m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.06.06 02:36
621
Бохь шүд хамгаалахаасаа илүүтэй хортой гэнэ

Монголчууд бидний өдөр тутмын хэрэглээ болсон нэг зүйл бол яах аргагүй бохь. Стиморол, орбит, минтос… гэх мэт бохийг манайхан өргөн хэрэглэдэг. Бохийг шүд цэвэрлэдэг, шүд цоорох өвчнөөс сэргийлдэг гэж хэрэглэгчид ихэнхдээ ташаа ойлгодог боловч үнэн хэрэгтээ сөрөг нөлөөтэй гэнэ. Иймд аль болох бохь хэрэглэхгүй байхыг эрдэмтэд зөвлөжээ. Тэд бохь нь хүний биед аюулт өвчин үүсгэгч хамгийн хортой бодисуудын нэгдэл аж. Хамгийн нэртэй брэнд бохины найрлаганд ч сорбитол, ксилитол, маннитол, мальтитол, бохины үндэс, глицерол, байгалийн болон хиймэл амт оруулагч, аспартам-ацесульфам, будагч бодис, техникийн ионол, хүчил агуулагддаг байна. Бохь зажлах тоолонд бидний тархи “хоол хүнс биед орж ирж байна” хэмээн хууртагддаг. Тиймээс тархи ходоод, цөс, хоол боловсруулах бусад эрхтэнд хоолондоо бэлтгэх дохио өгдөг аж.

Ингээд шүлсний болон нойр булчирхай нь хоол шингээхэд шаардлагатай энзимээ боловсруулж эхэлнэ. Энэ ферментийг байнга ялгаруулснаар хоол шингээх явц удааширдаг. Үүний улмаас жинхэнэ хоолоо идэх үед бие махбод шингээж чадахгүйд хүрдэг байна. Мөн бохь нь амны хөндийг цэвэрлэдэггүй. Харин бохинд ямар ч сайн тал байхгүй гэнэ. Химийн бодисоор бүтээгдсэн энэ хүнс нь шүдэнд ч сайн биш аж. Тиймээс зар сурталчилгаанд бүү итгэ. Мөн амны үнэрээ дарахын тулд эрүүл мэндээрээ битгий тоглоорой. Бохь нь хүчил болон шүлтийг тэнцвэржүүлдэг гэж үйлдвэрлэгчид ярьдаг. Гэхдээ бохь нь амны хөндийн хүчил, шүлтийн хэмжээг багасгахад зориулагдаагүй юм байна. Бохь зажилж эхлэхэд эхний 2-3 минутад амны хөндийн эрүүл байдлыг тэнцвэржүүлдэг шүлсний булчирхай идэвхжиж эхэлдэг байна. Амны хөндийн хүчлийн хэвийн хэмжээ тухайн үед ямар хоол хүнс идсэнээс шалтгаалан түр зуур өөрчлөгддөг ажээ. Гэхдээ бие организм өөрөө хүчил, шүлтийг тэнцвэржүүлэх чадвартай бөгөөд бохь нь ямар нэг байдлаар нөлөөлөх боловч өдөржин шөнөжин зажилсан тохиолдолд л нөлөөлөх гэнэ. Иймээс бохь хүчил, шүлтийг тэнцвэржүүлдэг гэдэг нь зүгээр л бүтээгдэхүүнээ гүйлгэх гэсэн сурталчилгаа юм. Мөн түүнээс гадна бохь нь амны хөндийн хүчлийг багасгаснаар шүд хорхойтохоос сэргийлдэг гэж сурталчилдаг. Гэхдээ хүчил, шүлтийн хэмжээ нь бичил биетүүдийн үүсгэдэг шүдний өвчнөөр өвчлөх магадлалыг багасгадаггүй байна.

Бичил биетүүд нь шүдний паалан болон буйлыг гэмтээдэг ажээ. Бохь эсвэл ногоо зажилж байх үед зөвхөн шүдний өнгөн хэсгийг цэвэрлэдэг байна. Харин шүд завсраараа хорхойтдог учраас бохь зажлах нь шүд хорхойтохоос сэргийлдэг гэдэг бол харьцангуй ойлголт юм. Зарим хүмүүсийн зажлах булчин нь хэт хөгжсөн байдгаас шүднийх нь паалан унадаг ажээ. Тэдэнд бохь зажлахыг хориглодог байна. Мөн түүнээс гадна буйл суларч, шүд хөдөлгөөнтэй болсон бол бохь зажилж огт болохгүй бөгөөд хэрвээ зажилбал шүд унана. Тэрчлэн ходоод гэдэсний өвчтэй хүн бохь зажлах хориотой аж. Удаан бохь зажилж шүлс их хэмжээгээр ялгардаг болсноос хойш хэсэг хугацаа өнгөрсний дараа шүлс улам бүр багасдаг. Энэ нь хоол боловсруулах эрхтэнд маш муу юм. Хоол хүнсийг боловсруулахад зайлшгүй хэрэгтэй шингэн болон ферментүүдийг хангалттай хэмжээгээр авч чаддаггүйн улмаас идсэн зүйл ходоод рүү хатуу бүхэл хэвээрээ ордог байна. Үүний улмаас ходоодны үрэвсэл, шарх үүсдэг ажээ.