Монголд тархины саажилттай 15000 гаруй хүүхэд байдаг. Эдгээр хүүхдүүдээс ихэнх нь өдөрт 3-4 удаа унаж тусдаг, 24 цагийн турш гэр бүлийнхээ аль нэгнийнх нь асаргаанд байдаг байна. Тэгвэл бид энэ удаагийн дугаартаа Баянхонгор аймгийн Шаргалжуут рашаан сувилалд амьдардаг МОНГОЛ ЖАНГҮМ буюу А.Одончимэгийг оролцууллаа.
Тэрээр анхны хүүгээ тархины саажилт, нугасны бэртлээс болж алджээ.Тэр цагаас хойш /1998 он/ Шаргалжуутад “Халуун болор” ТББ-ийг ажиллуулж Тархи, нугасны бэртэлтэй хүүхэд болон тэдгээрийн ээжүүдэд тусалж өдрийн гурван удаагийн хоол цайгаар үнэгүй үйлчилдэг байна. Мөн Сарлагын ашиг шимээр монголын ард түмэнд амин дэмтэй бүхий л зүйлээр үйлчилж байна.
-Юуны түрүүнд та манай үзэгчдэд өөрийгөө танилцуулахгүй юу?
-Намайг А.Одончимэг гэдэг. Хүмүүс “Монгол Жангүм” хэмээн нэрлэсэн. Би Улаанбаатар хотод төрж, Дарханы Шарын-гол суманд өссөн. “Геологи хайгуулын инженер” мэргэжилтэй. Өнөөдрийн байдлаар Шаргалжуут рашаан сувилалд нөхрийн хамт амьдарч байна. Хоёр охин хоёр хүүтэй. Хамгийн бага нь ХСИС-д оюутан, бусад нь тусдаа гарсан. Миний бие 22 жилийн турш “Халуун болор” ТББ-г ажиллуулж тархины саажилттай хүүхэд болон тэдгээр хүүхдүүдийн ээжүүдэд дэм тус болж амьдарч байгаа жирийн л нэг эмэгтэй байна.
“ТӨРӨХ ЭЭЖ БОЛОН ЭХ БАРИХ ЭМЧ” НЭГ СЕКУНД АЛДАХАД Л НЭГ ХҮНИЙ АМЬДРАЛ ОРВОНГООРОО ЭРГЭДЭГИЙГ САНАХ ХЭРЭГТЭЙ
-“Халуун болор” ТББ-г анх яагаад үүсгэн байгуулах болсон бэ?
-Би анхны хүүгээ 1984 онд Дархан-Уул аймагт эрүүл саруул төрүүлсэн. Гэвч сувилагчийн хариуцлагагүй байдлаас болж миний хүү тархи нугасны хүнд бэртэл авч 5-6 удаа хагалгаанд орсон юм. Үүний дараа Шаргалжуут рашаан сувилалыг сайн гэж сонсоод тэнд очиж эмчлүүлсэн боловч өвчнөө дийлэхгүй хорвоог орхисон. Тэр цагаас хойш энэхүү “Халуун болор” ТББ-г байгуулсан. Нэр нь хүртэл учиртай. Миний хүүг Одонболор гэдэг байсан болохоор “Болор” хэмээх нэрийг ТББ-таа өгсөн. Өнөөдрийн байдлаар би давхардсан тоогоор 2227 тархины саажилттай хүүхдэд тусалж, 790 гаруй хүүхдэд тэргэнцэр бэлэглэсэн байна. Мөн монголын хүнд бэрх нөхцөлд амьдарч байгаа бяцхан хүүхдүүдээс гадна эмэгтэйчүүд, өндөр наснуудад өөрийн чадах зүйлээрээ дэм тус болж амьдарч байгаа.
-Та сая хэллээ шүү дээ. Тархины саажилттай хүүхдүүдэд тусалдаг гэж? Энэхүү тусаа хэрхэн яаж хүргэдэг юм бэ?
-Ихэвчлэн хүмүүсийнхээ дэм тусаар л хүргэдэг дээ. Жишээлбэл гадаад дотоодод амьдардаг хүмүүс маань, надад нэг тэргэнцэр байна халуун сэтгэлт таньд өргөн барья. Та эзнийн олоод өгөөч гэдэг. Илүү дутуу тэргэнцэрийн аваад угааж цэвэрлээд, шинэ болгоод л эзэнд нь өгчихдөг. Энэнд ямар ч мөнгө шаардагдахгүй шүү дээ. Аан тийн “ХҮҮХДҮҮДЭД ТЭРЭГ ОЛООД ӨГӨХ ЮМ БОЛ ХАНЬТАЙ БОЛГОСОН ЮМ ШИГ БАЯРЛАНА ШҮҮ ДЭЭ”. Би одоог хүртэл 790 хүүхдэд тэрэг бэлэглэчихсэн байна. Өөрөө зовлонг нь мэддэг юм болохоор ээжүүддээ бас тус дэм болохыг боддог. Шаргалжуут оюун ухааны рашаанд жилд тархины саажилттай 2000 гаруй хүүхэд очдог. Эдгээр хүүхдүүддээ өдөр бүр гурван хоол бэлдэж өгдөг. Манай шаргалжуут чинь хотоос 700 км зайд байдаг шүү дээ. Тэгээд ирээд буцахад нь би өөрийн гараар хийсэн боорцог, хоол, цагаан идээгээ өгч явуулдаг. Энэ бүх сэтгэлийн өргөлдөө маш их сэтгэл дүүрэн байдаг.
-Таныг яагаад хүмүүс МОНГОЛ ЖАНГҮМ хэмээн нэрлэсэн юм бэ?
-Би элдэв янзын хоол хийх дуртай. Тэр болгоныгоо өөрийн фэйсбүүктэй постлодог. Нэг удаа манай найзууд миний төрсөн өдрөөр чамайг монгол жангүм гэж нэрлэлээ, чи фэйсбүүк грүпп нээчих гэсэн. Тэгээд би тэднийхээ саналаар нээсэн юм. Харин өнөөдөр 28000 дагагч найзуудтай болсон. Би урьдны адил хоолны жороо постолж, мэдээлэл солилцдог хэвээрээ байгаа.
- Олон хүн таньд баярлаж явдаг шүү дээ, Харин та хэнд хамгийн их баярлаж явдаг вэ?
-Би монголын ард түмэндээ бүгдэд нь баярлаж явдаг. Өдий олон жил сайн үйлсийн аян өрнүүлэхэд тэд маань л намайг дэмжиж, тусалж явсан шүү дээ. Харин хамгийн ойроос, хамгийн их тусыг миний хань л хүргэдэг. Эмэгтэй хүний хийж чадахгүй, дааж давшгүй хүнд бэрх зүйлийг минь тэр минь л хийж өгдөг. Хайртай ханьдаа болон дөрвөн сайхан үрдээ баярлаж явдагаа энэ дашрамд дуулгая.
-Хамгийн сүүлд та 7 хоногийн утааны эсрэг аян зохион байгуулж байгаа шүү дээ, энэ хэр шатандаа явж байна?
-Тиймээ, Би утааны эсрэг 7 хоногийн аян зохион байгуулж байгаа. Улаанбаатар хот чинь ямар аймар утаатай юм бэ? Би Шаргалжуутад нэг ч удаа ханиад хүрч үзээгүй. Гэтэл Улаанбаатарт хэд хоноод л хатгаа авчихсан. Тэгээд хүүхэд багачууддаа зориулж “Сарлагхан” брендээ гаргасан. Дан органик, амин дэмтэй зүйлсээр хийсэн байгаа. Өдөрт нэг ширхэгийг хүүхэд хэрэглэхэд дархлаа нь маш сайн дэмжигдэнэ. Манай “Монгол Жангүм” грүппийн ээжүүд захиалгаа өгсөөр байгаа. Хоёр өдрийн байдлаар л гэхэд 6000 ширхэгийг борлуулсан байна. Би энэхүү сайн үйлсийн аяныхаа цэвэр ашгийг Халуун сэтгэл аяндаа зориулна.
-Таны нэрийн бүтээгдэхүүнүүд өдөр ирэх тусам нэмэгдээд л байх юм, Одоогоор хичнээн бүтээгдэхүүнтэй болсон байна вэ?
Хамгийн сүүлд л гэхэд улаанбаатар хотын утааны эсрэг аян өрнүүлж, Сарлагын аарц, цөцгий, зөгийн бал, самар, үзэм, нэрстэй “Сарлагхан” брендийг гаргасан.
“МОНГОЛ ЖАНГҮМ” нэрийн бүтээгдэхүүн гэвэл:
-Таны мөрөөдөл юу вэ?
ТЭНГЭРТ БАЙГАА ХҮҮДЭЭ ЗОРИУЛЖ СУВИЛАЛ БАРЬЖ БАЙГАА
-Би сүүлийн арван жил шаргалжуутад тархины саажилттай хүүхдүүдэд зориулсан сувилал барихаар ажиллаж байгаа. Энэхүү ажил маань миний насны “Мөрөөдөл” болсон. Одоогоор 80 орчим сая төгрөгийн бараа материал авчихсан байгаа. Мөн газраа аваад зураг төслөө гаргацан байгаа. Хүмүүс яаж 50-60 сая төгрөгийн хандив хоёр гуравхан өдрийн дотор олоод байдгийг ойлгодоггүй юм. Би энэ хугацаанд 80 орчим сая төгрөг л цуглуулж чадсан. Засгийн газарт 15 удаа өргөдөл гомдол гаргаж байсан ч нэг ч удаа туслалцаа авч чадаагүй. Нөхөртэйгөө өнөөг хүртэл л зүтгэж байна. Ойрын хэдэн жилдээ миний энэхүү мөрөөдөл биелэх байх гэдэгт итгэж байгаа. Би энэхүү сувилалаа тэнгэрт байгаа хүүдээ зориулж байгаа.