Газар нутгаар нь нүүрс тээвэрлэн, зогсоо зайгүй талхалж байгаа том оврын машинуудын балгаар олон салаа зам буй болж, бэлчээр ихээхэн доройтсоноос ирээдүйд хүн, мал амьдрах нөхцөлгүй болно гэж түгшсэн Өмнөговь аймгийн Ноён, Баяндалай, Гурвантэс сумынхан энэ сарын 3-наас уул уурхайнхантай тэмцэж эхэлсэн байна. Малчид Хөнхөр хацавч хэмээх газарт тайван жагсаж, тус аймгийн баруун талын сумдад үйл ажиллагаа явуулдаг "Жавхлант орд", "Өсөх зоос", "Терра Энержи" зэрэг компанийн хөдөлгөөнийг зогсоон, уурхайнуудыг эхний ээлжинд 140 километр зам тавих шаардлага хүргүүлжээ.
Газар нутгаа гэсэн малчид 20 орчим хоног тэмцсэний үр дүнд Даланзадгад-Баяндалай-гурвантэс чиглэлд зам тавих ажлыг холбогдох байгууллагууд түргэвчлүүлэх болсон байна. Батлагдсан чиглэлийн дагуу зам тавих компанийг даруйхан сонгон шалгаруулахыг Үндэсний хөгжлийн газарт даалгажээ. ЗГХГ-ын даргаар ахлуулсан ажлын хэсгийнхэн Өмнөговийн болон уул уурхайн компанийн удирдлагуудтай зөвлөлдөж энэхүү шийдвэрийг гаргасан байна. Дээрх чиглэлийн дэд бүтцийг шийдсэний дараа Хөнхөр хацавчид бий болсон салаа замуудын хөдөлгөөнийгхааж, шороон замын хоёр талаар суваг шуудуу гарган, зөвхөн хүнд даацын автомашин зорчуулахаар болсон гэв.
Эх сурвалж: Өнөөдөр сонин