

Хөрөнгө оруулалттай холбоотой хууль тогтоомж, бодлогын баримт бичгийг боловсруулах, батлах явцад Төрийн болон хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын оролцоог ижил түвшинд хангах, аливаа байдлаар эрх ашиг нь хөндөгдөж байгаа хувийн хэвшил, төрийн бус байгууллагуудын дуу хоолойг нээлттэйгээр сонсож, хүлээн авч, бодлого, үйл ажиллагаандаа тусгах зорилготой, байнгын үйл ажиллагаатай “Төр, хувийн хэвшлийн зөвлөлдөх хороо”-г Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөлийн дэргэд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын 2017 оны 320 дугаар тушаалаар байгуулсан байдаг.
Тус Зөвлөлдөх хорооны даргаар төрийг төлөөлөн Үндэсний хөгжлийн газрын дарга, дэд даргаар хувийн хэвшлийг төлөөлөн Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын дарга нар тус тус ажиллаж байна. Харин хорооны гишүүдэд ГХЯ, УУХҮЯ, ХХААХҮЯ, СЯ, Монголын Бизнесийн Зөвлөл, МУУҮА, Улаанбаатар хотын Худалдааны танхим зэрэг холбогдох яам, агентлаг, хувийн хэвшил, төрийн бус байгууллагуудын оролцоог ижил түвшинд ханган 20 гишүүн байгууллагатайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Тэгвэл 2018 оны 6 сарын 8-ны өдрийн ЗГХЭГ-ын даргын 210 тоот тушаалаар Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны тэргүүнийг Төр, Хувийн Хэвшлийн Зөвлөлдөх хороонд шинээр нэмж оруулах шийдвэр гаргажээ. Ингэснээр Төр, хувийн хэвшлийн зөвлөлдөх хороонд мэргэжлийн холбоодын төлөөлөл болж "БАЯЛАГ БҮТЭЭГЧДИЙГ ДЭМЖИХ ХОЛБОО" нэмэгдэж байна.
2018 оны 6 сарын 8-ны өдрийн ЗГХЭГ-ын даргын 210 тоот тушаалаар Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны тэргүүнийг Төр, Хувийн Хэвшлийн Зөвлөлдөх хороонд шинээр нэмж орууллаа


Төр, хувийн хэвшлийн хэлэлцлийн механизмын гол зорилго, оролцогч талуудын чиг үүрэг, хүрэх үр дүн, оновчтой зохион байгуулалт, хэлбэрийг зөв зүйтэйгээр тодорхойлж хөгжүүлснээр нь төр, хувийн хэвшлийн хоорондын итгэлцлийг бэхжүүлэх, төрийн ил тод байдлыг хангах, хувийн хэвшилд тулгамдаж буй асуудлыг нээн илрүүлэх, түүнийг бодлогын түвшинд хамтран шийдвэрлэхэд чухал хүчин зүйл болдог.
