Бөөнцагаан нуур руу цутгадаг Байдрагийн гол тасарч, Баянхонгор аймгийн экосистемд аюул учирч голын ай саваар нутаглан амьдардаг нутгийн малчид, зэрлэг ан амьтад уух усгүй болжээ. Энэ голд амьдардаг давжаа сугас загас нүүдлээ үргэлжлүүлж, түрсээ шахаж чадахгүй үй олноороо шахцалдан түрсээ шахацгааж, шувууны хоол болж байна. Нэгэн алтны уурхай Байдрагийн голыг таслан алтаа угааж байгаа учраас ийм байдалд хүрсэн талаар нэгэн иргэн фэйсбүүк хуудастаа бичжээ.
Бид энэ талаар Баацагаан сумын Байгаль орчны улсын байцаагч Б.Эрдэнэбатаас тодруулахад “Байдраг гол тасраад бараг сар болж байна. Энэ жил манай нутагт бороо хур багатай гандуу байна. Ганцхан манай сум ч биш, Баянхонгор аймгийн нутаг тэр чигээрээ гандуу байна. Хавраас хойш нэг ч удаа хур бороо орсонгүй. Хэд хоногийн өмнө Бөөнцагаан нуурын эрэг хавиар явахад үхсэн загас харагдахгүй байсан. Гэхдээ таны өгсөн мэдээллийн мөрөөр Байдрагийн голын Бөөнцагаан нуур руу цутгадаг хэсэг рүү очиж үзээд Даваа гаригт дахин мэдээлэл өгье” гэсэн юм.
Байдраг голын урсгал тасарч, хүн мал ундаалах усгүй болсон нь уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой гэвэл том эндүүрэл байх. Учир нь Баянхонгор аймгийн иргэд өнгөрсөн есдүгээр сард Улаанбаатарт ирж хэвлэлийн бага хурал хийх үеэрээ “Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх эдийн засгийг сэргээх зорилгоор “Алт-2” хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш орон нутагт олон сөрөг үр дагавар ажиглагдах болсон.
Нутгийн малчид өвөлжөө бууцгүй, малаа адгуулах бэлчээргүй, булаг шанд нь ширгэж уух усгүй боллоо. Нутгийн малчид нүд халтирам сэндийчиж онгичсон нутагтай хоцорч байна. Баянхонгор аймгийн Байдрагийн голын сав дагуу нөхөн сэргээлт нэрийн дор алтны уурхай олноор бий болж байгаль орчин, ан амьтанд ноцтой хор хөнөөл учруулж байна. Байдраг голын сав дагуу өнөөдрийн байдлаар 25 уурхай ажиллаж байгаагийн ихэнх нь өмнө нь ашиглалт явуулж байгаагүй эрүүл газар” хэмээн нутгийн иргэд мэдээлж байлаа.
Байдрагийн гол ширгэж үгүй болсноор Монгол орны, мөн Төв Азийн экосистемд өөрчлөлт орж ямар их хор хөнөөл учруулахыг таамаглах аргагүй юм. Энэ гол Заг, Жаргалант, Бөмбөгөр, Баацагаан, Бууцагаан гэсэн таван сумын хүн, малыг ундаалаад, Бөөнцагаан нуурт цутгадаг. 270 гаруй километр урттай энэ голын эрэгт алт олборлосноор ус нь газрын гүн рүү шургаж, Монгол орны ширгэсэн голын тоог нэгээр нэмэх юм биш биз гэсэн халаглал төрж байна.