m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.06.03 07:53
88
Риод ДАШТ-ийг дамжуулах төв нээгдлээ

Энэ сарын 2-нд Бразилийн Рио-де-Жанейро хотод дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг олон улсад дамжуулах “ДАШТ-ийг дамжуулах төв” (IBC) нээлтээ хийлээ. Энэхүү арга хэмжээг Олон улсын хөлбөмбөгийн холбооний Ерөнхий нарийн бичгийн дарга Жером Вальке, Бразилийн спортын Дэд сайд Луиз Фернадес нар албан ёсоор нээсэн байна. Мөн тэднээс гадна Рио-де-Жанейро мужийн захирагч Луиз Фернандо Пессоа, Рио-де-Жанейро хотын дарга Эдуардо да Коста Паес, Харилцаа холбооны гүйцэтгэх нарийн бичгийн дарга Генилдо Линс, Орон нутгийн ДАШТ-ийг зохион байгуулах хорооны дарга Никлас Эриксон нар байжээ.

Энэхүү төв нь тус хотын “Riocentro” хурал, чуулган, үзэсгэлэнгийн танхимд байрлаж буй гэнэ. Эндээс дэлхийн бүх улсад спортын хамгийн том арга хэмжээг удахгүй хүргэх бөгөөд орон орны хэвлэл мэдээллийн хэрэгслүүд энд цугларах юм. 2010 онд Өмнөд Африкаас дамжуулсан ДАШТ-ыг гурван тэрбум хүн үзсэн гэсэн тооцоо гарсан байна. Энэ нь дэлхийн хүн амын тал хувьтай тэнцэх тоо юм.

ДАШТ-ийг дамжуулах төв нь дотроо студи, телевиз, дэлгүүр, ресторанууд зэрэг олон үйлчилгээтэй. Мөн 100 гаруй км урт кабелийн утас, 40 инчийн 350 ширхэг өндөр нягтралтай дэлгэц, 6000 метр квадрат хиймэл дагуулын өрөө зэрэг тоног төхөөрөмжүүд байгаа ба тэрхүү өрөөн дотор байгаа хүнд яг л дамжуулах “тосгон” шиг л санагдаж байгаа аж.

Г.Төгөлдөр