m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2019.04.11 09:08
720
Монголын морин спорт, уяачдын холбооноос мэдээлэл хийлээ

Монголын морин спорт, уяачдын холбоо /ММСУХ/-ноос мэдээлэл хийлээ. Энэхүү хуралд ММСУХ-ны ерөнхийлөгч Ц.Батсайхан, ММСУХ-ны дэд ерөнхийлөгч Б.Нямжав, ММСУХ-ны тэргүүлэгч Н.Мөнхбаясгалан, МУ-ын хөдөлмөрийн баатар, Тод манлай уяач Д.Даваахүү, ММСУХ-ны тэргүүлэгч Л.Цагаандалай, ММСУХ-ны ажлын албаны дарга Б.Батбаатар нар оролцсон юм.

Тэд саяхан болж өнгөрсөн ҮII их хурлаас гарсан шийдвэр, ирэх дөрвөн жилд хэрэгжүүлэх бодлого үйл ажиллагааны талаар болон 2019 онд зохион байгуулах хурдан морины уралдааны талаар мэдээлэл хийв. Тавдугаар сарын 12-нд буюу зуны эхэн сард энэ оны анхны уралдаан ММСУХ-г үүсгэн байгуулагчдын нэг, холбооны анхны ерөнхийлөгч Пунцагбалжир агсны нэрэмжит төвийн бүсийн уралдаан болно гэдгийг онцолсон юм.

Уг хурлын үеэр МУ-ын хөдөлмөрийн баатар, Тод манлай уяач Д.Даваахүүгээс тодруулга авлаа.

-Өнөөдрийн хуралд уяачдын төлөөлөл болон оролцож байна.

Жил болгон зохион байгууллагддаг хаврын уралдаан энэ жил хойшлогдсон юм. Монголчууд бид энэ том уламжлалаа бүгд мэддэг. Хаврын морин уралдаан маань тавдугаар сарын 12-нд болохоор тов нь гарлаа. Долдугаар их хурлаар олон асуудлыг шийдлээ. Бидний энэ том соёлыг авч үлдэхэд илүү их ажил хийгдэх ёстой. Хууль, дүрэмтэй болох хэрэгтэй байна. Бооцоотой уралдаан явуулах дүрэм байхгүй байтал уяачид сайн дураараа зохион байгуулж байгаа нь буруу.

-Олон жил морь уясан туршлагатай уяач хүний хувьд та эрлийз адууны асуудалд ямар байр суурьтай байдаг вэ?

-1956 онд анх Монгол улсад морин тойруулга бий болгох асуудал яригдаж эхэлсэн. Үүнээс хойш төр засаг энэ том ажлыг 20 жил хийсэн. Ардын хувьсгалын 45 жилийн ойгоор ОХУ-аас нэлээд хэдэн азарга ирж уралдсан байдаг юм. Тухайн үедээ амжилт үзүүлээгүй. Ингээд уралдааны дараа морьдоо манай улсад орхиж явсан. Ингээд цус холилдсон гэдэг. Монгол улсад хамгийн том уралдаан бол Их нас, Азарга хоёр. 1977 онд би ажлаа авч байхад их нас анх түрүүгээ авч байсан юм. Тухайн үед эрлийз адууг зэрлэгүүд гэж нэрлэдэг байсан. Сүүлдээ эрлийз болж үүлдвэр угсааг нь сайжруулсан байх.

-Цэвэр цусны монгол адуу, эрлийз адууны ялгааны талаар?

-Манай монгол адуу бол монгол газрынхаа дөрвөн улиралд дассан ямар ч тэжээлийн хэрэггүй байдаг. Эрлийз адуу бол тэжээлийн адуу. Байнгын л тэжээж, бөцийлж байхгүй бол болдоггүй хэцүү. Гэтэл манай адуу бол цаанаасаа байгалиасаа бий болж, ургасан учраас халуун, хүйтэнд маш тэсвэртэй байдаг. Миний бодлоор Монгол адуугаа тусгайлан үзүүлж, эрлийз болгох адуугаа тусгайлан сайжруулах хэрэгтэй гэж боддог. Гэхдээ манай улсад морин тойруулга бий болоогүй байна. Хэрвээ морин тойруулгатай болчихвол "Чингис хааны нэрэмжит Морин тойруулгын уралдаан" гэж зохион байгуулаасай гэж хүсэж, харж байдаг юм.

-Монгол цусны адуугаа авч үлдэхийн тулд залуу уяачид юуг анхаарах уу?

-Одоо хүмүүс нэлээн анхаарч үзэж байгаа. Эрлийз адууг гаднаас авчираад адуу нь үхэж байна. Янз бүрийн асуудал их гарч байна. Манай улсын дөрвөн улиралд тэнцэх үү үгүй юу гэдгийг нэлээн л үзсэн. Залуу уяачиддаа хэлэхэд, сайн судалж байж үржүүлэх хэрэгтэй гэж хэлье. Ер нь монгол адуу энэ нутагтаа дасан, байгалиасаа ургасан адуу. Дэлхийн талыг эзэлж явсан адууг цэвэр цусаар байлгаж байх нь зөв. Эрлийз адуугаа тусгайлан хөгжүүлэх хэрэгтэй. -ММСУХ эрдэмтдийн зөвлөлтэй болсон. Цаашдын шийдвэрүүд шинжлэх ухааны үндэслэлд тулгуурлан гарах юм.

Энэ тал дээр уяачдын байр суурь ямар байгаа вэ?

-Энэ бол дөрвөн жилийн тод манлай уяач Содномцог, Д.Баянбат нар ярьж байсан асуудал. Харин энэ жил хийх гэж гарын үсэг зурсан ч би маш их баяртай байгаа. Монгол адуу гэж яриад байгаа мөртлөө цаанаа эзэмшилгүй, шинжлэх ухааны үндэслэлтэй судалгаа хийгдээгүй байдаг. Энэ ажлыг хийж эзэнтэй болох гэж байгаад нь талархаж ММСУХ-ныхондоо утсаар ярьж баяр хүргэсэн. Бооцоотой уралдаан зохион явуулж байгаа нь буруу энэ бол дүрэм зөрчсөн асуудал. Дээрээ хууль, дүрэмтэй болох ёстой. Хуультай болохоороо улам сайжирдаг юм. 20-иод оноос манай улсын соёлыг таслах гэсэн дарамт байсан. Эрийн гурван наадмаа зохион байгуулдаг уламжлалтай болохоороо хөгжүүлж өдийг хүртэл авч ирсэн юм. Их хөгжлийн дагаад хэсэг зүйл гарч ирдэг. Үүнийг дагаж хэсэг бужигнасан. Одоо мэргэжлийн залуучууд улам их ажлыг хийнэ гэдэгт найдаж байна.

-Хаврын уралдаан тавдугаар сарын 12-нд болохоор тов нь гарч, уяачидтай хандаж юу хэлэхийг хүсэж байна?

-Их сайхан тоостой болох байх. Мэргэжлийн хүмүүстэй болсон болохоор өндөр хариуцлагатай зохион байгуулагдах юм байна. -ҮII их хурлын шийдвэр- “Монголын морин спорт, уяачдын холбоо нь нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага бөгөөд 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр ээлжит VII их хурлаа хуралдуулсан юм. Энэхүү хуралд Монгол Улсын 330 сум, 21 аймаг, Улаабаатар хотын зургаан дүүргийн уяачид /Тод манлай, манлай, алдарт цолтой уяачид/ болон эрдэмтэн, судлаачид бүхий 728 төлөөлөгч оролцсон бөгөөд нийт төлөөлөгчдийн 74,8 хувь нь хөдөө орон нутгаас, харин үлдсэн 25,2 хувь нь нийслэл хотоос сонгогдсон билээ.

VII их хурлаас төв болон салбар холбоодын дүрэм, хурдан морины уралдааны дүрмийг шинэчлэн баталж, Үндэсний их баяр наадмын тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах зарим асуудлаар хэлэлцсэнээс гадна ММСУХ-ны Ерөнхийлөгч, Тэргүүн дэд, Дэд ерөнхийлөгч, ерөнхий нарийн бичгийн дарга, 61 тэргүүлэгч гишүүдээ шинээр сонгосон юм.

Монголын хамгийн том төрийн бус байгууллагын Ерөнхийлөгчөөр нийт санал өгсөн төлөөлөгчдийн 77,07 хувийн дэмжпэгийг хүлээн Цогтын Батсайхан сонгогдон ажиллаж байна. -Ирэх дөрвөн жилд хэрэгжүүлэх бодлого, үйл ажиллагаа- Холбоо нь батлагдсан дүрэм, журмынхаа хүрээнд нэг тэргүүн дэд ерөнхийлөгч, салбар чиглэл хариуцсан зургаан дэд ерөнхийлөгч, 61 тэргүүлэгч гишүүдээ байнгын үйл ажиллагаатай ажиллана.

-Орон нутгийн салбар холбоодын

-Олон нийт, хэвлэл мэдээллийн

-Гадаад харилцаа, судлагаа, сургалтын

-Санхүү, хөрөнгө оруулалтын

-Хурдан морины уралдаан, зохион байгуулалтын

-Хууль тогтоомж, дүрэм, журмын хэрэгжилт, хариуцлагын

-Мэдээллийн сан, бүртгэлийн асуудал хариуцсан бодлогын хороо гэсэн долоон бодлогын хороонд чиг үүргээр нь хуваарилан ажиллуулахаар зохион байгуулалт хийсэн байна.

Холбооны өдөр тутмын ажлыг хариуцах үүрэгтэй Ерөнхий нарийн бичгийн дарга нь Ажлын алба байгуулан ажиллаж байгаа бөгөөд дэргэдээ байнгын үйл ажиллагаатай ажиллах Эрдэмтдийн зөвлөл байгуулан ажиллаж байна. Эрдэмтдийн зөвлөл нь дотроо Хүний хөгжлийн зөвлөл, Адууны хөгжлийн зөвлөл болон хуваагдаж тус тусын чиг үүргийн дагуу ажиллах юм.

Энэ хүрээнд өнгөрсөн сард ХААИС болон тус сургуулийн эрдэмтэн докторуудад түшиглэсэн Адууны хөгжлийн зөвлөл байгуулж, хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурж хамтын ажиллагаагаа эхлүүлээд байгаа юм. Ирэх дөрвөн жилд ММСУХ-ноос зөвхөн морин уралдаан зохион байгуулах, цол олгоход өргөн барих төдийгөөр бодлого, үйл ажиллагаагаа хязгаарлахгүй, морин уралдаантай холбоотой адуун өв соёл, уламжлал ёс заншлаа сэргээх, хадгалж хамгаалах, хойч үедээ өвлүүлэх, дэлхийд сурталчлах тал дээр анхаарч, энэ хүрээндээ төрийн болон төрийн бус 30 гаруй байгууллагуудтай нягт хамтран ажиллахаар төлөвлөсөн.

Мөн “морины” гэдэг тодотголтой ТББ-уудын үйл ажиллагааг дэмжиж хамтран ажиллана гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна. Түүнчлэн УИХ-ын гишүүн Х.Болорчулууны санаачлан боловсруулсан “Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль”-ийн төсөл болон Их хурлын бүх гишүүдийн саналаар дэмжигдсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл, түүнтэй холбоотой тогтоол, шийдвэрийг гарган хууль санаачлагчдад өргөн бариад байна. Мөн их хурлаараа хэлэлцүүлж баталсан дүрэм, журмаа Улсын бүртгэлд бүртгүүлж, батлагдсан дүрэм журмын хүрээнд төв холбоо нь аймаг, нийслэл, сум, дүүргийн салбар холбоодынхоо үйл ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна.

-2019 онд болох уралдаанууд 

ММСУХ-ноос 2019 онд зохион байгуулах уралдааны саналыг Засгийн газарт өргөн барьсны дагуу өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 10-ны Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж бүсийн уралдааны товыг албан ёсоор баталлаа. Холбооны зүгээс өргөн мэдүүлсэн уралдааны саналд томоохон өөрчлөлт ороогүй байна.

Энэ жил зуны бүсийн зургаан уралдаан, шигшмэл морьдын “Их хурд-8” уралдаан зохион байгуулагдана. 2019 оны анхны уралдаан ММСУХ-г үүсгэн байгуулагчдын нэг, холбооны анхны ерөнхийлөгч Пунцагбалжир агсны нэрэмжит төвийн бүсийн уралдаан зуны эхэн сард буюу 05 дугаар сарын 12-нд Хүйн долоон худагт болно.

Гурван жил тутам зохион байгуулагддаг Их хурд уралдаан 07 дугаар сарын 20, 21-нд Хүйн долоон худагт зохион байгуулагдах бол Зуны бүсийн уралдаанууд 07 дугаар сарын 28, 29-ны өдрүүдэд Баян-Өлгий, Хөвсгөл, Баянхонгор, Өмнөговь, Дорнод, Говьсүмбэр аймгуудад болох юм. Ийнхүү энэ онд АХ-ын ой, үндэсний их баяр наадмын уралдаантай нийлээд есөн том уралдаан болох юм.

Шууд үзэх: