m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.06.02 01:28
251
"Залуу зохион бүтээгч 2014" уралдаанд хөдөө, орон нутгийн залуус тэргүүлэв

Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор жил бүр зохион байгуулдаг “Залуу зохион бүтээгч 2014” улсын уралдааны шилдгүүд тодоржээ. Эхний шалгаруулалт аймаг тус бүрт болж, тэндээс шалгарсан хүүхэд залуус улсын уралдаанд оролцсон нь энэ арга хэмжээний цар хүрээг өсгөлөө гэж Ерөнхий сайд Н.Алтанхуяг хэлээд орон нутагт энэхүү уралдааныг амжилттай зохион байгуулсан аймгийн удирдлагуудад баяр хүргэсэн юм. Энэ жил тус тэмцээний эхний 15 байранд  хөдөө, орон нутгаас  олон хүүхэд шалгарч эхний гурван байрт малчид, тариаланчидад хэрэгтэй зүйл зохион бүтээсэн залуус шалгарсан юм.

“Залуу зохион бүтээгч 2014” уралдааны шилдгүүдэд Ерөнхий сайд шагнал гардуулахдаа “Монгол хүүхэд, залуучуудын сэтгэн бодох, зохион бүтээх чадвар жилээс жилд өсч байгааг харуулсан уралдаан боллоо. Шинийг бүтээгч залуучууд та бүхэн монгол эх орондоо илүү ихийг хийж бүтээгээрэй” гэж хэлэв. Уралдааны тэргүүн байрт Говьсүмбэр аймгийн 1 дүгээр сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Б.Бат-Эрдэнэ шалгарч, ШУТИС, МУИС, ХААИС-ийн аль нэгийг сонгож, тэтгэлэгтэй суралцах эрх болон 10 сая төгрөг гардлаа. Тэрбээр бага оврын тракторын хажууд дүүжин их бие буюу цагт 360 боодол өвс ачих ачигч хийсэн юм. Удаах байранд хөдөө орон нутгаас оролцогчид ямаа самнагч болон буудай цайруулагч бүтээлээрээ шалгаржээ. “Залуу зохион бүтээгч 2014” улсын уралдааны шилдэг 15 оролцогчийг шагнаж урамшуулсан байна.