Нийслэлийн Налайх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Зэвсэгт хүчний жанжин штабын харьяа, Зэвсэгт хүчний 310-р ангийн алба хаагч, хүнд даацын автомашинд дайруулж, амь насаа алдсан хэрэг гарчээ.
ЗХЖШ-ын Хяналт шалгалт, үнэлгээний газрын шинжилгээ үнэлгээний ахлах мэргэжилтэн, дэд хурандаа С.Өлзийтогтох: Сарын төлөвлөгөөт ажлын хуваарийн дагуу Найман шарга сувиллын газарт хайрга татах ажлаар томиглогдсон ажилтан албан үүргээ гүйцэтгэж байх явцдаа осолд орж амиа алдсан харамсалтай хэрэг гарлаа. Энэ үед хоёр жолооч буруу ойлголцсоны улмаас осол гарсан.
Амиа алдсан ахлах ахлагч 51 настай Г нь 2019 оны хоёрдугаар сарын 28-ны өдрийн 19 цагийн үед “Сэрүүн сэлбэ” компанийн хашаанд элс ачиж байгаад тус ангийн эзэмшлийн самосвал “ЗиЛ-130” маркийн автомашинд дайруулсан байна. Уг машиныг ангийн жолооч Х жолоодож явсан ба өгсүүр замд зогсч, талийгаач Г машины дугуйнд эвээс хийхээр очтол машин хүч алдан, дээгүүр нь гарсан ажээ. Талийгаач эмнэлгийн тусламж үйлчилгээ авч чадалгүй газар дээрээ нас барсан байна.