m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2019.08.22 05:16
241
МЭДЭГДЭЛ: ХАРВААЧ Х.ДАВААЦЭЦЭГИЙН УУСАН ДАРАЛТНЫ ЭМНЭЭС ДОПИНГИЙН ТӨРЛИЙН БОДИС ИЛЭРЧЭЭ

Баяр наадмын үеэр Үндэсний сур харваанд дөрөвдүгээр байр эзэлсэн Х.Даваацэцэгийн шинжилгээнээс Атенолол гэх допингийн төрлийн бодис илэрсэнтэй холбогдуулан  Монголын үндэсний сурын холбооны Ёс зүйн хороо тамирчны асуудлыг хэлэлцэн, шагналыг буцааж, харвах эрхийг нь нэг жилийн хугацаатай хасах санал гаргаад байгаа юм.

Дээрх асуудалтай холбогдуулан допингийн хяналтын мэргэжилтэн Ц.Түвшинбат  тайлбар, мэдэгдэл хийснийг бүрэн эхээр нь хүргэж байна.  

Миний бие Ц.Түвшинбат нь Үндэсний их баяр наадмын эхний 5 байранд шалгарсан харваачдаас мѳн, шѳвгийн 16 бѳхѳѳс сэргээшийн шинжилгээ авах ажилд хяналт тавьж ажиллаад 2 жил болж байна. Би ѳѳрѳѳ харваач хүний хувьд та бүхэндээ допингийн талаар таниулах, сурталчилгаа хийх, мэдээлэл ѳгѳх үүрэгтэй. Энэ жилийн баяр наадмын харвааны 4-р байрт шалгарсан Х.Даваацэцэгээс допингийн тѳрлийн бодис Атенолол илэрсэн. 

Допинг яагаад илрэв...юунаас болов....шалтгаан нь: 

Тухайн тамирчин наадмын бэлтгэлд гарч хѳдѳѳ байхдаа толгой нь эргэж зүрх нь ѳвдсѳн, аргагүйн эрхэнд амралтын эмчид үзүүлсэн байдаг бѳгѳѳд даралт нь 150/120 хүрсэн. Тухайн эмч яаралтай арга хэмжээ авч даралтны эм 1 ширхгийг уулгаад, ийм шинж тэмдэг илэрвэл дахиад уугаарай гэж 1 ширхгийг нэмж ѳгсѳн.        /Амралтын эмч тухайн үйл явдлын тухай баталгаа гаргаж ДЭҮТ-д ѳгсѳн болно/.

Тэр үед Х.Даваацэцэг утсаар надаас асуух гэсэн боловч холбоо барьж чадаагүй. Мѳн 7 сарын 10-ны ѳглѳѳ дахин тавгүйтсэн тул үлдсэн 1 ширхэг эмээ уугаад баяр наадамдаа оролцсон байдаг. Гэтэл түүний уусан 2-хон ширхэг эм хориглосон жагсаалтад байж, манай тамирчнаас допинг гарсан байна. Ийм гэнэтийн тохиолдлыг та бүхэн минь эерэгээр хүлээн авч ойлгохыг би харваач хүний хувьд, эмэгтэй хүний хувьд ,чин сэтгэлээсээ хүсэж байна. Миний ажлын хариуцлагагүй байдал, тухайн тамирчны эрүүл мэндийн хүндрэл, амралтын эмчийн санамсар болгоомжгүй үйлдлээс болсон энэ зүйл Х.Даваацэцэгийн санаатай үйлдэл биш гэдгийг та бүхэнд мэдэгдэж байна. Бүх тѳрлийн даралтны эм, ѳвчин намдаах эм, тѳрѳл бүрийн уураг витаминд хүртэл хориглосон эм эмийн бодис байдгийг, байж болзошгүйг хатуу анхаарч, анхаарал болгоомжтой, мэдээлэлтэй байхыг эрхэм харваачид та бүхэндээ сануулж байна.

Тухайн санамсар болгоомжгүй байдлаас болсон зүйлд, үндэсний сурын харваачдын нэр тѳрд харшлах элдэв хэтийдсэн цуурхал түгэхээс болгоомжилж, та бүхэн минь энэ талаарх мэдээ мэдээллийг зѳвѳѳр ойлгож нэгэн ойлголттой байхыг хүсье. 

Хүндэтгэсэн,

Допингийн хяналтын мэргэжилтэн Ц.Түвшинбат