m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.06.05 07:27
47
Дундговь аймгийн экс Засаг дарга тамгаа аваад зугатжээ

Дундговь аймгийн Засаг дарга С.Сүхбаатарыг огцруулах шийдвэрийг аймгийн ИТХ-аас өнгөрсөн сарын 24-нд гаргажээ. Харин түүний оронд тус аймгийн Ардчилсан намын хорооны дарга С.Од-Эрдэнийн нэрийг дэвшүүлжээ. Үүнийг нь Ерөнхий сайд хүлээн авч энэ сарын 2-нд батламжилсан юм. Гэвч энэхүү шийдвэрийг нь С.Сүхбаатар эсэргүүцэж, хууль бус гэж үзэн тамгаа аваад зугатсан байна.

Энэ талаар шинээр томилогдсон Засаг дарга С.Од-Эрдэнээс тодруулахад “Ерөнхий сайд намайг томилсон захирамж гаргасан өдрийн маргааш буюу энэ сарын 3-нд Засгийн газрын төлөөлөгч нартай хамт ажлаа хүлээж авахаар очсон.  Гэтэл С.Сүхбаатар дарга “Хууль бус шийдвэр” гэж хэлээд ажлаа хүлээлгэж өгөлгүй өрөөгөө цоожлоод явсан. Тэгэхээр нь бид цагдаагийн байгууллагад хандаж, улмаар комисс бүрдүүлж өрөөнд нь орсон. Гэтэл тамга байх ёстой газраа байгаагүй. Энэ талаар холбогдох хүмүүсээс асуухад С.Сүхбаатарыг авч явсан болох нь тогтоогдсон.Энэ нь эрүүгийн хуульд хамаарах гэмт хэрэг. Мөн Төрийн тамга түших журам зөрчиж байна.  Түүнчлэн Засаг даргын тамгын газрын машин буюу төрийн өмчийг хувьдаа хэрэглэж дураараа аашилсаар байгаа. Тиймээс хуулийн байгууллагад хандан Төрийн тамга алдагдсан тухай албан тоот хүргүүлсэн. Одоогийн байдлаар ажил хэвийн явагдаж байгаа ч тамгалж баталгаажуулах ажил сунжирч байна” гэв.

Энэ талаар цагдаагийн байгууллагаас шалгаж буй ажээ.

Харин С.Сүхбаатар тамгаа тэврэн, буруу шийдвэр гаргасан хүмүүсийг шүүхэд өгөхөөр нийслэлд яваа сурагтай. Эргэн сануулахад,  2012 онд болсон орон нутгийн сонгуульд Дундговь аймагт МАН олонхи болж Засаг даргаар С.Сүхбаатарыг томилуулах саналыг Ерөнхий сайдад хүргүүлж, хэл амтайхан батламжлуулж байсан төдийгүй аймгийн  ИТХ-д сонгогдсон гишүүд нь түүнийг огцруулах санал гаргаж байсан юм. Тиймээс Засаг дарга асан С.Сүхбаатарын хувьд хоёр дахь удаагаа албан тушаалаасаа чөлөөлөгдөөд байгаа нь энэ юм.