Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц нарын есөн хүнд холбогдох шүүх хурал түр завсарлаад, 15 цагийн орчимд үргэлжиллээ.
Шүүгдэгч Б.Хурцын өмгөөлөгч Г.Батбаяр сэтгүүлчид яриа өглөө. Тэрээр “Миний үйлчлүүлэгч нарыг яллаж байгаа зүйл анги нь Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны эсрэг гэмт хэрэгт хэрэглэдэг мөрдөн шалгах ажиллагааны үед хэрвээ мэдүүлэг өгөхийг албадан хэрэг бүртгэгч хүнийг зодсон байх юм бол ялладаг зүйл анги. Гэтэл болсон процесс нь хоригдол хүн хоригдлоо зодсон. Ялтан Амгаланбаатар, Итгэлтөгс нар ялтан Содномдаржааг зодсон. Тэгэхээр эд нарын хүн зодоод байгаа үйлдэл нь Эрүүл мэндийн эсрэг гэмт хэргээр явна. Хэрвээ хүний биед гэмтэл учруулахгүйгээр зодсон байх юм бол сахилгын арга хэмжээгээ авна. Тагнуулын байгууллагын тагнах турших үйл ажиллагаа буюу гүйцэтгэх ажиллагааны арга хэмжээ явагдсан. Нууц камер байршуулж, байцаасан зэрэг асуудал байгаа. Тагнан турших үйл ажиллагаа явж байхад нэгнийгээ алгадлаа гэхэд тагнуулын ажилтан гүйж ороод салгах боломжгүй.
-Та ямар үндэслэлээр энэ хэрэг цагаатгах ёстой гэж үзэж байгаа юм бэ?
-Шууд зод, балба гэсэн үүрэг даалгавар өгөөгүй. Энэ нь ямар нэгэн байдлаар нотлогдохгүй. Энд яагаад манай үйлчлүүлэгч нарыг буруутгаад байна гээд харахаар зод, нүд гэсэн даалгавар өгсөн гээд байгаа юм. Гэтэл энэ нь нотлогдохгүй. Амгаланбаатар би хүн алсан гэж яриад байхаар нь үнэнийг нь шалгах үүднээс Содномдаржаатай нүүрэлдүүлсэн юм байна лээ. Үүнийг нотлох гээд Амгаланбаатар чинь “Чи яаж хүн алсан билээ” гээд Содномдаржаагаа нэг алгадсан нь эрүүдэн шүүлт биш шүү дээ.
-Шүүх хуралдаанд яагаад хохирогч нарын ар гэрийнхнийг оруулахгүй байгаа юм бэ?
-Хохирогч, шүүгчдийн ар гэрийнхнийг нь шүүх хуралд оролцуулах ямар ч боломжгүй. Учир нь, эрүүгийн хэргийн хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дээр хэрхэн оролцохыг нь заагаад өгчихсөн. Тийм ч учраас Түр хорооныхныг оролцуулахгүй гэсэн шийдвэр гарсан. Хаалттай шүүх хуралд ажиглагч гэдэг статус байхгүй.
-Эрүүдэн шүүсэн эсэх асуудлыг та үйлчлүүлэгч мэдээгүй байсан юм уу?
-Миний үйлчлүүлэгч мэдээгүй байсан ш дээ. Хэзээ хойно алгадаж, цохьсон байна гэдгийг мэдсэн. УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн ярьсан 460 хоног зодсон гэдэг шал худлаа. МҮОНТ-ээр явуулсан бичлэгээс өөр зүйл байхгүй юм байна лээ. Байгаа нь л тэр юм байна лээ.
-Бичлэгээр гарсан зүйл эрүүдэн зүүлт биш юм уу?
-Тэр бол эрүүдэн шүүлт биш. Эрүүдэн шүүлтийг хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч л явуулдаг. Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаалтын явуулж байгаа үйлдлийг эрүүдэн шүүлт гэж үзнэ үү гэхээс биш хоригдлуудын хоорондоо зодолдож байгаа үйлдлийг танхайрах, бие биенийгээ доромжлох гэнэ. Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч алгадаагүй учраас энэ бол эрүүдэн зүүлт биш. Энэ Эрүүгийн хуулийн 3.2 дээр Эрүүгийн хуулийн ижил төсөөтэй хэрэглэхийг хориглоно гэж байгаа. Тиймээс Эрүүгийн хэргийг ижил төсөөтэй хэрэглэж, энгийн иргэдийн хоорондоо зодолдож байгаа үйлдлийг тусгай субъект зодолдож байгаа мэтээр тайлбарлаж байгаа нь буруу юм. Шүүх энэ хэргийг хэрэгсэхгүй болгоно гэдэг бүрэн итгэлтэй байгаа.
Шууд үзэх: