m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2018.07.25 01:30
673
Сүүлийн таван жилд эмэнд дасалтай сүрьеэ 150-400 болтлоо өсч байна

Эмийн зохисгүй хэрэглээ нь дэлхий даяар томоохон асуудал юм. Манай улс “Эмчилгээний өндөр идэвхтэй, аюулгүй чанарын баталгаатай эм, био бэлдмэлийг хэрэглэх нөхцөлийг бүрдүүлэх, хүн эмнэлэг, мал эмнэлгийн байгууллага болон хүн амыг шаардлагатай эмээр тасралтгүй жигд, хүртээмжтэй хангаж, түүний зохистой хэрэглээг төлөвшүүлэх нь Монгол улсын эмийн талаар төрөөс баримтлах  бодлогын  эрхэм  зорилго  мөн”  хэмээн  тодорхойлдог байна. 2015 оны байдлаар манай улсад 1496 эмийн сан, 32 эмийн үйлдвэр, 160 эмийн бөөний төв байна гэж бүртгэгдсэн байна. 1994 оноос хойш 55 орны 485 гаруй үйлдвэрт үйлдвэрлэгдсэн 3600 гаруй төрлийн эм Улсын бүртгэлд бүртгэгдэж жилд дунджаар 591 төрлийн эм шинээр бүртгэгджээ.Нийт эмийн 23 хувийг дотоодод үйлдвэрлэдэг, зайлшгүй шаардлагатай 200 төрлийн эмийн 60 гаруй төрлийг дотооддоо үйлдвэрлэдэг. ОХУ, Энэтхэг, БНХАУ, Герман зэрэг гаднын 40 гаруй орноос 800 төрлийн эмийг импортоор авч байна. Нийт импортолж буй эмийн 25 хувийг антибиотик, 15 хувийг тарилгын хэлбэртэй эмүүд эзэлж байна. 

 

Эм гэдэг нь аливаа өвчнийг эмчлэх зорилгоор тодорхой тун хэмжээгээр хэрэглэдэг онцгой бүтээгдэхүүн. Эмийг зөв сонгож, зөв хэрэглэж байж л хүссэн үр дүндээ хүрч чадна. Эмийг зохистой хэрэглэхийн тулд эмийн талаар мэдлэгтэй байх нь чухал. Эм нь зөвхөн жороор олгодог аюултай бүтээгдэхүүн юм. Эмийг зохисгүй хэрэглэснээр эмийн хордлого, харшил, дархлаа сулрах мөөгөнцөр, эмийн дасал, ургийн гажиг зэрэг бусад олон төрлийн өвчнөөс гадна ирээдүй хойч үеийг мөхөөх хүртэл сөрөг үр дагавартай гэлээ. Сүүлийн жилүүдэд антибиотикийн хэрэглээ эмч, мэргэжилтнүүдийн санааг чилээх болсон. Энэ асуудлаар эмч нар дараах зүйлийг ярьж байна. “Дур мэдэн эм ууснаас болоод дараа нь ямар ч антибиотик уусан эмчлэгдэх боломжгүй болох аюул ойрхон байна. Сүүлийн үеийн судалгаагаар 2030 он гэхэд одоогийн хэрэглэж байгаа антибиотикт бүх нян тэсвэртэй болох нь гэсэн дүгнэлт хийцгээж байна. Хүн төрөлхтөн ямар эмийг сонгож нянг эсэргүүцэх талаар одоо ярьж эхэлж байна. Эцэг эхчүүд хүүхдийнхээ хамраас нус гоожингуут антибиотик хэрэглэх биш дархлааг нь сайжруулж, вирусийн эсрэг эм хэрэглэх ёстой. Хүчтэй антибиотикийг аль болох битгий хэрэглээч. Хэрэв хэрэглэвэл эмчийн заасан цагт, тохирсон тунгаар эмчлээч. Ингэхгүй бол эргээд таны эдийн засаг, эрүүл мэндэд хортой. Антибиотикт өрхийн орлогынхоо 20 хувийг зарцуулж байгаа судалгааны дүн бий. Эмийг зохистой хэрэглэснээр эрүүл мэндээ хамгаалаад зогсохгүй эдийн засгийн асар их хэмнэлт гаргах болно. Антибиотик дархлааг алга болгодог” гэв. 
 

Тэгвэл Антибиотикт дасал үүссэн байдлыг Монголд хэр судалсан тухай лавлахад “Эмийн салбарын ил тод байдлын түншлэл” төрийн бус байгууллагын тэргүүн О.Батбаяр сүрьеэгийн эмийн жишээн дээр тайлбарлав. Антибиотик эмийн дасал үүсэх аюултай тулгараад байгаа салбар бол сүрьеэ. Эмэнд тэсвэртэй сүрьеэгийн тоог бодитой гаргаж чаддаг. Сүүлийн таван жилд эмэнд дасалтай сүрьеэ 150-400 болтлоо өсч байна. Эмэнд тэсвэртэй сүрьеэгээр өвдсөн хүмүүс хоёр жилийн турш маш хүчтэй химийн эмчилгээтэй төстэй 6000-10000 долларын өртөгтэй эм хэрэглэхэд хүрч байгаа. Зохисгүй хэрэглээ амь насанд эрсдэл үүсгэнэ. 2040 онд бид настай болоод өвдгөндөө хагалгаа хийлгэх гэхээр үрэвслийн эсрэг хэрэглэх антибиотик байхгүй болох эрсдэл байдаг гэнэ.Иймээс хүн амын  дунд ихээхэн аюул учруулж буй эмийн тэр дундаа антибиотикийн хэрэглээг багасгах арга хэмжээг яаралтай авч хэрэгжүүлэх зайлшгүй шаардлага тулгараад байна.