Монгол Туркийн хамтарсан “Улаанбаатар Эмпати” сургуулийн захирал, Турк улсын иргэн Вэйсел Акчай /Veysel Akcay/-г өнөөдөр /2018.07.27/ 13.00 цагийн орчимд хулгайлсан гэх мэдээллийг бид өмнө нь мэдээлсэн.
Дээрх хэрэгтэй холбогдуулан "Чингис хаан" олон улсын нисэх онгоцны буудалд буугаад байгаа Турк улсын тусгай үүргийн онгоцыг уг асуудлыг тодорхой болтол нисгэхгүй байх чиглэлийг Гадаад Харилцааны Яамнаас холбогдох байгууллагуудад өгсөн гэж мэдээллсэн. Харин тус сургуулийн төгсөгчид болон олон нийт тус онгоцоор Вэйсел Акчай-г авч явах гэж байна гэж үзэж байгаа учир нисэх онгоцны буудал дээр цуглаж уг асуудлыг үнэн зөвөөр шийдвэрлэж өгөхийг холбогдох албадаас хүсч байгаа юм.
Монгол, Туркийн хамтарсан “Улаанбаатар эмпати” сургуулийн ерөнхий захирал Б.Ганбат 17:00 цагийн үед сэтгүүлчдэд өгсөн мэдээлэлдээ:"Одоо Чингис хаан олон улсын нисэх талбайд байгаа “ТД-40, 10 дугаартай онгоцыг серээр нь хөөж үзвэл 2017 оны есдүгээр сарын 27-нд Казахстан дахь Турк сургуулийн захирлыг баривчилж, авч явж байсан онгоц байна. Хөшигийн хөндийд зогсолт хийхээр буусан юм байна. Гэхдээ газрын зөвшөөрлийг авахдаа Станбулаас-Улаанбаатар, Улаанбаатараас Станбул гэж авсан байна” гэсэн мэдээллийг өгсөн.
Алдагдсан гэх Вэйсел Акчай 9962.... гэх өөрийн нэр дээр бүртгэлтэй дугаараас залгалаа.
Харин 18:30 цагийн үед өгсөн мэдээлэлдээ: "Алдагдсан гэх Вэйсел Акчай захирал сая 9962.... гэх өөрийн нэр дээр бүртгэлтэй дугаараас залгалаа. Ярьсан зүйлийг нь та бүхэнд орчуулбал "Айж эмээх зүйл байхгүй, би таньдаг хүмүүстэйгээ байна. Наанаа байгаа хүмүүсээ тайвшруул. Надад санаа зоволтгүй" гэж хэлээд утсаа тасаллаа.Мэдээж аюулгүй байгаа бол саашаалтай хэрэг. Гэхвч ярьж байгаа дууны өнгө нь аюулгүй байна гэж хэлэхэд бэрхтэй сонсогдлоо. Гар утас руу эргэн залгахад "Холбогдох боломжгүй" болсон байна гэх мэдээллийг хэвлэлийнхэнд өглөө.
БНТУ-ын иргэн Вэйсел Акчайгийн гэр бүлийн өмгөөлөгч Б.Баатарсайхан сэтгүүлчдэд өгсөн мэдээлэлдээ:"Энэ онгоц ямар зорилгоор Улаанбаатар хотод ирснийг хууль хяналт хариуцсан байгууллагууд нь тогтоож, ар гэрийнхний хардлагыг нэг мөр болгох үүрэгтэй гэж үзэж байна. Өмгөөлөгчийн хувьд хил хамгаалах байгууллагуудад болон Хууль зүйн яаманд гомдлоо гаргаад байгаа.
Өнөөдөр үл мэдэдэгдэх шалтгаанаар Турк улсын иргэнийг хулгайлж буй явдлыг цагдаагийн байгууллага шалгаж, Прокурорын байгууллага хяналт тавиад явж байна. Онгоц ирээд буцаж нисэх гэж байгаа нь иргэн хүн төдийгүй, ар гэрийнхэнд нь хардлага төрүүлж байна. Үүнд Монгол Улс ямар нэгэн байдлаар албан ёсны хариу өгөх ёстой.
Энэ хүн Турк улсын иргэн, Монгол Улсын хуульд заасан эрүүгийн гэмт хэрэгт огт шалгагдаж байгаагүй. Хуулийн дагуу Монгол Улсад оршин сууж байгаа иргэн. Түүнийг хүч хэрэглэж хулгайлсан нь аль улсын иргэн байсныг бид мэдэхгүй. Холбогдох газар нь шалгаж байгаа. Тиймээс хянан шалгах журамд заасны дагуу ажиллагаа явж байгаа гэж бодож байна. Бидний хувьд хүсэлтээ гаргасан. Ар гэр нь цагдаагийн байгууллагад мэдүүлгээ өгсөн.Бүхэл бүтэн тусгаар тогтносон Монгол Улсын хууль дүрмийг болон олон улсын гэрээ конвенци зөрчөөд хилээр нь хэн нэгнийг аваад гарна гэдэгт би хуульч хүний хувьд итгэхгүй байна.Монгол Улс Турк улстай эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээтэй. Аливаа хүн гэмт хэрэг хийсэн бол хууль дүрмийн дагуу явах естой" гэлээ
“Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд Монгол, Туркийн хамтарсан сургуулийн төгсөгчид, тус сургуулийн багш ажилчид ирсэн байсан юм. Тэдний нэг болох “Улаанбаатар эмпати” сургуулийг 2006 онд төгссөн З.Дэлгэрмэндээс багшийнх нь тухай тодрууллаа.
Тэрбээр “Туркийн хөрөнгө оруулалттай сургууль анх Дархан-Уул аймагт байгуулагдахад Вэйсел Акчай захирал маань багшаар ажиллаж эхэлсэн байдаг. Шавь нартаа хайртай, Монголд элэгтэй, бидний бахархал болсон хүн. Турк сургуулиудын сургалтийн чанар өнөөдөр улсад тэргүүлдэг. Энэ бол яах аргагүй Вэйсел Акчай багшийн маань хөдөлмөр сэтгэл юм. Шавь нартаа хамгийн сайн боловсролыг олгохын төлөө Турк сургууль байгуулагдсан үеэс өнөөг хүртэл шамдаж ирсэн. Энэ хичээл зүтгэлийг сургуулийг маань төгссөн мянга, мянган шавь нар батална. Та бүхэн энд ирсэн хүмүүсийг харж байна. Вэйсел Акчай багшид маань муу юм тохиолдох вий гээд санаа зовоод ажлаа хийж чадалгүй энд ирсэн. Сургууль маань эрдэм мэдлэгийг дээдэлж ирсэн. Хэзээ ч шашны болон терроризмын чиглэлээр хичээл зааж байгаагүй, үүнийг суралцан төгссөн бүх хүмүүс гэрчилнэ. Бид өнөөдөр зөв хүн болж төлөвшсөн нь энэ хүний олгосон хүмүүжил, боловсролтой холбоотой.Гадаадад суралцаж байгаа оюутнуудаа ажлын томилолтоор ирэхдээ байнга эргэдэг, тийм л хүн байсан. Бид багшийнхаа төлөө маш их санаа зовж байна” гэлээ