Саяхан Калифорнийн эрдэм шинжилгээний төвд “The Lourdes Foundation” буяны сангийн бага хурал болж, Далай багш өөрийн биеэр мориллоо. Холлиудын одод, тэр дундаа Түвдээс ирсэн хүндэт зочны эртний найз Шэрон Стоун буддын шашны тэргүүнтэй уулзах боломжийг алдсангүй. Лос Анжелост орших “California Science Center” төвд санаанд оромгүй хүмүүс ирсэн байлаа. Гэрэл зурагчдын өмнө нүцгэн шахуу зогсоод зургаа авхуулдаг хүүхнүүдээс авхуулаад холливудын одод ч иржээ. Тэдний дотор Шэрон Стоун, Эва Лонгориа, Диана Крюгер нар байсан гэнэ. Эмэгтэйчүүд ихэнхдээ хар, саарал, эсвэл сүүн өнгөтэй даруухан даашинз өмссөн байв. Тэгэхдээ Польшийн загвар өмсөгч, реалити шоуны од Жоанна Крупа уг арга хэмжээний дресс-коодыг үл тоон газар шүргэм урт хормойтой, цайдар ягаан даашинзаар гангарчээ. Бас зүгээр ч үгүй, энгэр нэлээд задгай юм гээч. Гэвч тэнд ирэгсдийн анхаарал Лупита Нионг, Эва Лонгориа, Шэрон Стоун нар дээр төвлөрсөн байсан тул Польш загвар өмсөгчийг шүүмжилсэн аястай муухай харах хүн байсангүй. Үргэлжид инээмсэглэж байдаг далай ламаас уулзалтад ирсэн зочид олон асуулт асуусан бөгөөд харин эртний танил Шэрон Стоун бүр Их багштай хамт тайзан дээр гарч ирсэн харагдана. Ноднин жил Далай багш Шэронд сайн үйлсийн төлөөх Нобелийн тусгай шагнал гардуулсан билээ. Тэдгээр хүмүүс бүгд далай ламтай уулзсандаа маш их баяртай байсан аж.