m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2018.10.04 08:34
468
Дархан-Уул аймгийн Залуучууд театрын уран бүтээлчид “Гэгээн урлаг гэрэлт ирээдүй” уран бүтээлийн тоглолтоо хүмүүжигч нарт сонирхууллаа

Дархан-Уул аймгийн Залуучууд театрын уран бүтээлчид нийгмийн хариуцлагынхаа хүрээнд ШШГЕГ-ын 435 дугаар хаалттай хорих ангийн нийт бие бүрэлдэхүүн болон хүмүүжигч нарт “Гэгээн урлаг гэрэлт ирээдүй” уран бүтээлийн тоглолтоо 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр сонирхууллаа.

Жил бүрийн 9 дүгээр сарын эхэнд зохион байгуулагддаг "Соёл, урлагийн ажилтны өдөр"-ийг тохиолдуулан Дархан-Уул аймгийн Залуучууд театрын уран бүтээлчид өргөн цар хүрээтэй тэмдэглэжээ. Дан ганц өөрсдөө баярлаад өнгөрөх биш нийгмийн хариуцлагынхаа хүрээнд аймгийнхаа иргэдэд үнэ төлбөргүй өөрсдийн уран бүтээлээ сонордуулахын зэрэгцээ Хаалттай хорих ангийн нийт бие бүрэлдэхүүн болон хүмүүжигч нарт нэг цаг гаруйн тоглолтоо сонирхуулсан байна. Хэдийгээр хорих ангид хүмүүжиж байгаа ч эцэг эх эхнэр хүүхэд ах дүүгээ санагалзах хүмүүжигчдийн сэтгэлийг багахан ч гэсэн дэвтээж чадсан гэдгийг ангийн дарга хэлж байлаа.Залуучууд театрын уран бүтээлчид намар цагийн үзвэрийн нээлтээ 2018 оны 09 дүгээр сарын 15-нд хийж үндэсний урлагийн сайхныг орчин үеийн номеруудтай хослуулан үзэгчдэдээ толилуулсан билээ. Харин энэ удаад анх удаа хүмүүжигч нарт драм, хөгжим, дуу, бүжиг ангийн нийт 53 хүний бүрэлдэхүүнтэй уран бүтээлчид уран бүтээлээ сонирхууллаа. Театрын уран бүтээлчид 5 эгшигт хөгтэй үндэсний хөгжмийн зэмсгээр диско дуунуудыг тоглож таахын аргагүй шинэ мэдрэмжүүдийг эдгээр хүмүүсд өгсөн байна. харин хүмүүжигч нар уран бүтээлчиддээ зориулан Б.Мягмаржавын шүлэг, Ж.Жаргалсайхны ая “Ээжийн цэнхэр нутаг” дугаар ая дууны мэндчилгээ дэвшүүлж талархсан сэтгэлээ илэрхийлсэн юм.