Сангийн сайд Ч.Улаан өчигдөр Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Өвөр Монголын Өөртөө Засах Орны Шилийн гол аймгийн дарга Занг Юан Зонг хүлээн авч уулзлаа.
Монгол Улс, БНХАУ хоорондын харилцаа, хамтын ажиллагаа идэвхжиж буйтай холбогдуулан хил залгаа орон нутгийн хамтын ажиллагаа, эдийн засаг, худалдаа, аялал жуулчлалын салбарт хамтран ажиллахаар тохиролцсоноор Улиастай-Зүүн хатавч чиглэлийн 54 км төмөр зам баригдаж дууссаныг энэ сарын сүүлээр хүлээлгэн өгөх, Зүүн хатавч боомтыг хөгжүүлэх, Зүүн-Үзэмчин сууринд онгоцны буудал барих, Улиастай сууринг хот болгон зохион байгуулах зэрэг асуудлууд ойрын үед хийгдэхээр төлөвлөөд байгаа талаар Хятадын тал мэдээлэл өглөө.
Хөөт-Бичигт чиглэлийн төмөр зам барьж байгуулах, Бичигт боомтыг эдийн засгийн чөлөөт бүс болгох, ОХУ – Монгол Улс – БНХАУ- ыг холбосон дэд бүтэц болон транзит тээврийн хөгжүүлэх зэрэг асуудлуудад Засгийн газраас ач холбогдол өгч байгаа талаар Сангийн сайд тэмдэглэв.