m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2019.05.15 01:12
977
Өнөөдөр олон улсын гэр бүлийн өдөр тохиож байна

Олон улсын гэр бүлийн өдөр өнөөдөр тохиож байна.Энэ өдрийг дэлхий нийтээр 1994 оноос, манай улс 2003 оноос тэмдэглэж ирсэн юм. Тухайн онд УИХ-ын тогтоолоор Монгол Улсын төрөөс гэр бүлийн хөгжлийн талаар баримтлах бодлогыг батлан гаргаж байв. Түүнээс хойш манай улсад гэр бүлд тулгамдаж буй асуудал, шийдлийг эрдэмтэн судлаачдын хамт хэлэлцдэг болсон юм. Энэ уламжлалаар өнөөдөр “21 зууны Монгол гэр бүл” эрдэм шинжилгээний бага хурлыг олон улсын “Улаанбаатар” их сургууль, Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газартай хамтран зохион байгуулах гэж байна.  Олон улсын гэр бүлийн өдөр нь нийгэмд гэр бүлийн үнэ цэнийг улам илүү ойлгох боломжоор хангадаг болж буйг мэргэжилтнүүд хэлж байна. Гэр бүлийн бүх гишүүд хайраар тэжээгдэж, хүүхдээ хүмүүжүүлэхээс эхлэн өөрсдийгөө хайрлаж эрүүл сайн сайхан, аз жаргалтай байлгахын төлөө бүгд хичээснээр гэр бүлийн үнэ цэнийг бий болгож улс орныхоо тусгаар тогтнол, хөгжлийн төлөө гэсэн тогтвортой, анхдагч орчин тогтдог байна. Ингэснээр нийгэмд эерэгээр нөлөөлдөгийг эрдэмтэн, судлаачид хэлж байна.

Өнөөдөр болох эрдэм шинжилгээний бага хурлаар “Гэр бүлийн асуудлыг зохицуулж буй эрхзүй орчны хэрэгжилтийн өнөөгийн байдал”, “Эрүүл, тогтвортой гэр бүлийг бий болгох нь”, “Гэр бүл-хүүхэд” гэсэн үндсэн гурван сэдвээр 20 гаруй илтгэлийг хэлэлцэх талаар Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газраас мэдээлж байна. Шалгарсан илтгэлүүдээр ном гаргаж шийдвэр гаргах түвшинд хүргэн, судлаачдын бүтээл болгох аж.