Шүүх эрх мэдлийн байгууллагуудын шинэтгэлийг гүнзгийрүүлэх хөтөлбөрийн хүрээнд хууль зүйн салбарт мөрдөгдөж буй хууль тогтоомжууд шинээр батлагдан мөрдөгдөж эхлээд багагүй хугацаа өнгөрч байгаа билээ.
Шинээр батлагдан гарсан болон цаашид шинээр гарах хуулиудын үзэл баримтлал чиг хандлагад нийцүүлэн прокурорын байгууллагын хэмжээнд мөрдөгдөж буй хууль, эрх зүйн баримт бичгийг шинэчлэн боловсруулах шаардлагыг харгалзан Улсын Ерөнхий Прокурор Төрийн хууль цаазын тэргүүн зөвлөх Д.Дорлигжав тушаал гаргаж, энэ ажлыг хариуцсан ажлын хэсэг байгуулсан байна.
Энэхүү ажлын хэсгийг Улсын Ерөнхий Прокурорын орлогч, Төрийн хууль цаазын шадар зөвлөх Г.Эрдэнэбат ахлаж байгаа бөгөөд ажлын хэсэг нь Прокурорын байгууллагын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулах, Прокурорын сахилгын дүрэм, ёс зүйн дүрмийн нэгтгэн судлаж, Прокурорын мэргэжлийн дүрмийг шинээр боловсруулах, прокурорын хяналтын ажлын аргачилсан зааварт нэмэлт өөрчлөлт оруулах гэсэн гурван чиглэлээр ажиллаж холбогдох төслүүдийг боловсруулж эхлээд байна.
Түүнчлэн дээрх хууль тогтоомж болон эрх зүйн баримт бичгүүдэд прокурорын байгууллагын чиг үүрэг, хяналтын ажлын арга барилыг шинэ түвшинд тодорхойлож, тусгахаар тус ажлын хэсэг ажиллаж байгаа ажээ.