m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2019.10.22 09:15
1013
ХЭЛЭЛЦҮҮЛЭГ: ЗАРЫН СОНИН ЗУЗААРААД БАЙХААС БИШ АЖИЛЧИН ОЛДОХ НЬ БАГАССАН

Монгол Улсын Их хурлын Тамгын газар, Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо хамтран Жижиг дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн  уулзалт зөвлөгөөнийг амжилттай зохион байгууллаа. Тус хэлэлцүүлэгт УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны Ерөнхийлөгч Ч.Даваабаяр болон 150 гаруй жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид оролцож, тулгамждаж буй болон шийдвэрлэвэл зохих асуудлаа хэлэлцсэн юм.  

Уулзалт, хэлэлцүүлгийг нээж УИХ-ын дарга Г.Занданшатар нээж хэлсэн үгэндээ жил бүр Төсвийн тухай хууль батлагдахын өмнө жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч буюу баялаг бүтээгчдийн төлөөлөлтэй тогтмол уулзаж, тэдний санал зөвлөмжийг сонсч, хамтран ажиллана гэдгийг тодотголоо. Хэлэлцүүлэгт ХХААХҮЯ, ХНХЯ, Татварын ерөнхий газар, Зээлийн батлан даалтын сангаас төлөөллүүд оролцов. Энэ үеэр  жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид тулгамдаж байгаа асуудлаа ярилцаж, холбогдох мэргэжилтнүүдээс асуулт асууж, хариулт авсан юм. Түүнчлэн тэд Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн зээл эзэндээ хүрч эхэлсэнд талархаж байгаагаа илэрхийлж байлаа.  Харин хүний нөөц, боловсон хүчний асуудал тулгамдаж байна гэдгийг хэлэлцүүлэгт оролцогчид онцлоод Жижиг, дунд үйлдвэрийн салбарт ажиллах сонирхолтой залуус цөөн байгааг санууллаа.

ХЭЛЭЛЦҮҮЛГЭЭС ГАРСАН САНАЛ ЗӨВЛӨМЖ УИХ-ААС ГАРАХ БУСАД ШИЙДВЭРТ ЧУХАЛ НӨЛӨӨТЭЙ

                   УИХ-ЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР:

Монгол Улсын Их хурлаас Жижиг дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжин, эрхзүйн таатай орчин нөхцлийг бүрдүүлэхийн тулд хүчин чармайлт гарган ажиллаж байна. Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийг батлан гаргасан. Энэхүү хуулиар жижиг, дунд үйлдвэрлэл үйлчилгээг төрөлжүүлэн хөгжүүлэх, өрсөлдөх чадварыг сайжруулах, ажлын байрыг нэмэгдүүлэх, санхүүжилтийг эзэндээ очдог болгосон гээд хуулийн үр өгөөж их бий. Мөн Татварын багц хууль батлагдсан.  Салбар хамаарахгүйгээр нэг хувийн татвар төлдөг болсон нь жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд нэн хөнгөлөлттэй нөхцөл үзүүлж байгаа нэг хэлбэр юм. Цаашид жил болгоны Төсвийн тухай хууль хэлэлцэж эхлэхээс өмнө буюу 10 дугаар сард жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн төлөөлөлтэй УИХ-аас уулзах ажлыг уламжлал болгон зохион байгуулна. Мэргэжлийн нэгдсэн холбоодын тухай хуулийн төслийн асуудлаар байнгын хорооны нээлттэй сонсгол хийх чиглэл өгсөн, Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 11 дүгээр сарын 15-аас хойш хэлэлцэж эхэлнэ.  Эдгээр хуулиудад жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид саналаа нэгтгэж өгөхийг хүсч байна. Мөн энэ удаагийн хэлэлцүүлэгт гарсан санал зөвлөмжөө нэгтгэж өгөх нь УИХ-аас гарах бусад шийдвэрт чухал нөлөөтэй юм.

 ББДХ-НЫ ЕРӨНХИЙЛӨГЧ Ч.ДАВААБАЯР: 

УИХ-ын даргын санаачилгаар анх удаа баялаг бүтээгч, жижиг дунд үйлдвэрлэгчдийн төлөөллийг хүлээж авч уулзаж байгаад нийт Монголынхоо баялаг бүтээгчдийнхээ өмнөөс талархсанаа илэрхийлье. УИХ-ын даргын хэлснээр жил бүрийн улсын төсөв батлагдахаас өмнө бид тогтмол уулзаж тулгамдсан асуудлаа ярьж ололт амжилтаараа бахархахаар болж байна. Энэ бол өнөөдрийн хэлэлцүүлгээс гарч буй чухал ажил. Энэ жилийн хувьд манай жижиг дунд үйлдвэрлэлийн салбарт олон асуудал гарсан. Үүнийг бид ил тод нээлттэй болгосны үр дүнд өмнөх жил ЖДҮ хөгжүүлэх сангаас 99.7 тэрбум төгрөгийг 200 гаруй ААН-д олгож байсан бол энэ онд 47 тэрбум төгрөг буюу түүнээс 2 дахин бага мөнгийг 2 дахин их ААН-д олгохоор төсөл сонгон шалгарсан.

УИХ-аас жил бүр Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчидтэй уулзаж байхаар боллоо

Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо 2018 оны зургадугаар сарын 4-нд Баялаг бүтээгчдийн анхны форумыг зохион байгуулсан. Энэ форумаар Жижиг Дунд Үйлдвэрлэл, Үйлчилгээг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгад оруулах 20 зүйл заалттай санамж бичгийг бид хүргүүлсэн.  Үүнээс 16 нь зохих хуулийн төсөл болоод холбогдох журмуудад багтаад байна. Бидний хийсэн ажлын үр дүнд энэ жил төсөл сонгон шалгаруулалт сайхан явагдсан. Гэхдээ яг ний нуугүй ярихад үйлдвэрлэгчдийн маань төсөл одоогоор цаасан дээр дэмжигдсэн байгаа. Бидний хувьд санхүүжилт орсны дараа л бүрэн дэмжигдлээ гэж ярих нь зөв байх.

2019 оны есдүгээр сарын 26-нд “Жижиг дунд үйлдвэрлэгчдийн Форум-2019” зохион байгуулагдсан. Энэ форумаас 3 бүлэг 19 зүйл заалт бүхий зөвлөмж гарсан. Энэ зөвлөмжийг УИХ-ын даргад албан ёсоор гардуулан өгсөн. Тэгвэл уг санал зөвлөмжийн дагуу ЖДҮҮ эрхлэгчид өнөөдөр зөвлөлдөх уулзалтаа амжилттай зохион байгууллаа. Манай баялаг бүтээгчдийг дэмжих төсөл хөтөлбөр сүүлийн 5 жил тасралтгүй явж байна. Одоо ч үргэлжилж байгаа. Нийт 2000 гаруй нэвтрүүлэг хийгдсэн байдаг. Амьдрал дээр жинхэнэ баялагаа бүтээгээд явж байгаа хүмүүс энэ төсөлд хамрагдаж зовлон бэрхшээл болоод ололт амжилтаа ярьж байна. Тэд юу хэлдэг вэ? гэхээр дотоодынхоо зах зээлийг хамгаалж өгөөч ээ! гэж хэлдэг. Ижил төрлийн бараа бүтээгдэхүүний импортын татварыг нэмэгдүүлж өгөөч ээ! гэж хүсдэг. Тэрнээс биш дандаа мөнгө гуйгаад байдаггүй.

БАЯЛАГ БҮТЭЭГЧИД ДОТООДЫНХОО ЗАХ ЗЭЭЛИЙГ ХАМГААЛЖ ӨГӨХИЙГ ХҮСДЭГ. ТЭРНЭЭС БИШ ДАНДАА МӨНГӨ ГУЙДАГГҮЙ...

Хамгийн гол нь дотоодын зах зээлийг хамгаалах шаардлагатай байгааг сануулдаг. Тулгамдсан олон асуудлаас нэн түрүүнд шийдвэрлэвэл зохих 3 асуудлыг бид ярилцсан байгаа.

Эхний асуудал бол Санхүүжилт: Санхүүжилт одоо шударга явагдаж эхэлсэнд үйлдвэрлэгчид ам сайтай байна. Мөнгөтэй боллоо үйлдвэрлэлийн хөрөнгө оруулалт хийгээд тоног төхөөрөмжөө сайжруулъя гэхээр энд ажиллах хүний нөөц дутагдалтай байна. Үнэнийг хэлэхэд бид ажиллах хүчээ гадагшаа алдаад дууслаа. Ажиллах хүчин БНСУ-руу 3 сараар явах сонирхолтой болчихжээ. Нийгмийн даатгалаа тасралтгүй төлж өдрийг аргацаасан байдалтай байна.

Дараагийн асуудал бол МСҮТ-д суралцаж байгаа оюутнуудад олгогддог 100 мянган төгрөг яг эзнээ олж байгаа юу? Удахгүй 200 мянга болгож нэмэгдүүлэх гэж байгаа. Гэтэл нөгөө ажиллах хүчин маань МСҮТ-ийг төгсөөд салбартаа ажиллана гэсэн баталгаа алга. Дахиад л гадаад руу гараад явчих вий гэсэн эмзэглэл байна. Залуучууд маань зөвхөн БНСУ гэлтгүй бусад олон улс уруу гарч ажиллаж байна. Тэгэхээр ажиллах хүний нөөцийн чадавх маань эргээд хомстож эхэлж байгаа юм. Энэ асуудлыг төр засаг анхааралдаа авч шийдвэрлэж өгөх хэрэгтэй.  

Нөгөө талдаа бид нар сайн боловсон хүчинтэй, санхүүжилттэй болчихлоо, үйлдвэрлэлээ сайжруулчихлаа, үйлдвэрлэл явагдаж байна. Гэтэл мөн борлуулалтын зах зээл маш чухал байгаа юм. Тэгэхээр бид эхний ээлжид Санхүүжилт, Хүний нөөц, борлуулалт гэсэн тулгамдаж байгаа 3 томоохон асуудлыг төр засагт тавиад байгаа юм. Энэ бол бидний өнгөрөгч есдүгээр сард гаргасан зөвлөмж.

Бид хийж бүтээж чадаж байна Төр засаг маань энэ мэтчилэн бодитоор дэмжээд эхэлбэл бид хөгжилд хүрэхэд ойрхон байна.

БАЯЛАГ БҮТЭЭГЧДИЙГ ТӨР БОДИТООР ДЭМЖЭЭД ЭХЭЛБЭЛ БИД ХӨГЖИЛД ХҮРЭХЭД ОЙРХОН БАЙНА

Өмнө нь “Баялаг бүтээгчдийг дэмжинэ” гэж бэлгэдлийн чанартай яриад аргацаагаад өнгөрүүлдэг байсан бол одоо бодит биеллээ олж хууль эрх зүйн орчин сайжирч байна. Тухайлбал Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд зааснаар Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд жил бүр улсын төсвөөс хуваарилах хөрөнгийн хэмжээ нь тухайн жилийн улсын төсвийн хөрөнгө оруулалтын 10 хувиас доошгүй байна. Энэ хэсгийг 2030 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл дагаж мөрдөнө гэж заасан байгаа. Мөн ирэх оны нэгдүгээр сарын 1-ээс эхлээд бид Жижиг, дунд үйлдвэрийн газартай болно. Дээрх хуулийн хэрэгжилт хангалттай байгаад ЖДҮ-ийн газартайгаа хамтраад ажиллавал хөгжлийн тодорхой ирээдүй бидэнд харагдаж эхлэх юм. Ингээд өнөөдрийн уулзалт хэлэлцүүлэгт дуу хоолойгоо өргөхөөр хүрэлцэн ирсэн баялаг бүтээгч та бүхэндээ баярлалаа.   

ЖДҮ хөгжүүлэх санд жил бүр улсын төсвийн хөрөнгө оруулалтын 10 хувиас доошгүй байх хуулийн хэрэгжилт мөрдөгдвөл хөгжлийн тодорхой ирээдүй бидэнд харагдана

                   УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ:

Юуны өмнө энэ уулзалтыг зохион байгуулж байгаа УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын тамгын газар, ББДХ-ны ерөнхийлөгч Ч.Даваабаяр нарт гүн талархсанаа илэрхийлэхийг хүсч байна. Үндсэндээ Монгол Улсын эдийн засгийг авч явдаг, Монгол Улсын хөгжлийн түлхүүр бол үйлдвэрлэл юм. Тэр дундаа жижиг дунд үйлдвэрлэл гэж харж байгаа. ЖДҮ-ийн цаана маш олон ажлын байр, маш олон өрхийн амьжиргааг авч явдаг. Монгол банкнаас жил бүр гарч байдаг эдийн засгийн судалгаагаар ЖДҮ-ийг хөгжүүлнэ гэдэг бол улс орны нэн чухал, тэр тусмаа ядуурлыг бууруулах, эдийн засгийг хөгжүүлэх гол суурь гэж дүгнэсэн байгаа. Ер нь ЖДҮ-тэй холбоотой асуудал дээр төр засгаас эргэн харж, анхаарал тавьж, алдсан алдаагаа засч залруулж байгаад таатай байдаг. Миний хувьд өнгөрсөн форумд оролцож чадаагүй ч телевизээр маш сайн үзсэн. Өнөөдөр бидэнд тодорхой хэмжээний зах зээл байгаа.

Үйлдвэрлэгчдэд бол өнөөдрийн байдлаар нийт 1.5 их наяд төгрөгийн зах зээл байна. Энэ хэмжээнд үйлдвэрлэлээ хөгжүүлэх боломж бололцоо байна гэсэн үг. Тэгэхээр үүнийг бид нар зайлшгүй нөхөх алхмуудыг ойрын хугацаанд хийх ёстой гэж ойлгож байгаа. ЖДҮ-ийг хөгжүүлэх сан гэдэг бол энэ бизнесийг дэмжих том дэмжлэг. Аливаа бизнес дэмжлэггүйгээр явахгүй. Төр зөвхөн дээрээс нь заахаасаа илүү та бүхний гаргаж ирж байгаа санал санаачилга, алдаа дутагдал, ололт амжилт дээр гарсан бодлогыг гаргаж ирэх ёстой. Дээрээс нь санхүүгийн дэмжлэг хэрэгтэй. Өнгөрсөн жилийн хувьд 47 тэрбум төгрөг ЖДҮ-ийг хөгжүүлэх сан дээр суусан. Амжилттай тараагдсан гэж дүгнэж байгаа. Гэтэл 2020 оны төсөв дээр жижиг дунд үйлдвэрлэл хаягдаад ороод ирлээ. ЖДҮ-ийг хөгжүүлэх санг хаяж болохгүй юм. Үүнийхээ дэмжлэгийг харин зөв зүйтэй хувиарлах тал дээр бид анхаарах ёстой.

ЗАРЫН СОНИН ЗУЗААРААД БАЙХААС БИШ АЖИЛЧИН ОЛДОХ НЬ БАГАССАН

“Ур ундрах” ХХК-ийн захирал А.Алтантуяа: Өнөөдөр би мөнгө төгрөгний асуудал ярихгүй. Бидэнд одоо тулгамдаж байгаа гол асуудал бол боловсон хүчний хомсдол байна. Ажилчин авья гээд зар тараахаар зарын сонин л зузаараад байхаас биш ажилчин олдохгүй байна. Орой болгон телевизээр ажилгүйдэл, ядуурал их байна гэж ярьж байгаа боловч ажил хийе гэсэн хүн алга. Ажиллах хүчнээ гадагшаа алдаад дууслаа. Үүн дээр анхаарал хандуулаад өгөөч ээ! гэж хүсмээр байна.

АЖИЛЛАХ ХҮЧНИЙ ДУТАГДАЛ БИДНИЙ ХООЛОЙ ДЭЭР ТУЛЧИХААД БАЙНА

“Энх Уянга” ХХК-ийн захирал Э.Уянга: Бид нар бол яг жижиг дунд үйлдвэрийг нуруун дээрээ үүрч яваа хүмүүс. Ихэнх үйлдвэрүүдэд ажиллах хүчин үнэхээр олдохгүй байна. Зар мэдээ сонин зузаараад байна гэдэг бол үнэн. Сая төгрөгийн цалин амлаад ч ирэхгүй байна. Залуус болсон болоогүй сургууль төгсөөд хослол өмсөөд цүнх бариад алхах сонирхолтой болчихсон. Гэтэл ажилчин анги алга.  Энэ бол бидний хоолой дээр тулчихсан маш чухал асуудал болоод байна.

ҮЙЛДВЭРИЙН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙГ ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ТАЛ ДЭЭР АНХААРААСАЙ...

“Батзүү” ХХК-ийн захирал Ж.Оюунчимэг: Оёдлын салбарт тулгамддаг чухал асуудал бол түүхий эд бараа материал. Гадны хараат байдлаа өөрчилж даавуу, материалаа 100 хувь дотооддоо үйлдвэрлэх шаардлага байгаа. Гэтэл түүхий эд, бараа материалаа дотооддоо үйлдвэрлэе гээд тоног төхөөрөмж оруулж ирэх гэхээр хил гаалийн татвар маш өндөр байна. Тиймээс үйлдвэрлэгчид бидэнд шаардлагатай тоног төхөөрөмжийг татвараас чөлөөлөх тал дээр анхаарч өгөхийг хүсч байна. Манай ББДХ-ны хувьд жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх, хууль эрх зүйн асуудалд маш идэвхтэй ажилласны үр дүнд үйлдвэрлэгчид бид зээлд хамрагдах боломж нэмэгдсэн. Гэсэн ч биднийг дэмжих хөрөнгө, санхүүг нэмэх шаардлага байгааг хэлмээр байна.

ДОТООДЫН ЗАХ ЗЭЭЛЭЭ ХАМГААЛАХ ЦАГ БОЛСОН

“Монгол голомт эко” ХХК үүсгэн байгуулагч Ариунболд:  Миний хувьд дотоодын зах зээл, дотоодын бүтээгдэхүүний эрх ашгийг хамгаалах чиглэлээр анхаарч ажиллах цаг болсныг хэлмээр байна. Ингэхийн тулд дотооддоо үйлдвэрлэдэг ижил төрлийн бараа бүтээгдэхүүн дээр ногдуулах хил гаалийн татварыг нэмэх хэрэгтэй. Тиймээс төр засаг бид нарын эрх ашгийг хамгаалж, цаашаа хөгжих боломжоор хангаж өгөхийг хүсч байна.

АЖИЛТАН, АЖИЛ ОЛГОГЧИД НИЙГМИЙН ДААТГАЛЫН ӨГӨӨЖИЙГ ХҮРТЭХГҮЙ БАЙНА

ББДХ-ны удирдах зөвлөлийн гишүүн Н.Дулмаа: УИХ-д өргөн баригдсан Хөдөлмөрийн тухай хууль дээр ажил олгогчид маш халгаатай, ажил хийхгүй байгаа хүмүүст ээлтэй заалтууд маш их орсон байна. Энэ зүйл заалтуудаа эргэж харах хэрэгтэй. Хоёрдугаарт нийгмийн даатгал үйлдвэрлэгчдийг туйлдуулсаар байна. 2019 оны нэгдүгээр сарын 1-ээс эхлээд сая төгрөгийн цалинтай хүн сардаа 240 мянган төгрөг, жилдээ 2 сая 880 мянган төгрөгийн татвар төлж байна. Ажилтан 11.5 хувь, ажил олгогч 12.5 хувиар төлдөг гэсэн үг. Энэ бол яг тухайн байгууллагын хувьд ажилтандаа олгож байгаа цалин. Гэтэл энэ нь эргээд ажилтан болоод ажил олгогчид ямар нэгэн өгөөж байхгүй байна.

ДАВСГҮЙ ХООЛ ШИГ ХӨДӨЛМӨРИЙН ТУХАЙ ХУУЛИА ЭРГЭЖ ХАРААЧ ЭЭ!

ББДХ-ны удирдах зөвлөлийн гишүүн Ц.Бумцэнд: НӨАТ-ыг хүчээр хүн болгон заавал төлдөг гэхдээ бүгдийг 5 хувь гэж тогтоох хэрэгтэй. Ихэнх газрууд НӨАТ төлөхгүй байгаа учраас. Бусдын өмнөөс бид НӨАТ төлсөөр байгаад хэцүүдлээ. Энэ асуудлыг анхааралдаа авч өгөөч ээ! Мөн хөдөлмөрийн тухай хууль гээд өргөн баригдаж байгаа давсгүй хоол шиг хууль байна. Энэ бол ажил олгогчийг дарамталсан, ажил хийдэггүй ажиллах хүчнийг дэмжсэн улс орныг уруудахад дөхөм болж өгсөн хуулийн төсөл болж байна. Үүнийгээ эргэж харах шаардлагатай байна.  

МОНГОЛ УЛС АЖИЛЛАХ ХҮЧНИЙ БОДЛОГЫГ СИСТЕМТЭЙГЭЭР ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ

ББДХ-ны гүйцэтгэх захирал Б.Батдэлгэр: Өнөөдрийн хэлэлцүүлгээр ажиллах хүчний хомсдлын талаар их ярилцлаа. Асуудал үнэхээр байгаа. Монгол улсад хэдийнэ ажиллах хүчний хомсдол бий болжээ. Гэхдээ энд ганцхан шалтгаан байхгүй. Үүнд асар олон шалтгаан байна. Монгол Улсад боломж асар их байгаа учраас ажилтан нэг ажилдаа тогтвортой ажиллахгүй байна. Тиймээс төрөөс боловсон хүчний асуудалд онцгой анхаарахгүй бол цаашид Монгол улс боловсон хүчний хомсдолд орох аюул байгааг хэлмээр байна.

Удахгүй УИХ дээр Хөдөлмөрийн тухай хууль, Мэргэжлийн Нэгдсэн Холбоодын эрх зүйн байдлын тухай хуулийн нээлттэй хэлэлцүүлэг хийнэ. Энэ нээлттэй хэлэлцүүлэгт баялаг бүтээгч та бүхнийг оролцохыг УИХ-ын дарга урьсан гэдгийг хэлэлцүүлгийнхээ төгсгөлд хэлмээр байна.

Ийнхүү УИХ-ын дарга Г.Занданшатарын санаачилгаар анх удаа “Жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн уулзалт хэлэлцүүлэг” төрийн ордонд амжилттай болж өндөрлөлөө. Энэ өдөр салбар салбартаа тулгамдсан асуудлаа баялаг бүтээгчид нээлттэй хэлэлцэж, шийдвэрлэх гарц гаргалгааг тодорхойлсон юм.  Баялаг бүтээгчдийн өмнө тулгамддаг хамгийн том саад бэрхшээл бол төрийн оновчгүй тогтворгүй бодлого, зохицуулалт, бүтэц байдаг учраас үйлдвэрлэгчдийн дуу хоолой бодлого тодорхойлогчдод чухал байдгийг УИХ-ын дарга Г.Занданшатар онцолсон. Тиймдээ ч жил бүрийн улсын төсөв батлахаас өмнө баялаг бүтээгчдийг хамруулсан уулзалт хэлэлцүүлгийг уламжлал болгон зохион байгуулахаар болж байна.