

“Улсаа аврах ард түмний үндэсний хөдөлгөөн” ТББ тэргүүтэй иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл Оюутолгой ХХК-ийн гүйцэтгэх захирал Армандо Торрест өнөөдөр дахин дөрөв дэх шаардах бичгээ хүргүүллээ.Өмнө нь гурван удаа “Оюутолгой 51” хувийг Монголын талд өгөхийг шаардаж байсан бол өнөөдөр дөрвөн асуудлаар шаардах бичиг хүргүүлж байгаагаа А.Эрдэнэбаяр, Б.Жагар нар мэдэгдлээ.

ТББ-ын удирдах зөвлөлийн дарга А.Эрдэнэбаяр “Манай төрийн байгууллагаас ээлжит хэвлэлийн хурлаа хийлээ. Оюутолгой компани Монголын ард түмнийг, Монголыг өргүй болгох баталгаа гаргаж өгөх ёстой гэсэн шаардлагыг удирдах албан тушаалтнуудад нь тавьж байна. Мөн Ерөнхийлөгч, ҮАБЗ-ийн тэргүүн Х.Баттулга, Ерөнхий сайд, УИХ-ын дарга, гишүүдэд хүргүүлнэ" гэв.

Улсаа аврах үндэсний хөдөлгөөний ТББ-ын Ерөнхий зохицуулагч Б.Жагар “Яагаад баталгаа гаргуулах тухай ийм шаардлага гаргаж өгч байгаа талаар хэлэхэд Оюутолгой компани баталгаа гаргах үндэслэлийг өөрсдөө гаргаж өгсөн. 2018 оны зургадугаар сарын 25-нд Оюутолгой компанийг шалгах ажлын хэсэгт ажилласан хүмүүсийн төлөөллийг цагдаад өгч шалгуулсан. Биднийг гүтгэсэн гүжирдсэн гэж шалгуулж байгаа юм билээ. 1-т Өмнөд Африкийн банкинд 100 хувь Оюутолгой компанийн лицензийн эрх шилжүүлж өгсөн гэдгийг гүтгэлэг гэж үзсэн байгаа юм. 2-т Уурхайн хаалтын ажиллагаа буюу уурхайг ашигласны дараа цөмийн хог хаягдал булшлах эсвэл атомын цахилгаан станц барина гэж ярьсан нь гүжирдлэг гэсэн юм.

Мөн УИХ-ын гишүүн Гарамжавын хүргэн Алтаннар гээд хүний оронд Түмэнцогт гэж хүн компанийн ТУЗ-д орсон бөгөөд энэ хүний нэр төрд халдаж гүтгэж доромжилж байна гэж биднийг цагдаад шалгуулсан. Одоо хэрэг нь прокурорт шилжсэн байгаа юм билээ. Хэрвээ эдгээр зүйлсийг гүтгэлэг гэж үзэж байгаа юм бол одоо нотлох ёстой. Жагар, Эрдэнэбаяр, Бээжин, Энхбат гэх хүмүүс өөрсдөө үнэнийг яриад байгаа. Тэгэхээр Оюутолгой компани баталгаа бичиг гаргах ёстой.

Тухайлбал: Монгол Улс ирээдүйд Оюутолгой төслөөс болж ямар нэгэн өр зээлд орохгүй гэсэн баталгааг гаргаж өгөх ёстой. Эсвэл өрөнд орвол хөрөнгө оруулагч тал өөрсдөө хариуцлагаа хүлээнэ гэсэн баталгаа гаргаж өг. Мөн уурхайг ашигласны дараа цөмийн хог хаягдал булшлахгүй гэсэн баталгааг ч гаргаж өгөх ёстой. Түүнчлэн Монгол Улсын иргэний эрх ашгийг ноцтой зөрчсөн Оюутолгой хөрөнгө оруулалтын гэрээг нэн даруй цуцлаж өгөхийг шаардаж байна. Хэрэв бидний тавьсан шаардлагын хариуг ажлын 3 хоногийн дотор өгөхгүй бол компанийн гадаа тэмцлээ үргэлжлүүлнэ” гэлээ.
