Богд хааны ордон музей “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн хаврын тэргүүн сарын шинийн найман буюу өнөөдөр олон нийтэд хөнгөлөлттэй үнээр үйлчлэх юм. Тус өдөр хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өндөр настан үнэ төлбөргүй, харин насанд хүрэгчид, оюутнуудад 50 хувийн хөнгөлөлттэй музей үзүүлнэ.
Түүнчлэн 11:40 цагт Богд хааны ордон музейн үзэсгэлэнгийн танхимд Цагаан дара эх бурхныг нэг өдөрт багтаан бүтээх юм байна.
ХХ зууны эхээр Их хүрээнд сар бүрийн шинийн найманд анхдугаар Богд Өндөр гэгээн Занабазарын тигээр үзүүр тохой хэмжээтэй Цагаан дара эх бурхныг нэг өдөрт багтаан бүтээдэг байсан уламжлалтай байжээ. Тухайн өдөр лам нар уламжлалын дагуу нар мандахаас жаргах хооронд амжиж Цагаан дара эх бурхныг бүтээснээр сая бурханч болдог учиртай аж.
Нэг өдөрт Цагаан дара эх бурхан бүтээх уг уламжлал 1924 он хүртэл үргэлжилсэн бөгөөд энэ үед бүтээгдсэн Цагаан дара эх бурхны шүтээн зургууд Монголын музейнүүдэд нэлээд тоогоор хадгалагдан үлдсэн байдаг. Шинийн наймны өдөр Цагаан дара эх бурхныг нэг өдөрт багтаан бүтээдэг түүхэн уламжлалыг дахин сэргээх санал санаачлагыг музейгээс гарган “Соёлоор гийгүүлэхүй” ТББ-тай хамтран 2013 оноос эхлэн жил бүрийн хаврын тэргүүн сарын шинийн найманд “Цагаан дара эх” сэдэвчилсэн үзэсгэлэнгийн хамт зохион байгуулсаар 7 дахь жилтэйгээ золгож байна.