m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2018.11.15 08:54
334
Сансрын нисгэгчдийн хөшөөг 37 жилийн дараа сэргээн засварлалаа

Монгол, Оросын найрамдалт хамтын ажиллагааны 58 жилийн ойн хүрээнд өнөөдөр Дархан хотод 37 жилийн өмнө босгосон “Сансрын нисгэгчдийн хөшөө”-г Дархан Зангилааны хамт олон аймаг орон нутагтай хамтран сэргээн засварлаж иргэддээ хүлээлгэн өглөө.

Тэртээ 1981 оны 3 дугаар сарын 22-нд Бүгд Найрамдах Монгол Ард Улсын иргэн Жүгдэрдэмидийн Гүррагчаа, Зөвлөлт холбоот Улсын баатар Владимир Александрович Жанибеков нар сансарт ниссэн түүхэн үйл явдлыг мөнхжүүлэх үүднээс Дархан-Уул аймагт “Сансрын нисгэгчдийн хөшөө” –г 1981 онд босгосон түүхтэй юм байна. Гэвч өнөөдрийг хүртэл энэхүү хөшөөг сэргээн засварлаагүй бөгөөд Дархан зангилааны хамт олон, аймаг орон нутаг төдийгүй Улаанбаатар Төмөр замын холбогдох удирдлагуудын дэмжлэгээр энэхүү хөшөөг сэргээн засварлажээ.

Дархан нутгийн түүх соёлын дурсгалуудын нэг болох энэхүү хөшөөг барих санаачилгыг Дархан зангилааны төмөр замчид гаргасан бөгөөд тус саналыг зангилааны МАХН-ын хорооны дарга З.Даржаа дэмжиж, төмөр замчид өөрсдийн хүч хөрөнгөөр СОЮЗ-39 сансрын хөлгийг дуурайлган тухайн үеийн Зөвлөлтийн барилгын нэгдүгээр трестийн барилгачидтай хамтран 1981 онд босгосон юм. Монгол Оросын хамтын ажиллагааны 58 жилийн ой “Найрамдлын сар”-ын хүрээнд 37-н жилийн өмнө босгосон хөшөөг сэргээн засварласан байна. Цаашид усан оргилуур, зүлэгжүүлэлт, дасгалын төхөөрөмж, хашааг сайжруулах зэрэг олон ажлуудыг хийх юм байна. Найрамдлын гэх тодотголтой Дархан хотод энэхүү хөшөөнөөс гадна найрамдалт харилцааг илтгэсэн олон дурсгалт бүтээн байгуулалт байдаг гэдгийг албаныхан хэлж байлаа.