
Дархан-Уул аймгийн Оюутны холбооны нэрэмжит “Оюутны урлагийн XVII дугаар их наадам” өнөөдрөөс эхэлж байна. Энэ жилийн тухайд Дархан хотод үйл ажиллагаа явуулдаг бүх их дээд сургуулиуд өргөн бүрэлдэхүүнтэйгээр оролцож байгаагаараа онцлогтой юм.

Залуусын гэх тодотголтой Дархан-Уул аймгийн өнгө төрх өнөөгийн нийгмийг тодорхойлж буй оюутан залуусын урлагийн мэдрэмж, гоо зүйн мэдлэг, багаар ажиллах чадварыг нэмэгдүүлэх, олон нийтийн ажилд идэвхтэй оролцох, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхэд нөлөөлөх зорилгоор 17 дахь жилдээ энэхүү оюутны урлагийн их наадмыг явуулж байна. ШУТИС-ийн Дархан-Уул аймаг дахь Технологийн сургууль, АШУҮИС-ийн Дархан дахь анагаах ухааны сургууль, ХААИС-ийн харъяа Агроэкологи бизнесийн сургууль, Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн Дархан салбар сургууль, Мандах их сургуулийн салбар сургууль, Дархан дээд сургууль, Уул уурхай эрчим хүчний политехник коллеж, Дархан өргөө политехник коллеж, Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв зэрэг нийт 9 сургуулийн оюутнууд оролцож 10 төрлийн урлагийн үзүүлбэрээр өрсөлдөж байна.

Дарханы оюутан залуус оюутны урлагийн их наадамд өндөр зохион байгуулалттай бэлтгэл сайтай оролцож байгаа нь харагдаж байлаа. Ардын урлагийн төрлөөс эхлээд орчин үеийн урлагийн үзүүлбэрүүдийг цогц шингээсэн тоглолтыг үзүүлж их наадам өрсөлдөөн ихтэй өрнөж байна. Шүүгчид тус аймгийн оюутан залуусын авьяас чадварыг өндрөөр үнэлж байснаас гадна яг өнөөгийн нийгэмд үгүйлэгдэж байгаа утга санаа, өгүүлэмжийг урлагийн номерууддаа шингээж өгчээ. Сургууль тус бүр Монгол ардын язгуур урлагийн аль нэг төрлөөс болон онцгой содон авьяасыг шингээсэн шоу тоглолтын найрууламж бүхий үзүүлбэр, уран уншлага, гоцлол болон дуэт дуу, спорт болон чөлөөт бүжиг, хамтлаг дуу, ардын бүжиг зэрэг нийт 10 төрлийн урлагийн номеруудыг багтаасан бүрэн хэмжээний тоглолтыг 50 минутад багтаан үзүүлж байлаа. Маргааш буюу 11 дүгээр сарын 18-ны өдөр Гала тоглолтоо Залуучууд театрын их танхимд тависан юм.
