Сүүлийн өдрүүдэд нэр бүхий бөхчүүд допинг хэрэглэсэн гэх мэдээлэл цацагдах болсонтой холбоотойгоор Үндэсний бөхийн салбар хорооноос албан ёсны мэдээлэл хийлээ.
Бөхийн салбар хорооны дарга Билгүүн, 2003 онд батлагдсан Үндэсний их баяр наадмын тухай хуульд шөвгийн 16-д үлдсэн бөх, сур харвааны эхний гурван байр эзэлсэн харваачээс сэргээшийн шинжилгээ авна гэж заасан байдаг. Хуулиар эрх олгосны дагуу Бөхийн салбар хорооноос 2019 оны зургаадугаар сард сэргээшийн шинжилгээ авахтай холбоотой нарийвчилсан журам гаргасан.
Журамд:
Үндэсний бөхийн барилдаанд 5 ба түүнээс дээш давж, шөвгөрсөн бөх өвдөг шороодсоны дараа, үзүүр түрүүний бөх барилдаан дууссанаас хойш 30 минутын дотор сэргээшийн шинжилгээнд хамрагдана гэж заасан. Энэ журмынхаа дагуу тав ба түүнээс дээш давсан 16 бөхөөс сэргээшийн шинжилгээ авч, Олон улсын олимпийн хорооны баталгаатай лабораторид 32 лабораторийн нэг болох БНСУ-ын лабораторид шинжлүүлсэн. Сэргээшийн шинжилгээ авах ажлыг МҮОХ, БТСГ, Үндэсний бөхийн салбар хороо хамтран ном журмынхаа дагуу хяналтын дор авсан.
Шинжилгээний хариу наймдугаар сарын 8-ны өдөр Үндэсний бөхийн салбар хороонд ирсэн. 16 бөхийн 14 бөхөөс сэргээшийн төрлийн бодис илрээгүй. Хоёр бөхөөс сэргээшийн төрлийн бодисын жагсаалтад орсон бодис илэрсэн байна.
Хоёр бөхийн нэгээс допингийн төрлийн 4, нөгөө бөхөөс 1 төрлийн бодис илэрсэн. Бид наймдугаар сарын 8-нд хариуг бөхчүүд тус бүрт албан ёсоор илгээсэн. Сэргээш илэрсэн хоёр бөхийн утас холбогдохгүй байсан тул бид мессэж илгээсэн. 9-ний өдөр бичгээр гэрт нь хүргүүлсэн.
Сэргээшийн төрлийн бодис илэрсэн хоёр бөх хариу авснаас хойш 10 хоногийн дотор Б сорьцын шинжилгээг өгөх эрхтэй. Б сорьцын шинжилгээний хариуг өгөхгүй байж болно. Хэрэв 19-нийг хүртэл хоёр бөх Б сорьцын шинжилгээ өгөх хүсэлтээ бичгээр хүсэлт гаргахгүй бол бид нэрийг зарлана. Б сорьцын шинжилгээний төлбөрийг хүсэлт гаргагч өөрөө хариуцна.
Допинг илэрсэн нь тогтоогдвол Баяр наадам зохион байгуулах Үндэсний бөхийн салбар хорооноос барилдах эрхийг 2 жил хүртэлх хугацаагаар хасна, баяр наадмаар авсан бай шагналыг хураана. Цол олгосонн Монгол Улсын Ерөнхийлөгч улсын Ерөнхийлөгч цолыг хураах зохицуулалттай.