Энэ удаагийн зочноор найзтайгаа хамт барилгын тааз угааж олсон мөнгөрөө олон үйлдэлт хувцас хатаагч хийж байгаа 25 настай Б.Баасанхүүг урилаа. Тэрээр хувцас хатаагч, хувцас индүүдэх тавцан , ширээ гэсэн гурван тусдаа зүйлийг нийлүүлж нэг бүтээл болгожээ.
-Сайн байна уу. Та манай уншигчдад өөрийгөө товчхон танилцуулна уу?
-Сайн байна уу? Юуны түрүүнд Масс.мн сайтын уншигчдад энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг Болдбаатар овогтой Баасанхүү гэдэг. Эхнэр хоёр хүүгийн хамт амьдардаг, 25 настай залуу байна. Би компьютер график дизайн мэргэжилтэй. Сонирхлоороо модон эдлэл хийх дуртай жирийн нэг аав байна.
-Анх хэзээ хувцас хатаагч хийх санаагаа олсон бэ?
-Манай гэр маш олон хувцас хатаагч хэрэглэж байсан л даа. Даанч удаан тэсдэггүй, төсөв мөнгөнд их хүндрэлтэй байсан. Тиймээс монголдоо хувцас хатаагч хийх санаа төрсөн. Тэгээд интернет болон монгол гэрийн хана дээр суурилж загвараа гаргаад хийж эхэлсэн. Санаа загвараа бодсон байсан ч хийхгүй нэлээн удсан.
-Яг хэзээнээс энэхүү хувцас хатаагчаа хийж эхэлсэн бэ?
-Энэхүү олон үйлдэлт хувцас хатаагчаа 8 сарын өмнөөс бодож санаагаа гаргасан. Тэгээд хоёр сарын өмнөөс хийж эхэлсэн. Одоогоор захиалгаар хийж байгаа.
-Та ганцаараа хийдэг үү? Шат дамжлагын хувьд ямар байдаг вэ?
-Үгүй ээ. Найз болон хоёр дүүтэйгээ хамт хийдэг. Хийхэд амархан юм шиг харагддаг ч, яг үнэндээ жижиг сажиг чимхлүүр ажил ихтэй байдаг. Модоо харуулдана, цоолно, тасдана, угсрана гээд л. Бид хэд өдөрт 10 гаруй цагийг ажлын байрандаа өнгөрүүлдэг. Өглөө өдөртөө материалаа татаж бүтээгдэхүүнээ бэлэн болгоод орой нь хүргэлтэндээ явдаг.
-Хувцас хатаагчаас гадна модоор өөр зүйл хийдэг үү?
Урьд нь нярайн ор хийдэг байсан. Тэр нь бас олон үйлдэлтэй. Гэхдээ одоогоор яг энэхүү хувцас хатаагчаа л хийж байгаа. Магадгүй олон хүнийг ажлын байртай болгоод, өөрийн гэсэн үйлдвэртэй болвол бүх өөр модон эдлэл ч бас хийх байх.
-Бусад хувцас хатаагчаас юугаараа онцлог давуу талтай вэ?
-Миний бүтээсэн энэхүү хувцас хатаагч олон үйлдэлтэйгээс гадна засвар үйлчилгээ авахдаа сайн байгаа. Айл гэрт хувцас хатаагч, индүүдэх тавцан, ширээ гээд гурван тусдаа зүйл байдаг шүү дээ. Тэрийг нэг болгож шийдэж өгсөн. Мөн дээд тал нь 45кг хувцас хатаах даацтай. Ор хөнжлийн урт даавууг дөрвөөс тавыг тогтоох боломжтой гэдгээрээ онцлогтой байгаа.
-Залуу хүмүүст санаа байвч төсөв мөнгөний асуудал хүндрэлтэй байдаг шүү дээ. Анх бизнесээ хэдэн төгрөгөөр яаж эхлүүлж байв?
-Тэгэлгүй яахав. Мөнгө санхүүгийн асуудал үнэхээр хэцүү байсан. Надад хийж үзээгүй ажил гэж бараг байхгүй. Хэдийгээр эзэмшсэн мэргэжилтэй ч мөрөөдөл, сонирхол гэж зүйл байдаг шүү дээ. Сонирхлоо дагаад хийхгүй байхын аргагүй. Анх санаагаа бодчихоод бүтээлээ хэрхэн хийх вэ гэдэг дээр толгой гашлаж байсан. Тэгээд нэг найзтай хамт барилгын тааз угааж олсон 400,000 төгрөгөөрөө бараа материал авч хийсэн. Тухайн үед материалаа сонгох гэж нэлээн төөрөлдөөд, 400,000 төгрөгөө дөрвөн ширхэг хувцас хатаагч л болгосон.
-Цаашдын зорилго тань юу вэ?
-Мэдээж зорилго бол маш тодорхой. Хувцас хатаагчаа олон ширхэгийг хийж борлуулах. Одоогоор тогтсон үйлдвэргүй учир зуны байшиндаа хийж байгаа. Цаашлаад ажлын байраа нэмэгдүүлэх, бараа бүтээгдэхүүнийхээ үнийг буулгах, тогтвортой үйл ажиллагаа явуулж үйлдвэртэй болох зорилго тавьж байгаа.
-Бизнесээ өргөжүүлэхэд хэрэглэгчдийн худалдан авалтаас гадна төр засгийн бодлого хэрэгтэй байдаг. Гэтэл сүүлийн үед ЖДҮХС-с улстөрчид мөнгө идсэн нь илрээд байгаа. Та ер нь ЖДҮХС-с зээл хүссэн үү?
-Би жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээл хүсээгүй. Учир нь маш их юм шаарддаг. Үүнийг хөөцөлдөхөд цаг хугацаа ч мөн шаардана. Санаа байвч сачий хүрэхгүй гэж үг байдаг шүү дээ. Адаглаад залуу хүмүүст барьцаа хөрөнгө байхгүй шүү дээ.
-Хувцас хатаагчийн захиалга их байгаа гэж байсан. Өдөрт хэдэн хувцас хатаагч хийж байна?
-Хийж эхлээд хоёр сар л болж байна. Тэгэхэд үйлчлүүлэгч их байгаа. Эхний сард өдөрт нэгээс гурвыг захиалдаг байсан. Харин одоо таваас дээш борлуулагдаж байгаа.
-Хувцас хатаагчаа хаана зарж байгаа вэ?
-Тогтсон дэлгүүр, лангуу байхгүй. Зөвхөн захиалгаар хүргэж байгаа.
-Бидний ярилцах цаг үүгээр өндөрлөж байна. Урилгыг минь хүлээн авч ярилцсан таньд баярлалаа. Таны бизнест амжилт хүсэе.
-Баярлалаа. Танай сайтын хамт олонд ажлын амжилт хүсэе.
MASS SOCIAL NEWS: