Зүүнхараа дахь ачааны вагон засварын депо, шинэ засварын цехтэй боллоо. Ингэснээр вагон засварын цехийн хүчин чадал тавин хувиар нэмэгдэж гадагшаа урсдаг байсан зардлыг хэмнэж байгаа хэрэг гэж албаныхан онцолжээ.
Тус засварын цехийн тоног төхөөрөмжүүдийг дотооддоо угсарсан байна. Тодруулбал: ОХУ-аас авдаг байсан вагон өргөх цахилгаан домкрат, эд ангийн шахуурга, тэргэнцэр эргүүлэгч төхөөрөмж зэрэг 37 нэр төрлийн тоног төхөөрөмжийг өөрсдөө үйлдвэрлэн суурилуулжээ. Хүний ажиллагааг хоёр дахин хөнгөвчилсөн бүрэн тоног төхөөрөмж бүхий шинэ засварын цех ашиглалтад орсноор засварын цехийн хүчин чадал нэмэгдэж өдөрт 12 вагон буюу жилд 3900-4200 вагоныг засвараас гаргах боломжтой болж байгаа юм.
Мөн хуучин засварын цехээ ашиглан нэг талд нь дугуй засвар, нөгөө талд нь хос дугуй засварын цех нээхээр төлөвлөсөн байна. ОХУ-руу явуулж засуулдаг байсан засварыг эх орондоо хийх, засварын ажилд зарцуулдаг 3,2 тэрбум төгрөгийг 40 хувиар багасгах боломжтой гэлээ.
Цехийн нээлтийн үеэр засварын цехийг барьж байгуулах тоног төхөөрөмжийг зохион бүтээж суурилуулах ажилд гар бие оролцсон замчдыг хүндэт төмөр замчин, төмөр замын алдар, тэргүүний төмөр замчин цол тэмдгээр шагнаж урамшууллаа.