

УИХ-ын гишүүн Н.Оюундарь ХБНГУ-аас хүрэлцэн ирсэн “Хил хязгааргүй эмч нарын нийгэмлэг”-ийн эмч нартай хамтран Сэлэнгэ аймгийн иргэдэд шүд, амны хөндийн үзлэг, эмчилгээ, үйлчилгээ үзүүлжээ. Тус эмчилгээний ажилд 26 эмч 14 хоногийн турш Сэлэнгэ аймгийн Хүдэр, Жавхлант, Алтанбулаг, Шаамар, Дулаанхаан, Сүхбаатар, Мандал, Хөтөл, Сайхан сумдад ажиллаж, 8500 гаруй иргэний шүд, амны хөндийг үзэж, анхан шатны тусламж, эмчилгээ хүргэсэн байна.

Энэ талаар УИХ-ын гишүүн Н.Оюундарь хэлэхдээ “Хил хязгааргүй эмч нарын нийгэмлэг” төрийн бус байгууллага манай улсад 12 дахь жилдээ ажиллаж байна. Тус байгууллага энэ үйл ажиллагаандаа хагас тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг зарцуулсан байдаг. Өмнө нь Баянхонгор, Говь-Алтай, Хөвсгөл, Төв зэрэг аймагт ажилласан. Ирэх жил мөн зарим аймаг, сумдад ажиллуулахаар ярилцаж байна" гэжээ.

Мөн ХБНГУ-д 0-18 насны хүүхдийн шүд, амны хөндийг эрүүл байлгах нь Засгийн газрын бодлогын нэг хэсэг байдаг. Эрүүл ахуйн сургалт, зөвлөгөөг энэ насныханд тогтмол хүргэдэг. Шүдний цооролтоос хамгаалах сайн чанарын түрхлэгийг 0-18 нас хүртэлх насны бүх хүүхдийн шүдэнд түрхдэг” хэмээн ярьсан байна.
