Үлийн цагаан оготно хурдан үрждэг. Өөрөөр хэлбэл үржилд орсон гөлчгий сарын дараа гэхэд дараагийн үржилд орох чадвартай болдог байна. Нэг удаа 16-20 зулзага гаргадаг гэж бодохоор маш хурдтай өсдөг гэсэн үг юм.
Нэг оготно хавар, намар, зуны хугацаанд 100-150 болж үрждэг бөгөөд 1.5 жил насалдаг байна. Тиймээс үлийн цагаан оготныг жил бүр устгахаас өөр аргагүйд хүрдэг билээ. Өнгөрсөн онд 473 мянган га газарт үлийн цагаан оготно устгах ажилд 756.5 сая зарцуулсан тухай холбогдох яамнаас мэдээлж байв.
Энэ жил Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны А-31 дугаар тушаалаар үлийн цагаан оготнотой байгаль орчинд халгүй аргаар тэмцэх ажлыг орон нутагт зохион байгуулахаар болсон билээ.
Түүнээс зөвхөн Архангай аймагт гэхэд тус аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга 11 сумын Засаг дарга нартай уг ажлыг зохион байгуулах гэрээ байгуулжээ. Энэ жил Архангай аймгийн Батцэнгэл, Эрдэнэмандал, Хайрхан, Хангай, Хашаат, Ихтамир, Жаргалант, Өгийнуур, Цахир, Цэцэрлэг, Өлзийт, Өндөр-Улаан сумын нийт 58 мянган га талбайд улсын төсвийн хөрөнгөөр үлийн цагаан оготнотой тэмцэх ажил зохион байгуулсан байна.
Энэ ажлын хүрээнд Архангай аймгийн Хайрхан суманд нэг сарын хугацаанд үлийн цагаан оготно устгах ажлыг Сумын засаг даргын тусгай томилолтоор эхлүүлж дуусгажээ.
Энэ талаар тус сумын Засаг даргын орлогч М.Занабазараас тодрууллаа. Тэрбээр “Манай аймагт үлийн цагаан оготны тархалт их байсан. Бид улсаас төсөвлөсөн мөнгөөр механик утлагын багаж болон бусад хоолой, хөдөлмөрийн багаж авсан. Мөн оролцож байгаа иргэдийг цалинжуулахад зарцуулсан. Утлагын багаж хэрэгсэл авахад ойролцоогоор 4 сая төгрөг зарцуулсан. Одоогоор үлийн цагаан оготно манай суманд бараг байхгүй болсон гэж хэлж болно” гэлээ.