Улсын Их Хурал энэ оны дөрөвдүгээр сарын 24-ний өдөр Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль баталсан. Уг хууль батлагдсанаар нийслэлийн Засаг даргын захирамжтай холбоотой захиргааны хэргийг гурван шүүгчийн бүрэлдэхүүнтэйгээр хянан шийдвэрлэдэг байсныг өөрчилж шүүгч дангаараа хянан шийдвэрлэх болсон байна. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд дор дурдсан агуулгатай зохицуулалтууд шинээр нэмэгдсэн байна. Үүнд:
- тухайн хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхэд шүүгч, шүүх бүрэлдэхүүнд аливаа этгээдээс нөлөөлөхөөр оролдсон тохиолдолд нөлөөллийн мэдүүлэг хөтлөх;
- ашиг сонирхлын зөрчил үүсэж болзошгүй нөхцөл байдал бий болсон бол шүүгч захиргааны хэрэг хянан шийдвэрлэхэд үл оролцох ба өөрөө татгалзан гарах үүрэг хүлээх;
- бүх шатны захиргааны хэргийн шүүх Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31.5-д, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 9.2.6-д заасны дагуу шийдвэрээ зөвлөлдөх тасалгаанд гаргах;
- давж заалдах журмаар хянан шийдвэрлээгүй хэргийг хяналтын шатны шүүх хэлэлцэхгүй байх.
Мөн хуульд дор дурдсан агуулгатай өөрчлөлт оруулсан байна. Үүнд:
- Нэхэмжлэлийг тухайн захиргааны акт гаргасан захиргааны байгууллага, албан тушаалтны харьяалах захиргааны хэргийн шүүхэд гаргах;
- Захиргааны хэргийн шүүхийн харьяаллын талаар гарсан шүүх хоорондын маргааныг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч шийдвэрлэх;
- Өмгөөлөгч нь захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 38 дугаар зүйлд заасан эрх эдэлж, үүрэг хүлээнэ.
- Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх шүүгч, түүнчлэн хэргийг шүүх бүрэлдэхүүнээр хянан шийдвэрлэх бол шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаан даргалагчийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.4-т заасны дагуу томилох;
- Шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчийг Монгол Улсын шүүхийн тухай хууль болон бусад хуульд заасны дагуу оролцуулна.
- аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон түүний Тэргүүлэгчдийн гаргасан захиргааны акттай холбоотой;
- Захиргааны хэргийн шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нь шүүх хуралдаан явуулах бэлтгэлийг хангаж, шүүх хуралдааны ирцийг бүртгэж, шүүгч, шүүх бүрэлдэхүүнд танилцуулах, шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөх, шүүх хуралдааны явцыг дуу болон дүрс бичлэгээр баталгаажуулах, шүүхийн шийдвэрийг хүргүүлэх, гүйцэтгэх хуудас олгох, хүргүүлэх, хэргийг цэгцэлж, үдэх, архивт шилжүүлэх ажиллагааг гүйцэтгэх;
- Шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч тус хуулийн 73.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах бөгөөд ийнхүү аваагүй нь хуульд заасан журмын дагуу гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй.
- давж заалдах шатны шүүхийн магадлалд хяналтын журмаар гомдол гаргасан бөгөөд хяналтын шатны шүүх гомдлыг хянан хэлэлцээд тогтоол гарснаар анхан шатны шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1.3 дахь заалтын “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176.2.1-176.2.3-т заасан” гэснийг хассан байна гэж Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсээс мэдээллээ.