m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.06.02 02:48
432
“Нүхт”-ийг нүхэлсэн “шоргоолжнууд” юунд хүргэх бол

 

"MASS.MN" сайтын хамт олон гүний худгийн асуудлыг онцлох сэдвээр хөндөж байна. Хүн бүхэн дуртай газраа гүний худаг гаргуулж, усыг асар бага үнээр ашигласаар байна. Энэ сэдвээр дархан цаазат Богд уулын нөмөрт байх Нүхтийн амыг онцолж, сурвалжлага бэлтгэлээ.

Жил ирэх бүр газрын гадарга дээрх нуур, гол горхины түвшин багасч, олон нь бүрмөсөн ширгэсээр байна. Өнгөрсөн жилийн өдийд эрэг дээр нь амарч, хүүхэд хөгшидгүй тоглон наадаж, амьтан ургамал нь ундаалж байсан гол дээрээ очиход хоосон сайр угтахтай таарахад гайхах ч хэрэггүй болсон.  Хүний буруутай үйл ажиллагаа үүнд голлон нөлөөлж буй нь хэнд ч ойлгомжтой. Газрын гадарга дээрх усыг нүдэнд харагдаж байгаа болохоор тоолоход, эсвэл хараад харамсахад амархан. Харин ширгэшгүй, дуусашгүй хэмээн бидний тооцдог гүний усны хэрэглээг хэмжих амаргүй. Ялангуяа төв суурин газар, тэр дундаа Улаанбаатар хотын гүний усны хэрэглээ хийгээд түүний хор уршгийг хэрхэн хэмжих хэрэг вэ. Дэлхий нийт усаар гачигдах цаг ойртож, манайд ч гэсэн аюулын харанга дэлдээд буйг сануулах мэргэжилтнүүд байх хэдий ч хуулиндаа, эсвэл ёс зүйн талаас нь харахад “урсдаг алт”-ыг хянах талаар огтхон ч санаа тавьдаггүй нь харваас илт. Үүний тод жишээ бол “элит” зэрэглэлийн хауснууд ээлж дараагаар сүндэрлэж буй “Нүхт”-ийн амыг нэрлэж болно.

Манай сурвалжлах багийг очиход энэ амны газарт тойруулаагүй хашаа, ухаж төнхөөгүй хэсэг гэж  алга болжээ. Төв, муудаж гүйцсэн засмалаар нь л очихгүй бол шороон замаар явбал мухар гудамж, хашаа, хайс,байх нь элбэг болж. Шууд л дундуур нь таслаад босгосон ногоон, эсвэл цэнхэр төмөр хашаанд тулчих вий. “Нүхт”-ийн гүн рүү нь орж үзвэл замын хоёр талаар ярайх том байшингуудын хашаан дотор жорлон шиг жижиг байшин байна. Тэдгээр нь бүгд гүний худаг. Тоолж үзвэл хашаа хатгасан хаус болгоны гадаа буюу 50 метр тутамд нэг гүний худагтай тааралдах юм.

...“Нүхт”-д барилгын ажил нь явагдаж буй нэгэн хотхоны барилгачин залуугаас гүний худаг гаргадаг хүн байна уу гэж асуувал шууд л “Би гаргана шүү дээ хө, манай ах бид хоёрын гүний худаг гаргах зөвшөөрөлтэй компани байгаа. Оффис нь гурвалжингийн гүүрний наад талд байдаг юм” гэж байна. Ийм элбэг байдаг аж. Анхны асуусан хүн л хувиараа худаг гаргаж байхад хяналт тавих битгий хэл тоолж ч амждаггүй болов уу. Үнийн хувьд солонгос өрөм бол нэг метр нь 120 мянган төгрөг гэнэ. Харин орос өрмөөр ухуулвал 150-аас 180 мянга гэнэ. Учир нь  орос өрөм үнэтэй байдаг гэх...


Энд орон сууцны барилга ч их юм. Тэд бүгдээрээ л гүний худгаар тоноглогдсон нь илт.  Ус ашигласны төлбөр гэж авах ёстой ч тийм зүйл байдаггүйг тэнд айлын хашаа манаж буй, харуул хийж буй иргэд хэлсэн. Тэр ч байтугай мөнгөтэй л бол ямар нэгэн зөвшөөрөл авалгүйгээр  компани руу яриад л гаргуулчихдаг болжээ. Энэ бүгдэд хяналт тавих ёстой Нийслэлийн байгаль орчны газар гэж бий л юмсан.

“Нүхт”-ийн аманд гэр хороолол гэж үгүй. Өөрөөр хэлбэл хаа нэг манаачийнхаас өөр монгол гэр олж харахгүй гэсэн үг. Бүхий л айл хаусандаа гүний худаг ухаад халуун хүйтэн устай болгосон байна. Ямар ч усны зохистой хэрэглээ гэж алга. "Томчууд"-ын хаусын манаач нараас улсад гүний худаг ашигласны түрээс төлдөг эсэхийг тодруулахад "Ямар ч түрээс төлдөггүй. Цахилгааны үнэ л  төлдөг" гэх юм билээ. Ёс журмаараа бол Нийслэлийн байгаль орчны газраас гүний худгийн паспорт авах ёстой байдаг гэсэн. Гэвч дээрх зөвшөөрлийг авдаг нь тун цөөн буюу бараг л байхгүй гэсэн үг аж.

Тоо баримт дурдъя. Нийслэлийн нутаг дэвсгэрийн хэмжээнд 2013 оны байдлаар нийт 5331 худаг байна гэсэн дүн гарсан байна.  Нийслэлийн статистикийн газраас өгсөн мэдээллээр нийт худгийн 89.6 хувь нь буюу 4 774 худгийг өрх, аж ахуйн нэгж, байгууллагууд ашигладаг гэжээ. Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт хамгийн их буюу 1309 худаг тоолжээ. Тус дүүргийн  нийт худгийн 63.7 хувь буюу 835 худаг нь зөвхөн 19, 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт буюу зуслангийн газарт байдаг юм байна. Зуслангийн болон гэр хороолол, газар тариалан эрхлэх нутаг дэвсгэр бүхий Баянзүрх, Сонгинохайрхан, Сүхбаатар, Хан-Уул дүүрэгт нийт худгийн 83.3 хувь нь байдаг аж. Одоогийн байдлаар нийслэлийн хэмжээнд гол мөрөн ширгэж, цөөрсөн тохиолдол бага ч энэ  мэтчилэн дур мэдэн хэрэглсээр байвал, арав, хорин жилийн дараа юу гээч болох бол. Харин Улсын хэмжээнд нийт 6646 гол горхи тоологдсоноос устай бүртгэгдсэн 6095 гол горхи байна. Үүнээс 551 гол горхи тасарсан, шургасан ширгэсэн гэсэн судалгаа гарчээ.

Дээрх тоо баримтууд бол улсаас гаргасан тооллого. Гэвч худагтай боловч тэр нь мэдэгддэггүй, эсвэл нуудаг айлууд нөхцөл байдал дээрээ элбэг нь харваас илт.  Түүнээс гадна өдөрт л зуугаар тоологдох хэмжээнд нэмэгдэж байж болохыг бас тооцох хэрэгтэй байх.

Гүний худаг ихээр, нэг газар төвлөрүүлж гаргахын хор уршиг юу вэ. Юуны өмнө тэр хэсгийн хөрсний усыг доошлуулдаг аж. Энэ нь яваандаа газрын гадарга дээрх ургамлыг шим тэжээлээ авч чадахгүйд хүргэнэ. Ойр хавийн ой мод хүнд бараг анзаарагдамгүйгээр ч гэсэн “устаж эхэлдэг”. Бие нь давжаарч, зуу, хоёр зуун жилийн дараа бол ургахаа ч болих л хэрэг аж.

 

“Нүхт”-д барилгын ажил нь явагдаж буй нэгэн хотхоны барилгачин залуугаас гүний худаг гаргадаг хүн байна уу гэж асуувал шууд л “Би гаргана шүү дээ хө, манай ах бид хоёрын гүний худаг гаргах зөвшөөрөлтэй компани байгаа. Оффис нь гурвалжингийн гүүрний наад талд байдаг юм” гэж байна. Ийм элбэг байдаг аж. Анхны асуусан хүн л хувиараа худаг гаргаж байхад хяналт тавих битгий хэл тоолж ч амждаггүй болов уу. Үнийн хувьд солонгос өрөм бол нэг метр нь 120 мянган төгрөг гэнэ. Харин орос өрмөөр ухуулвал 150-аас 180 мянга гэнэ. Учир нь  орос өрөм үнэтэй байдаг гэх. “Нүхт”-д 80 метрээс унданд хэрэглэж болох цэвэр ус гардаг гэнэ. 40 метр өрөмдөөд хаалт хийнэ. Хаалт гэдэг нь газрын гадаргын усыг доош оруулж гүний устай холихгүй зориулалттай нэг арга юм байх. 80 метрийг 120 мянгаар үржвээс 9,6 сая төгрөг болж байна. Орос өрмөөр ухуулвал бүр ч өндөр гарах нь ойлгомжтой. Энэ зэргийн мөнгө төлөх чадвартай хүн манай улсын ажилгүйдэл, ядуурлын түвшинтэй харьцуулж үзвэл ховорхон. Гэвч “Нүхт”-д бол айлууд нь толгой дараалан чадвартай. Учир нь энэ бол “элит” тосгон. Элит хотхоныхон "Нүхт"-ийн амыг шоргоолж мэт нүхэлж, худаг гаргажээ. Алс нь юунд хүргэхийг хэн ч мэдэхгүй.

Бид нөхцөл байдлыг сурвалжлаад хяналт тавих ёстой хүмүүстэй уулзаж тодрууллаа.

МХЕГ-ын Усны асуудал хариуцсан мэргэжилтэн н.Баясгалан

-Зуслангийн айлууд хашаандаа гүний худаг ухах зөвшөөрлийг ер нь хаанаас авдаг юм бэ?

-Ус хэрэглэгч нь ахуйн хэрэгцээнд гүний худаг гаргах зөвшөөрөл авахдаа Нийслэлийн байгаль, орчин ногоон хөгжлийн газарт өргөдөл гаргана. Өргөдөлд ус хэрэглэх зориулалт, тоо хэмжээ,газар өмчлөх, эзэмших, ашиглах эрхийн бичгийн хуулбар болон худаг гаргах аж ахуйн нэгж, байгууллагын уст цэгт тогтоосон албан тоотыг бүрдүүлдэг.

-Ингэж айл болгон хашаандаа гүний худагтай болох нь нийслэлийнхэний цэвэр усны нөөцөд сөргөөр нөлөлөхгүй юу?

-Үүнийг тогтоохын тулд МХЕГ-аас шинжилгээ хийдэг. Тухайн худаг гаргах гэж буй газрын доорх ус гарч байна уу, эсвэл цэвэр усны ундарга буюу гүний ус гарч байна уу гэдгийг тогтоодог. Үүний дараагаар зөвшөөрөл олгодог учраас харьцангуй сөрөг нөлөөлөл бага. Харин ямар ч зөвшөөрөлгүй хашаандаа худаг гаргаж байгаа иргэд цэвэр усны ундаргаас ус авч байгаа тохиолдол элбэг.

-Зөвшөөрөлгүй худаг ухсан иргэн, аж ахуй нэгжүүдэд ямар арга хэмжээ авдаг юм бэ?

-Хуулинд зааснаар торгуулийн арга хэмжээ авдаг.

Одоо мөрдөгдөж буй хууль, арга хэмжээ ердөө л энэ. Хэдхэн төгрөг өгөөд ус хэрэглэх эрх нь нээгддэг юм байна.  Өнөөдөр, маргаашдаа тансаг, тав тухтай орчинд амьдрахыг хүн бүхэн хүсдэг ч алс ирээдүйгээ бодохгүй ард түмэн, улс орон гэж хаана ч байхгүй. Одоогийн тансаг сууц барин тав алхаад гүний худаг ухаад байгаа хүмүүс энэ насны амьдралаа бодож, дуртай газраа худаг ухаж буйг үгүйсгэх хүн үгүй биз. Хяналт тавих ёстой хүмүүс нь ч огт тоох шинж алга. Энэ асуудалд онцгой анхаарч, гүний худгийг тоолбол яасан юм бэ. Мэдэгдэж буй нь дээр дурдсан хэд боловч мэдэгдээгүй дур мэдэн ашиглаж буй нь олон гэдгийг хүн бүхэн мэднэ. Бид нийслэлийн аль ая тухтай гэсэн газар бүрт баригдаж буй олон хауснуудаас зөвхөн дархан цаазат уулын нөмөрт байх Нүхтийн амыг л онцоллоо. Дархан цаазат хэмээх нэр гуншин зүүсэн энэ газарт байдал ийм байгаа юм чинь өөр газарт ямар байгаа бол. Анхаарах цаг аль эрт өнгөрсөн бус уу. Аливаа зүйл өөрийн гэсэн онцлог,  хэмжээтэй. Ус ч мөн адил шүү дээ...

"MASS.MN" сайтын

Улс төр, эдийн засгийн алба, 

Эрэн сурвалжлах, шуурхай мэдээний алба

Нийгмийн амьдрал, гадаад мэдээний алба