол нь юу вэ? гэвэл  их дээд сургуулиудад яг мэргэжилтэй ажилтан бэлтгэх  чиглэлийн сургуулиудыг чадавхжуулах шаардлага байна. Мөн үйлдвэрлэгчид бидний хувьд төр бол хамгийн том худалдан авагч нь байх ёстой гэж үздэг. Тиймээс төрийн өмчийн байгууллагууд үндэсний үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг  худалдан авч борлуулалтаар нь дэмжих хэрэгтэй.

-Энд нэг зүйлийг нэмж хэлэхэд Тендэрийн хуультай холбоотой олон асуудлыг үйлдвэрлэгчид шүүмжилдэг. Тэгвэл уг хуулийг дагаж гарах тендэрийн тухай хуулинд нэмэлт өөрчлөлт орох юм. Энэ хуулинд “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо”-оос төрийн худалдан авалтын 10 хувийг жижиг дунд үйлдвэрлэгч, баялаг бүтээгчдээс ав. Хэрэв үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжиж худалдан авалт хийдэггүй бол тэр хүнд хариуцлага тооцдог бай гэсэн саналуудыг форумд оролцогчид хэлж байсан.

Жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо” маш идэвхитэй оролцож байна. Цаашид үйлдвэрлэгчдийнхээ эрх ашгийг хамгаалсан ямар ажлуудыг хийхээр төлөвлөсөн байгаа вэ?

-2018 оны 7-р сарын 25-нд “Баялаг бүтээгчдийн чуулган”-ыг бид Үндэсний хөгжлийн газартай хамтран зохион байгуулах гэж байна. Энэ чуулганаар Жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих тухай хууль, Баялаг бүтээгчдийг дэмжих багц бодлого хуулийн төслүүд дээрээс нь бид /Bayalagbuteegch.mn/ вэд сайтыг нээлээ. Шинэ засгийн газраас баялаг бүтээгчдийг дэмжсэн бодлогыг их явуулж байна гэж манай холбооны зүгээс харж байгаа. Тиймээс төр засгаас анхаарч байгаа энэ үед мэргэжлийн холбоодууд идэвхитэй байж хуулийн төслүүдэд санал оруулж явах хэрэгтэй.

2018 оны 7-р сарын 25-нд “Баялаг бүтээгчдийн чуулган”-ыг зохион байгуулах гэж байна

-Баялаг бүтээгчдийг дэмжих холбооноос явуулж байгаа бодлогын хүрээнд “Жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл”-д бид санал оруулж УИХ-ын 76 гишүүнд зөвлөмж хүргүүлж байна. Цаашид бид Татварын хууль, Зөрчлийн хууль, Тендэрийн хууль, Хөдөлмөрийн тухай хууль зэрэгт “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо” дуу хоолойгоо өргөж хэлэлцүүлэг өрнүүлэн идэвхитэй оролцоно.

Ярилцсан танд баярлалаа.