УИХ-ын 10 гишүүний санаачлан өргөн барьсан Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай уихын тогтоолын төслийг чуулганаар хэлэлцэх эсэхийг шийдвэрлэж, анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ.
Төрөөс үдийн цай хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ I-V ангийн нэг сурагчид 600 төгрөгөөр тооцож хоол, хүнсний зүйл өгөх ёстой ч үүний тал хувь нь сургуулийн цайны газрыг түрээсэлж буй төлбөрт зарцуулагддагийг хууль санаачлагч, ажлын хэсгийн судалгаагаар тогтоожээ. Үүнээс шалтгаалан сурагчдын хоолны мөнгө 300-400 төгрөг болж буурдаг байна. Мөн 2018 онд МХЕГ-ын хийсэн шалгалтаар ЕБС-иудын 50 гаруй хувь нь зориулалтын гал тогоогүй, 30- 50 хувь нь хүнсний эрүүл ахуйн хяналтгүй бүтээгдэхүүнээр үйлчилдгийг тогтоожээ. Тиймээс дээрх УИХ-ын гишүүд “үдийн цай” хөтөлбөрийг “үдийн хоол” болгон өргөжүүлэх, олон улсын стандартад нийцүүлэхээр хуулийн төсөл, цогц хөтөлбөр санаачилжээ.
УИХ-ын гишүүд сурагчдын эрүүл мэндийг дэмжих зорилготой уг хуулийн төслийг дэмжиж байгаагаа илэрхийлж байсан ч хуулийг хэрэгжүүлэхэд шаардагдах мөнгөн хөрөнгө байхгүйд санаа зовж байв. Тухайлбал, энэ хууль батлагдсанаар улсын хэмжээний ерөнхий боловсролын 824 сургуулийг бүрэн зориулалтын гал тогоотой болгох, мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэхэд улсын төсөвт 307.2 тэрбум төгрөгийн ачаалал ирэх юм.
Энэ талаар төсөл санаачлагч Ц.Мөнх-Оргил тайлбарлахдаа “2020 оны есдүгээр сарын 1-нээс хууль хэрэгжих юм. Тиймээс энэ жилийн төсөвт тодотгол хийх шаардлагагүй. Мөн энэ мөнгийг нэг дор гаргах шаардлагагүй шат дараалсан байдлаар жил жилийн төсөвт суулгах боломжтой” гэснээр гишүүд тайвшрав. Хуулийн төсөл зөвхөн бага ангийн сурагчдад зориулсан бус сургуулийн бүх сурагчдийг хоолоор хангахад чиглэгдэж байгааг тэрбээр онцлов. Ингэхдээ 2020 онд бүх сургуулийг зориулалтын гал тогоотой болгож, 2021 оноос дунд ангийн сурагчдыг хоолтой болгон 2022 оноос ахлах ангийнхныг хамруулахаар төлөвлөж байгаа аж. Харин нэг сурагчид хэдэн төгрөгийн хоол өгөхийг Засгийн газраас тогтоож жил бүрийн төсөвт суулгахаар хуульчлах аж
Хуулийг хэрэгжүүлэхэд 652 хоол зүйч, 1600 тогооч шаардлагатай
Одоогоор улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй ЕБС-иудын тал хувь нь зориулалтын гал тогоогүйг ажлын хэсгийнхэн танилцуулсан. Зөвхөн нийслэлийн 141 сургуулийн 80 нь зориулалтын гал тогоотой, 54 нь зориулалтын бус, долоон сургууль огт гал тогоогүй байгаа аж. Тиймээс дээрх 61 сургуулийг гал тогоотой болгоход 9.3 тэрбум төгрөг шаардлагатай гэж тооцоолжээ. Энэ мэтчилэн сумдын сургуулийг оролцуулаад улсын хэмжээнд шинээр 46 сургуулийг шинээр гал тогоотой болгох, 176 сургуулийн гал тогоонд бүрэн засвар хийх, 430 сургуульд тоног төхөөрөмж суурилуулах шаардлагатай болно. Мөн хуулиар сургууль бүрт хоол зүйч, мэргэжлийн тогооч ажиллуулах шаардлагыг тавина. Өнөөдрийн байдлаар сургуулийн цайны газарт мэргэжлийн 666 тогооч ажиллаж байгаа гэх судалгаа бий. Харин хууль хэрэгжиж эхэлснээр нэмж 900 тогооч, 662 хоол зүйч шаардлагатай болох юм. Эдгээр бэлтгэл ажлыг хангах мөнгө 307 тэрбум төгрөгт багтсан гэж төсөл санаачлагч нар тайлбарлаж байна.
Орон нутгаас сонгогдсон гишүүдийн санаа зовниж буй бас нэг асуудал нь сургууль үдийн хоолоо өөрсдөө хийдэг болчихоор жижиг үйлдвэрлэл эрхлэгч, бизнесийнхэнд хүндрэлтэй тусна гэж үзэв. Ялангуяа, сумын хэмжээнд үйл ажиллагаа явуулж, сургуульд хүнс нийлүүлдэг хүмүүсийн ажлын байрыг хадгалах, бүтээгдэхүүний борлуулалтыг хэвийн хэмжээнд байлгах боломжгүй болно гэж Д.Тогтохсүрэн гишүүн хэлэв. Ажлын хэсгийн ахлагч М.Оюунчимэг тайлбарлахдаа “Улсын хэмжээнд 275 сургууль цайны газраа түрээслүүлснээс 33 нь иргэн, 242 нь ААН-тэй гэрээлсэн. Хуулиар хувийн хэвшлийн боломжийг хязгаарлаж байгаа зүйл байхгүй. Зөвхөн стандарт л тавина” гэсэн бол Ц.Мөнх-Оргил “ААН, иргэд хүнсний бүтээгдэхүүн нийлүүлэх боломж нээлттэй. Харин 2022 оноос сургуулийн цайны газрыг түрээслэх явдлыг хална. Ингэхгүй бол хариуцлага хүлээх эзэнгүй болчхоод байна. Энэ хуулиар сургуулийн захирал, хоол зүйч нар эцсийн хариуцлага хүлээдэг болно. Хувийн хэвшлийг дэмжих зорилгоор орон нутгийн хүнсийг авах шаардлагыг хуульд тусгасан” гэв.
Хуулиар бас нэгэн чухал зүйлийг хөндөж байгаа нь сургуулийн орчинд худалдаалах хүнсний зүйлсийн жагсаалтыг баталж, мөрдүүлэх заалт оржээ. Түүгээр сургуулиас 150 метр дотор хүүхдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх хүнсний бүтээгдэхүүн борлуулахыг хориглох аж.
Энэхүү хууль хэрэгжсэнээр сурагчдын насны онцлогт тохирсон эрүүл, аюулгүй хоол хүнсийг стандартын шаардлага хангасан орчинд мэргэжлийн хүмүүсээр бэлтгүүлж, оновчтой зохион байгуулснаар 15 жилийн дараа халдварын бус өвчнөөр өвчлөгсдийн тоо эрс буурна гэж тооцоолсон байв.
Эх сурвалж: Засгийн газрын мэдээ