m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.06.03 07:56
576
Г.Галсанням: Хэрэглэгчид маань нэг хуудас хэвлэх өртөг өндөртэй принтерийг худалдан авдаг

Принтерийн хор гэдэг зүйлийн учрыг олох гэж задалж, угсарч үзэж байгаад принтерийн хор үйлдвэрлэх санаа “Төгс дардас” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Галсанням төрсөн байна. Ингээд хэдэн найзтай нийлэн 2007 оноос хойш тасралгүй зүтгэн Монголдоо принтерийн хор үйлдвэрлэх давуу талтай гэдгийг харж, саяхан шинэ үйлдвэрээ нээгээд байгаа түүнтэй ярилцсан юм.

-“Мастер ” принтерийн хорны  үйлдвэр хэзээ байгуулагдсан бэ? Яагаад анх ийм санаа төрөх болов?

-Бид анх 2007 оноос принтерийн хор худалдаалж эхэлсэн. Тухайн үед үнэ хямд гэдэг утгаар нь оргинал биш буюу дууриамал хор зах зээлд нийлүүлж байсан бөгөөд тухайн хор нь чанарын шаардлага хангахгүй маш их асуудал гаргаж хэрэглэгчдээс гомдол ирэх болсон. Бид яах учраа олохгүй байх үедээ принтерийн хор гэж юу юм, ямар бүтэцтэй, яаж ажилладагийг судлахаар гэртэй эд ангиудыг нь сольж үзэж байгаад яавал хар зураастай гардаг, асгардаг зэргийг ойлгож авсан. БНСУ-д энэ төрлийн үйлдвэр байдаг талаар сонсож тэнд ажилладаг ахаараа дамжуулан “Yes Ink” компаниас хор авч эхэлсэн, яваандаа нөгөө ах маань тус компанийн үйлдвэрт ажилд орсон.  Тус компани хятад, японоос сэлбэгээ авдагийг мэдэж бид тухайн компаниудаас сэлбэг авч хорыг угсарч шалгаж үзсэн юм. Тэгээд 2010 онд орон сууцны доор жижиг цех байгуулж улмаар 2014 онд улам өргөжүүлэн үйлдвэр ажиллуулахаар болж хүчин чадлаа нэмэгдүүлээд байна.

-“Мастер” гэх нэрийнхээ талаар ярьвал. Яагаад заавал ийм нэр өгөх болов?-Анхандаа Монгол нэр өгье гэж бодсон л доо.Гэхдээ ирээдүйд олон улсад гаргах зорилгоор нэрлэсэн гэхэд болно. Бид Орос улс руу бүтээгдэхүүнээ гаргана гэсэн төлөвлөгөө байгаа.

-Монгол орны принтерийн хорны зах зээл олон төрлийн хор худалдаалагдаж байгаа ажиглагддаг. Энэ талаар?

-Монгол орны зах зээлд дараах дөрвөн төрлийн хор  нийлүүлэгдэж  байна. Үүнд OEM буюу принтер үйлдвэрлэгч компаниудаас санал болгодог хор. Энэ төрлийн хор нь нэлээд үнэтэй ч чанарын хувьд асуудал гаргадаггүй. Дахин боловсруулсан хор. Өөрөөр хэлбэл, хэрэглэсэн хорны шаардлагатай эд ангиудыг сольж, дахин цэнэглэнэ гэсэн үг. OEM-тэй харьцуулахад 20-30 хувийн хямд үнэтэй байдаг. Гэхдээ хорны үндсэн сав нь хэт хуучирсан тохиолдолд чанарын доголдол гарах тохиодолууд байдаг. Цэнэглэсэн хор. Зөвхөн нунтаг хорыг дахин цэнэглэсэн гэсэн үг. Голлон урд хөршөөс орж ирдэг, үнийн хувьд маш хямд, баталгаагүй хор бөгөөд хайрцаг, сав баглаа боодол нь албан ёсны үйлдвэрлэгчийн хортой ижил төстэй ялгахад төвөгтэй байдаг. Энэхүү хор нь чанарын шаардлага хангахгүй хар зураастай гарах, асгарах, бага хуудас хэвлэх зэрэг олон сул талуудтай.

Принтерийн хор үйлдвэрлэгч компаниудын үйлдвэрлэдэг бусад бренд хорнууд нь картрижийн бүх эд ангиудыг (булнууд, арчигч резин, хайрцаг гэх мэт) анхны үйлдвэрлэгчээс нь авч, үйлдвэрлэсэн хор.  Энэ төрлийн хорны үнэ дундаж, чанар боломжийн байдаг. Гэхдээ үйлдвэрлэгчдын түвшин, эд ангиудын чанар, зохицол зэргээс хамаарч чанар нь харилцан адилгүй байдаг.

Дээрхи төрлүүдээс манай оронд оргинал биш буюу дууриамал цэнэглэсэн хор нь зах зээлийн ихэнхи хувийг эзэлдэг бөгөөд энэ төрлийн хор үнэ хямд ч чанар доголдолтой байдаг нь хэрэглэгчдийн шаардлагыг төдий л хангаж чаддаггүй. Мөн энэхүү төрлийн хорыг цэнэглэж ашиглахад 500 орчим хуудас хэвлээд асгардаг бөгөөд асгарсан нунтаг нь хэвлэгчийн эд ангиудыг бохирдуулж, автоматаар цаас татах, улмаар дамжуулах механизмын үйл ажиллагаанд муугаар нөлөөлж, бүр бусад цахилгаан дамжуулах эд ангиудыг шатаахад хүрдэг. Нунтаг хор нь цэнэг авахдаа тун муу учир хэвлэгчийн хатаагч булыг бохирдуулснаас лазер хэвлэгч нь цаасыг үрчийлгэх эсвэл ороох, гацдаг болгодог. Ингэснээр хэвлэгч, хувилагч төхөөрөмжийг гэмтээх эрсдэлтэй.

-Зах зээлийн багтаамж, өрсөлдөөн ямар байдаг  вэ?

-Гааль, татвар болон бусад сувгуудаас мэдээлэл авч тооцоолоход жилд дундажаар зургаан тэрбум орчим төгрөгний хор худалдаалагддаг бөгөөд тоогоор аваад үзвэл 120,000 орчим ширэг байгаа юм. Үйлдвэрээ байгуулаад манай өрсөлдөгч хэн бэ хэмээн судалсан. Томоохон компаниудын хувьд принтерийн хор нь дагалдах бүтээгдэхүүн гэдэг утгаараа анхаарал бага хандуулдаг бөгөөд гол зах зээлийн тоглогчид нь Өвөрмонгол болон Хятадын бөөнөөр худалдаалагчид болон жижиг бизнес эрхлэгчид байдаг. Эдгээр бизнес эрхлэгчид нь гаалийн татвар төлөх нь их ховор ажиглагддаг. Мөн албан ёсны ажилчид байхгүй тул ганц нэг хүний л нийгмийн даатгал төлдөг ба НӨАТ шаардахгүй тохиолдолд бичиж өгөхгүй нь харагддаг ерөнхийдөө бол үйл ажиллагааны зардал маш багатай бөгөөд ихэвчлэн дууриамал болон орлогч хор худалдаалдаг тул хямд үнэ санал болгох нь элбэг байдаг. Эдгээр бизнесүүдтэй харьцуулахад бид татвараа шударгаар төлж, олон ажлын байр бий болгож байгаа гэх мэтчлэн үйл ажиллагааны зардал өндөр тул 30 орчим хувийн ахиуц зардалтай гэж ойлгож болно. Монгол Улсад 200 гаруй төрлийн принтерийн хор зарагддаг байна. Нэг байгууллага гэхэд 50 принтертэй 42 өөр нэр төрлийн хор хэрэглэгдэг байх жишээтэй. Тухайн хор нь дунджаар 100 гаруй мянган төгрөгийн үнэтэй. Тэгэхээр тухайн байгууллага нэг ижил төрлийн принтертэй байлаа гэхэд эвдэрсэн тохиолдолд хор болон бусад эд ангийг нь ашиглах боломжтой. Жишээ нь 129000 төгрөгөөр принтер худалдаж авлаа гэхэд тухайн брендийн оригнал хор нь  150,000 төгрөг байх тохиолдолд элбэг байдаг. Тус хор нь багтаамж нь 1500 хуудас хэвлэдэг бөгөөд нэг хуудас хэвлэх өртөг нь 100 төгрөг болж байгаа. Гэтэл манайд худалдаалагдаж байгаа 25000 төгрөгний хор таарах принтерийг худалдан авсан тохиолдолд нэг хуудас хэвлэх зардал нь 12,5 төгрөг буюу зардлаа найман дахин бууруулах боломжтой юм.

 

-Үйлдвэрийн хүчин чадал болон үйлдвэрийн процессийнхоо талаар танилцуулбал?

-Хоёр зэрэгцээ шугам бүхий 16 ажилчинтай өдөрт 300 ширхэг хор үйлдвэрлэх хүчин чадалтай, хорны дүүргэлт, угсралт, шалгалт, савлах , судалгаа хөгжүүлэлт гэсэн хэсгээс бүрдэнэ. Эхлээд хор дүүргэлтийн аюулгүй ажиллагааны хамгаалалт бүхий Турк улсад 2013 онд үйлдвэрлэгдсэн хүний бие болон байгаль орчинг бохирдуулдаггүй тусгай төхөөрөмжөөр хорны саванд нунтаг хорыг савлана. Дараа нь угсралтын хэсэгт хор дүүргэлтийн хэсгээс гарсан савласан хоронд дүрсний бул, соронзон бул гэх мэт бусад жижиг эд ангийг нэг бүрчлэн гараар угсарна. Угсарч бэлэн болсон хорыг тус бүр нь тохирох загварын хэвлэгч, хувилгачаар нэг бүрчлэн шалгах хэсэгт хэвлэж шалгана. Шалгах хэсгээс гарсан бүтээгдэхүүнд лац, шошго тавин гэрэл нэвтрүүлдэггүй хар уут болон тусгай доргилтоос хамгаалсан хийтэй уутанд хийж “Экопак” компанид захиалгаар үйлдвэрлэсэн хайрцагт савлах хэсэгт хайрцаглана. Хорны чанарыг сайжруулах, нэр төрлийг олшруулах дээр судалгаа хөгжүүлэлтийн хэсэг ажилладаг. Бусад орны принтерийн хорны үйлдвэрийн процестэй ижилхэн. Өнгөрсөн жил БНХАУ принтерийн хор угсардаг үйлдвэртэй танилцахад нэг лазер хорыг нэг минутад үйлдвэрлэдэг байсан. Манай үйлдвэр 45 секундэнд үйлдвэрлэж байгаа юм.

Миний хувьд Ерөнхий сайдтай уулзвал хамгийн түрүүнд “Төрийн байгууллагуудыг манай принтерийн хорыг хэрэглэх” –ийг уриалж өгөөч гэж л гуйна даа.

-Түүхий эдээ хаанаас авдаг вэ?

-Принтерийн хор нь нэр төрлөөсөө хамаараад 15-20 ширхэг эд ангиудаас бүрддэг. Бид уг нь Монголдоо хуванцарын үйлдвэрийн байдаг бол хуванцар эд ангиудаа эндээ хийлгэе гэж бодсон боловч даанч боломжгүй байна. Тиймээс цаасан хайрцаг болон уутаа эх орондоо үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг хэрэглэж байгаа. Бусад эд ангиудаа дөрвөн улсаас авч байна. Тухайлбал, нунтаг хорыг БНСУ-ын LG, дүрсний булыг Япон, соронзон булыг Туркээс, бусад эд ангиудыг БНХАУ-аас бэлтгэж байна.

-Монголд үйлдвэрлэх нь ямар давуу талыг бий болгож байна вэ?

-Хор нь тээвэрлэлтийн явцад доргиж эд ангиуд нь хугарах, зай завсар гарч нунтаг хор нь гоожих, хар зураастай гарах зэрэг эрсдэлүүд байдаг. Мөн цаг агаарын хүйтрэлээс хамаарч хөлдөх, дүрсний бул нь цантаснаас болж чанарын шаардлага хангахгүй байх тохиолдолууд байдаг. Монголдоо угсарч үйлдвэрлэснээр энэ төрлийн эрсдэл багасч, ажлын байр нэмэгдээд зогсохгүй, импортыг орлох өртөг багатай принтерийн хор үйлдвэрлэж Монголдоо ахиуц ашгийг бий болгох боломжтой. Принтер үйлдвэрлэдэг компаниуд хоёр төрлөөр ашиг олох зорилгоор худалдаанд гаргадаг. Эхнийх нь принтер нь хямд, хор нь үнэтэй байдаг. Хоёрдахь нь принтер нь үнэтэй, хор нь хямдхан байдаг. Мөн бидний хувьд Монголдоо үйлдвэрлэснээр нэг хуудас хэвлэх өртөг өндөртэй хор хэрэглэдэг принтер худалдан авч байгааг ажиглан хэрэглэгчдээ принтерээ сонгохдоо хорных  үнийг анхаарч нэг хуудас хэвлэх өртөгийг найм дахин бууруулах боломж байхыг зөвлөх зэрэг бид илүү хэмнэлтийг үүсгэж ухаалаг хэрэглээг бий болгож байгаа нь бас нэг давуу тал юм. Байгууллагууд нь принтер худалдан авахдаа хорны үнэ буюу нэг хуудас хэвлэхэд гарах зардлаа тооцоолохгүй худалдан авалт хийж байгаа нь үр ашиггүй зардлыг бий болгож байна. Машин худалдан авахдаа шатахуун зарцуулалтыг нь асуудаг биздээ.

-Мастер брендийн принтерийн хор нь ямар давуу талыг хэрэглэгчдэдээ бий болгох вэ?

-Үнийн хувьд албан ёсны үйлдвэрлэгчдийн хорноос 2-3 дахин хямд, мөн дуудлагаар хүргэж өгөх, хэвлэгч хувилагчийн засварлах зэрэг нэмэлт үйлчилгээнүүд нь хэрэглэгчдийн цагийг хэмнэж, ажлын бүтээмжийг ихэсгэх, зардлыг хэмнэх болно. Мөн хорны эд ангиудыг шинээр угсарч хамгийн өндөр нийцэл бүхий дүрсний бул нунтаг хорыг ашиглаж байгаа. Ингэснээр хорны гаралтыг илүү жигд тод болгон хорны боломжит хамгийн их хэмжээгээр хэвлэж байгаа учраас чанартай гэж үзэж байна. Мөн стандартын дагуу гэрлээс хамгаалсан хар уут, доргилтоос хамгаалсан хийтэй уут мөн өөрийн орны хэрэглэгчдэд зориулсан Монгол тайлбартай хайрцаг / хэрэглэх зааварчилгаа, хадгалалтын горим зэрэг / нь хэрэглэхэд илүү хялбар болгож байгаа юм. Мэдээж импортыг орлох бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, ажлын байр бий болгох, Монголдоо ахиуц ашгийг үүсгэн гадагшаа урсах мөнгөний урсгалыг багасгах юм.

Байгууллагууд нь принтер худалдан авахдаа хорны үнэ буюу нэг хуудас хэвлэхэд гарах зардлаа тооцоолохгүй худалдан авалт хийж байгаа нь үр ашиггүй зардлыг бий болгож байна. Машин худалдан авахдаа шатахуун зарцуулалтыг нь асуудаг биздээ.

-Принтерийн хорыг Монголд үйлдвэрлэж байна гэхээр хүмүүс хэрхэн хүлээж авч байна.

-Хүмүүс ихэнх нь сайхан хүлээж авч байна. Мэдээж зарим нь Монголдоо үйлдвэрлэнэ гэж юу байхав, өө та нар угсарч байж үйлдвэрлэлээ гэлээ гэх мэт олон зүйлс ярьдаг. Мөн манайхан Монгол гэхээр л муу, алдаатай гэсэн ойлголт байна. Хорыг хүмүүс хугацаагаар хэрэглээг нь тооцоод байдаг хугацаагаар биш хэвлэсэн хуудасны тооноосоо л хамаарна. Ямар нэгэн компанийн бичиг хэрэг хариуцсан ажилтай уулзахад хэзээ ч эх оронч сонголтыг хийдэггүй. Тиймээс тухайн компанийн захирал, хөрөнгө оруулагч нартай уулзахад арай өөр байдаг. Манай компанийг  “Ньюсоник”, “Саммит” компани дэмжин бүтээгдэхүүнийг маань борлуулж өгөхөөр болсон. “PC MALL” сүлжээ их дэлгүүрийн 33 салбараар “Мастер” брендийг худалдаалахаар болсон.

-Үндэсний үйлдвэрлэгч нарыг төр засаг хэрхэн дэмжих хэрэгтэй гэж үздэг вэ?

-Төр засаг маань хөрөнгийн эх үүсвэр зээл олгож байгаа нь давуу талтай ч эх үүсвэрээс илүү үндэсний үйлдвэрээ гадны өрсөлдөгчдөөс хэрхэн хамгаалах уу? Зах зээлийг нь яаж бий болгох уу? гэдэг дээр л илүү анхаарах хэрэгтэй байна. Үндэсний үйлдвэрүүдийн түүхий эдийг гаалийн татвараас чөлөөлөх, ажилчдын нийгмийн даатгалаас хөнгөлөх, тухайн үйлдвэрийн бүтээгдэхүүний худалдан авсан байгууллага хэрэглэгчдийг урамшуулах зэргээр зах зээлд давуу талыг бий болгох шаардлагатай. Хамгийн чухал зүйл бол Монгол хүн бүрт үндэсний үйлдвэрийн бүтээгдэхүүнээ хэрэглэх сэтгэхүйг суулгах. Мөн стандарт гаргах замаар гадны зах зээлээс хамгаалах нь чухал гэж бодож байна. Хүнд сэтгэл, итгэл үнэмшил, алсын хараа нь байх юм бол мөнгөө босгоод юу ч хийж болно шүү дээ. Миний хувьд Ерөнхий сайдтай уулзвал хамгийн түрүүнд “Төрийн байгууллагуудыг манай принтерийн хорыг хэрэглэх” –ийг уриалж өгөөч гэж л гуйна даа.

-Цаашид юу хийхээр төлөвлөж байна вэ?

-Бид принтерийн хор худалдан авч буй хэрэглэгчдийнхээ хэвлэгч, хувилагч төхөөрөмжийг цэвэрлэх, засварлах урсгал үйлчилгээг бий болгоно. Мөн Монголдоо ахиуц ашгийг нэмэгдүүлэх, хог хаягдлыг багасгах үүднээс дахин боловсруулах чиглэлд ажиллана гэж төлөвлөж байна. Дахин боловсруулна гэдэг нь худалдаалсан хороо дуусахаар нь буцаан авч хорны үндсэн хуванцар савыг нь ашиглах, дүрсний булыг нөхөн сэргээж ашиглана гэсэн үг.  Мөн нэг хуудас хэвлэх өртөгийг 10 төгрөг болгох зорилт тавиад шаардлагатай бол ийм өртөг багатай хор таардаг принтер үйлдвэрлэнэ гэж мөрөөдөөд байгаа.

Ярилцсанд баярлалаа.