“Эрээн асрын өмнө зодог өмсөн дэвж
Эртэй, бяртай бөхчүүдтэй мөр зэрэгцэж яваагүй ч
Үе тэнгийн нөхөдтэйгөө шороон талбайд тоглож
Өвдөг, тохой хоёроо шалбалж явсан удаатай
Би хөлбөмбөгийн фанат аа
Эрчит нумны хөвчийг чадал мэдэн татаж
Эрхий мэргэн харваачидтай цэц булаалдаж яваагүй ч
Эв нь таарсан үед ерийн буланд нь зоочихоод
Есөн настай хүүхэд шиг баярлаж явсан удаатай
Би хөлбөмбөгийн фанат аа”
Энэ эрхэм бол хөлбөмбөгийн нэрт тайлбарлагч Эрдэнэбатын Балжинням. Энэ жилийн Бразилд болох ДАШТ-ийг тайлбарлаж Монголын ард түмэндээ хүргэх түүнтэй ярилцлаа.
-Хөлбөмбөг хэмээх энэ агуу спорттой анх яаж холбогдов?
-Би их сонин түүхтэй. Анх зургадугаар ангид “Найрамдал” зусланд амрах эрхийн бичиг надад өгсөн юм. Би тэр үед нийгмийн идэвх сайтай хүүхэд байлаа. Тэгээд гадаад руу “Артек” явах юм бодож байсан. Тэгсэн “Найрамдал” явдаг юм байна. Тэнд очсон 1982 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж таараад анх юугаа ч ойлгохгүй хүүхэд үзэж байлаа. Манай Сэлэнгэ аймгийн Сант сум эрэгтэй хүүхдийн үсийг наймдугаар анги хүртэл хусдаг байсан юм. Би “Найрамдал”-д очоод хэдэн зуун хүүхэд дундаас ганцаараа халзан толгойтой, бакал өмссөн нөхөр гадуур дотуур гарч чадахгүй хөлбөмбөг үзээд сууж байдаг байлаа. Гадуур гарахаар хүүхдүүд шоолно. Тэгээд сумандаа яваад очсон, манай сумын САА байгуулагдах гээд оросууд ирчихсэн, бүхэл бүтэн хороолол шахуу юм байгуулагдсан байсан. “Орбит” станц байрлуулаад зурагт гардаг болчихсон, манайх хар цагаан зурагт аваад, эвхэгддэг ор эвдээд, төмрөөр антенн хийгээд үзэж эхэлсэн дээ. Манай гэрт бүх айлын хүмүүс ирж зурагт үзнэ. Юу ч гарсан үзнэ дээ. Нөгөө нэг соёлын довтолгоо гээч юм болсон. Дараа жил нь манай найз Д.Баярсүрэнгийн эгч “Их засаг” сургуульд багш Д.Оюунсүрэн хотод сурч байсан юм. Тэр эгч бид хоёрт “Футбол а Хоккей” гэдэг сонин алдаг оног явуулна. Тэр сонин дээр гарсан гоё зурагнуудыг нааж, зургийн дэвтэр дээр хадгална. Тэгсэн манай сургуульд Л.Зандан гэж орос хэлний багш ирсэн юм. Тэр хүн бидэнд хөлбөмбөгийн түүх, дүрэм журам, оноолт, нэрсийн жагсаалт гээд олон сайхан зүйлсийг уншиж өгч хөлбөмбөгийн ойлголттой болгож өгсөндөө. Манай багш самбо, жүдогоор олон сайн шавь бэлдсэн хүн. Намайг харин “чи бөхөөр биш, чи хөлбөмбөг сайн ярьдаг, мэддэг хүн л болно. Наад хэдэн сонин сэтгүүлээ сайн унш, орос хэл сур. Наадах чинь чамд хэзээ нэгэн цагт хэрэг болно” гэж хэлж байсан юм. Сүүлд 2000 оны эхэн үеэр энэ олон сонин, сэтгүүлээ хараад “Эд нар надад ямар ч хэрэгтэй юм. Энүүгээр би юу ч хийх юм" гээд уйлж ч байсан, урж тасдаж шидэж ч байсан. Зарим нэгийг нь ураад гал асааж байлаа. Одоо ингээд би телевизийн тайлбарлагч болчих юм гэж яаж санах билээ. Тэр үед устгасан, үүдний амбаарт бороонд норгосон хэдэн сонин сэтгүүлээ яах гэж устгав даа гэж харамсдаг юм. 1982-1985 оны хооронд л хөлбөмбөгийн суурь мэдлэг анх тавигдаж байж дээ. Тэгээд Зандан багш шигээ орос хэл мэддэг болно, хөлбөмбөгөө орос сонин, сэтгүүл, ном уншаад ойлгодог болно гээд орос хэлний шалгалтад багштайгаа хамт бэлтгэж, долоон хуваарь ирсэний долоо дахь хуваарийг аваад дээд сургуульд орсон доо. Энэ бүхэн хөлбөмбөг сонирхсоны ач гавьяа юм. Дээд сургуульд ороод “Советский спорт”, “Футбол” зэрэг сэтгүүл сонин дээр гарсан зүйлсийг сайн ойлгодог болохын тулд ахлах курсын ах нараас мэдэхгүй юмаа асуугаад явдаг байлаа. Тэрнээс би хичээл номондоо тийм их сайн байгаагүй юм.
-Та дараагийн ДАШТ-ий үеэр дээд сургуульд орж байж...
-Тэгэлгүй яахав. Өмнөх дэлхийн аваргаар юугаа ч мэдэхгүй хүүхэд байсан бол тэр жил ид 18-тай, хөлбөмбөг жинхэнэ сонирхдог насандаа байлаа. Тэр жилийн дэлхийн аваргыг Оросын телевизээр сайн ч гаргасан. Гүржийн тайлбарлагч Г.Махаразе гэж мундаг хүн телевизээр тайлбарлана, би түүнийг нь дууриаж хоёр гурван үг хэлдэг тийм хэмжээнд очсон байсан.
-Тэр үед Монголд телевиз цөөхөн өдөр гардаг байсан. Та яаж үздэг байв?
-Тэр үед Оросын суваг ганцхан нэг дэх өдөр л гардаггүй байсан. 18-23 цаг хүртэл гараад л хаагдана. Би сумандаа яадаг байсан гэхээр манай сумын холбооны залгагч нар Даржаа, Сийлэгмаа гээд ах эгч нар бид нарт 24 цагаар телевиз гаргаж өгнө. Өглөө долоогоос шөнө хоёр хүртэл орос суваг гарч л байна. Заримдаа шөнө гарсан тоглолтыг өглөө давтаж гаргана. Нэг сумынхан чинь бие биенээ сайн танина. Холбоон дээр очоод таван минут орчим шаналгана даа. Тэгээд “За залгачихлаа, бушуухан явж үз” гэнэ. Тэгэхээр нь год харайгаад алга болно доо. Тэгж л үздэг байлаа.
-Сонин, сэтгүүлийн цуглуулга таньд их байдаг биз?
-2001 онд Улаанбаатарт нүүж ирэхэд надад таван хайрцаг дүүрэн цуглуулга байсан. Анх гэр хороололд байсан болохоор сагс, хоккей бичсэн хэсгийг нь хаяад, хөлбөмбөгөө авч үлддэг байлаа. Дээд сургуульд ороод тэмдэглэл хөтөлж эхэлсэн. Миний ганц үнэт баялаг минь тэр л болсон доо.
-Эргээд 1986 ондоо очих уу?
-Тэр жил Д.Марадона гайхуулж байлаа. ДАШТ болдгоороо болсон доо. Сократес, Зико, Румменигге нар зодог тайлах шатандаа орчихсон. Дандаа шилдэг багууд үлдсэн. Тэгээд Оросын шигшээ хожигдоод бараг тоглолт үзээгүй. Нэг багийг хэт шүтэх тийм л аюултай байдаг. Үүнийг хөлбөмбөг сонирхогчид сайн ойлгоно доо. “Ливерпуль” багийн фанатууд бүтэн таван жил Аваргуудын лиг үзээгүй гэдэг. Тэдний зөв юм даа. Хэн өөр хүний багийг баярлахыг нь хараад суух вэ. Ах нь тийм л байсан, одоо тайлбарлагч болоод энэ зангаа орхисон доо.
-Тэр үеийн Оросын шигшээ(ЗХУ) Киевийн “Динамо”, Москвагийн “Спартак” хоёроос бүрддэг байсан уу?
-Тэгэлгүй яахав. Манай найз Д.Баярсүрэн бид хоёр сумын төвийн урд, хойд лагерийн багийн ахлагч нар. Нэг ёсондоо дерби. Уулзахаараа хөлбөмбөгөө ярина. Бекээгийн баг “Спартак” нэртэй. Манай баг “Динамо”-гийн нэртэй. Бүх тоглогчдоо тэдгээр багуудын тоглогчдын нэрийг өгнө. Тэгээд тоглолтоо хийнэ. Бид хоёр нэг, нэг цаг зүүгээд тоглоно. Нэмэлт цаг сунгахгүй. Яс л үзнэ. Би давуу эрхээрээ Олег Блохин болно. Тэр үеийн Зөвлөлтийн аваргаар энэ хоёр баг л үзнэ шүү дээ. “Спартак” яаж ч хичээгээд цөөхөн хэдэн оноогоор хоцорно. Бид хоёр ч эдгээр багуудыг дууриагаад тоглогчдоо нэр онооно. Манай багийн Батдорж, Заваров нэртэй. Яг л Заваров шиг бужигнуулж тоглоно. Манай Бямбаа, Беланов болно. Беланов шиг сарийсан хөлтэй, хурд сайтай, урд хаяад өгөхөд ер нь гоол хийнэ дээ. Баярсүрэнтэйгээ ярьж байгаад таарсан нэр оноодог байсан. Эсрэг багийнхаа Лхагваадаа Юрий Гаврилов гэдэг нэр өгнө. Манай хүн түүн шиг халзан толгойтой, техниктэй, пасстай. Тэр дундаас хамгийн оноогүй нэр нь надад өгсөн Блохины нэр байсан. Би тоглохоосоо илүү аймаар менежер байлаа. Хэн хэнийг багтаа тоглуулах уу, хэнийг гэрээс нь яаж дуудах уу, ээж аавд нь юу гэж худлаа хэлж давтлагатай гэж авч гарах уу бүгдийг зохицуулна. Манай хоёр баг өөр өөрийн талбайтай. Өөрийн талбай, айлын талбайд ээлжилж тоглоно. Манай талбай жаахан хазгай энгэр газарт байсан, Бекээгийн талбай тэгшхэн сайхан зүлэгтэй талбайтай. Гэхдээ манай талбай сайхан турбагаар хийсэн хаалгатай, тэднийх хоёр 40-ийн бидон тавьсан, бөмбөг орсон үгүй гээд маргаан их гарна. Цагаан шохойгоор шугам татаж тэр үедээ л стандарт талбайтай байхыг хүсэж янзалдаг байлаа. Одоо нутагтаа очоод хараад суухад ээдээ мөн ч сайхан даа. Манай багт Буянхүү, Мөнжгөө, Түшгээ гурав, тэдний ард Нэргүй Памбага хоёр, Бадрах, Сайхан хоёр дандаа ах дүү нар. Ерөөсөө ах дүү нараараа үзчихнэ.
-Бөмбөг яаж олдог байсан бэ?
-Бөмбөг бол үнэн проблемны асуудал. Манай ээжийн дүү залуудаа гар бөмбөг, хөлбөмбөг их сонирхдог хүн байсан юм. Тэгээд манай гэрт модон авдар дотор 6-7 бөмбөгний гадар, дотор байсан. Би тэр нандин бөмбөгөө бүгдийг нь гаргахгүй. Бүүр тартагт нь тултал нь ашиглана, нөхнө. Бөмбөгөө 20 минут болоод хийлнэ. Гадрыг нь үднэ. Гутлын үдээс бол тэсэхгүй. Бөмбөгөө нэг сайн хийлж аваад тоглоно. Эхэндээ хатуу байсан бөмбөг 20 минутын дараа хий нь гараад тоглож болохгүй. Тэгээд бөмбөгөө ээлжээр хийлнэ. Хийлэхэд бол асуудалгүй, цаг зогсоох ч шаардлагагүй, маш хурдан хийлнэ.
-Тэр үеийн тоглогчдоос миний хамгийн сайн мэддэг нь Ринат Дасаев байж дээ...
-Дасаев бол шигшээдээ ч, “Спартак” багтаа ч мундаг тоглогч байсан. Бусад газарт ярьж өгөөгүй нэг сонин түүхийг танай сайтад ярьж өгье. Нөхөр Дасаев 1988 оны дэлхийн шилдэг хаалгач болоод Испанийн “Севилья”-д гэрээгээр очсон байгаа юм. Тэгээд 1990 оны дэлхийн аваргаар гараанд гарч чадалгүй муу тоглоод буцаад очсон өөр шинэ хаалгачтай болсон байж гэнэ л дээ. Тэгэхээр нь мань хүн спортын дэлгүүр нээгээд ажиллуулж байгаад дампуурсан байгаа юм. Дэлгүүрээ дампуурсаны дараа ээжтэйгээ ч утсаар ярилгүй таг сураггүй холбоо тасарч л дээ. Тэгсэн 1998 онд Оросын сагсан бөмбөгч М.Бирюков Ринаттай дайралдсан байгаа юм. Тэгээд нөгөө хоёр чинь уулзаад Ринат Дасаевыг Оростоо буцаж оч гэж ятгаж л дээ. Нөгөөх нь нэлээн ядарсан байдалтай байсан болоод ч тэр үү зөвшөөрөөгүй юм байна. Тэгсэн нэг удаа Оросоос М.Бирюков руу сурвалжлагч залгаж гэнэ. Тэгэхээр М.Бирюков “Дасаев энд байна. Та нар ах, найз нарыг нь авчраад хүрээд ир. Би яах вэ, дараа уулзая” гэж. Тэгээд нөгөө сурвалжлагч ах Рафик, хоёр найз сурвалжлагчийг нь явуулсан юм байна. Ингэж л алдарт Дасаевыг ах болон найз нь гуйсаар байгаад гэрт нь буцааж авчирсан байгаа юм. Дасаевыг ид мандаж явах үед нь 1979 онд Москвад “Нарлаг Монгол” галт тэрэг очдог байсан Ярославийн буудлын хажууханд байр өгсөн байгаа юм. Мань эр эхнэртэй болтлоо хэдэн жил “Спартак”-ын болон шилдэг тамирчдын эхнэр хүүхнүүдийн уурыг барж явсан юм байна. Дасаевынд хамаг болохгүй бүтэхгүй зүйлс болно. Хоккейчид, хөлбөмбөгчид, сэтгүүлчид, дуучид цуглана, улс төр ярина, нийлж ууна, мөрийтэй тоглоно. Тэмцээнтэй гэж олон сар явж ирээд гэртээ хонохгүй тэднийд байж байдаг байсан байгаа юм. Хүн тэнгэрээс газарт асар хурдан унах нэр төрийн асуудал гэдэг тийм аюултай зүйл юм. Сүүлд эх орондоо ирээд өгсөн ярилцлагыг нь уншаад сууж байхад надад тийм л юм бодогдсон. Минийхээр бол буцааж авчирсан тэр ач буянтай хүн бол Ц.Энхбат захирал юм уу даа. Намайг тэгээд явж байхад Ц.Энхбат захирал “За Балжиннямаа буцаад эх орондоо оч, тайлбарлагчаа хий” гэж хэлвэл тийм юм болох байх. Тэр мундаг сурвалжлагч өөрөө сүрхий баатар болохыг хүсэлгүйгээр яаж Орос руу нь буцаах вэ? гэдгийг эхэлж бодсон байгаа юм. Хүний хүн чанар, мөн чанар гэдэг тийм л агуу зүйл.
-Таны амьдралд хөлбөмбөг ямар нөлөө үзүүлсэн бэ?
-Би хөлбөмбөгтэй холбогдсоноороо намайг сайн сайхан амьдрах эрч хүчтэй болгосон, өөртөө итгэлтэй болгосон хүн бол Ц.Энхбат захирлыг гэж боддог юм. Намайг архи дарс уугаад янз бүр болоод байх үед өрөөндөө дуудаад “Балжинням аа, хүн өөрийгөө олно гэж хамгийн их хэцүү юм байдаг юмаа. Чи өөрийнхөө дуртай хөлбөмбөг тайлбарлаж эхлээд сайхан болж эхэлж байна л даа. Тэгээд өөрийнхөө хийсэн ажлыг архи уугаад алаад байх юм. Чи хэдэн жил хөлбөмбөг тайлбарлахаа бодооч дээ. Ингэж архи ууж явна гэдэг амьдрал, үхлийн зааг дээр байдаг юм ш дээ” гэж хэлж байлаа. Мөн өнөөдөр чи бид хоёр энэ нэг өрөө байранд яриад сууж байна. “Орон сууц” корпорацийн захирал Алдаржавхлан бид хоёр хөлбөмбөг ярьж танилцсан хоёр. Тэгээд дараа дараачийн уулзалтууд дээр би хөлбөмбөгөөс жаахан хазайгаад амьдралаа ярьсан. Тэгсэн манай ажил дээр нэг хүрээд ирээрэй гэсэн. Тэгээд надад энэ байранд ороход их тус болсон доо. Энэ сайхан хүмүүстэй намайг хөлбөмбөг л холбож өгсөн. Өнөөдөр бол би цаашдынхаа амьдралын утга учирт итгэлтэй байна. Ах нь 13 жил багш хийсэн хүн. Тэр үед би маргаашдаа итгэлгүй байдаг байсан. Хэзээ ч халагдаж мэднэ, хөөгдөж мэднэ. Сургуулийн сахилгагүй багш нарын нэг. Удирдлагууд надад дургүй байсан, харин хүүхдүүд надад их сайн байдаг байсан.
-Ерээд онд та ганзага хөөгөөгүй юу?
-Ахтайгаа наймаа арилжаа яриад ч хэрэггүй. Угаасаа авсан бараагаа бушуухан далд оруулахын түүс болоод хэдээр ч хамаагүй өгч орхино. Тэр тал дээр тун маруухан хүн дээ. Ахынх нь маргааш ирээдүйтэй, гэрэлтэй байгаа болохоос санхүүгийн асуудлаа бүрэн шийдсэн хүн биш шүү дээ. Ажлаа хийхгүй л бол хоосон хононо.
- Таны тайлбарын онцлог тал нь голдуу түүх, намтар тал руу нь их хандсан байдаг
-Анх хөлбөмбөг үзэж байгаа хүүхдийг түүх ярьж байж л дуртай болгоно. Ахынх нь хамгийн сайн чанар бол маш их уншдагт байгаа. Би 10 цагт нь унтаж, замын түгжээнд саатаж, дөрвөн цагт нь дэмий чалчлаа гэхэд, үлдсэн 10 цагийг нь юм уншиж суудаг. Одоо тэгээд интернэт гээд сайхан юм гараад ирсэн, бүр л их боломжтой болсон байна.
-Манай сайтад ярилцлага өгсөнд тань баярлалаа.
-За баярлалаа. Удахгүй тэгээд хөлбөмбөгийн агуу их баяр цэнгэл эхлэх гэж байна. Дөрвөн жил ганц л удаа болдог энэ наадмаар та бүхэнтэйгээ нэг сар хамтдаа байх болноо.