Хан уул дүүргийн 4-р хороо Наадамчдын гудамж их хэмжээний бороо орсны улмаас автозамын зорчих хэсэг болон, явган хүний зам эвдэрч, авто замын зорчих хэсгийн далан руу ус нэвчиж дүүрсэн. Энэ тухай манай сурвалжлах баг өчигдөр /2019.08.06/ газар дээрээс нь шууд сурвалжлагыг та бүхэнд хүргэсэн.
Уг нь бол НМХГ-аас өнгөрсөн сарын 08-ны өдөр үерийн далан хааж барилга барьж буй "Талст ширээт" ХХК, "Бат бөх" ХХК-иудад шаардлага хүргүүлж үерийн ус зайлуулах байгууламж хийхийг шаардаж байсан байна. Гэвч тус байгууллагууд шаардлагыг хүлээж аваагүйгээс болж дээрх нөхцөл байдал үүссэн байна.
Тус аж ахуйн нэгжүүд нь автозамын ус гаргалгааны хоолойг хааж барилга барьсан, гадаргуугийн болон үерийн ус зайлуулах байгууламж хийгээгүй байна.
Түүнчлэн өчигдөр нийслэлийн захирагч уг газарт ажиллах үеэр дээрх 2 байгууллага нь газрын зөвшөөрөлтэй хэдий ч барилгын зөвшөөрөлгүй гэдгийг хэлж байсан. Ийм л дүр зураг өнөөгийн нийгэмд энгийн үзэгдэл болоод байна.
Хэрвээ энгийн иргэн үерийн далан хаагаад гэр барьсан бол нүүлгэн шилжүүлэх ажлыг яаралтай хийх байсан байх. Гэвч том барилгын өмнө төрийн байгууллагууд нь хүчин мөхөсдөж байх шиг байна. Угтаа бол тус барилгын ажлыг зогсоох арга хэмжээг авах ёстой юм.