

Өвөрхангай аймгийн Баянгол сумын гуравдугаар багийн иргэн Г-ийн эзэмшлийн цэнхэр өнгийн "Даюун" маркийн мотоциклийг тус сумын тавдугаар багийн иргэн Б, М нар бүлэглэн хулгайлсныг, мөн Богд сумын долдугаар багийн иргэн М-ийн эзэмшлийн улбар шар өнгийн "Хенсим" маркийн мотоциклийг Богд сумын гуравдугаар багийн иргэн М гэгч хулгайлсныг тус аймгийн цагдаагийн газраас нөхөн илрүүлж, иргэдийг хохиролгүй болгожээ.

Мотоциклийн хулгайн гэмт хэрэг үйлдэгдсэн хамгийн гол шалтгаан нөхцөл нь иргэд өөрсдийн эд зүйлдээ хайхрамжгүй хандсан, мотоциклио түгжихгүй хашааны гадаа удаан хугацаагаар орхисон зэргээс болсон байна. Иймд иргэн та өөрийн мотоциклийг хашааны гадаа орхихгүй байх, түгжих, улсын дугаар авч, арлын дугаарыг бүртгүүлэх зэргээр гэмт халдлагад өртөхгүй байх бүрдүүлж, хулгайчид боломж олгохгүй байхыг Өвөрхангай аймгийн цагдаагийн газраас мэдээлж байна.
