Уул уурхайн яамны Төрийн нарийн бичгийн дарга Р.Жигжидээр ахлуулсан “Нүүрсний салбарын үйлдвэрлэлийн мэргэжилтэн, ажилтнуудыг давтан сургах, мэргэшүүлэх” сургалтын зөвлөл байгуулагдан ажиллаж эхэлжээ.
Сургалтын зөвлөлийн зорилго нь Нүүрсний салбарын үйлдвэрлэлийн мэргэжилтэн, ажилтнуудыг давтан сургах, мэргэшүүлэх, салбарын хүний нөөцийн чадавхийг дээшлүүлэхэд оршино.
Дээрх ажлын хүрээнд Ашигт малтмалын газрын Уул уурхайн шинжилгээ, туршилтын лабораториос мэргэжлийн төрийн бус байгууллага болох “Монгол Нүүрс ассоциаци”-тай хамтран “Нүүрсний шинж чанар, боловсруулалтын талаар суурь мэдлэг эзэмшүүлэх, шинжилгээний арга, аргачлалд лаборантуудыг мэргэшүүлэх” сургалтыг өнгөрсөн сарын 22-ны өдрөөс эхлэн 14 хоногийн хугацаатай амжилттай зохион байгуулж дуусгалаа.
Энэхүү сургалтыг Ашигт малтмалын газрын Уул уурхайн шинжилгээ, туршилтын лабораторийн шинжилгээний багаж, тоног төхөөрөмжүүд дээр суурилан онолын болон дадлагын хичээлийг доктор болон магистр зэрэгтэй, олон жил ажиллаж мэргэшсэн лабораторийн ахлах шинжээч, шинжээч нар заав.
Сургалтанд ГЕГ-ын Гаалийн төв лабораторийн байцаагч-шинжээчид, “Эрдэнэс таван толгой” ХК-ийн геологичид, “Багануур” ХК, “Шивээ-Овоо” ХК, “Шарын гол” ХК, “Могойн гол” ХК, “Багануур илч” ХХК, “Нью эко энержи” ХХК зэрэг төрийн болон хувийн өмчит уурхай, “ТЭЦ-4” ТӨХК, Дархан, Эрдэнэт, Дорнодын дулааны цахилгаан станцын лабораторийн, “Шарын гол энерго” ХХК, “Висмутин” ХХК-ийн боловсруулах үйлдвэр, нүүрсний лабораторийн лаборантууд- нийт 17 хүн хамрагдан амжилттай суралцаж төгсөв.
Сургалтаар нүүрсний аж үйлдвэрийн салбарын өнөөгийн байдал, боловсруулах чиглэлийн зорилт, боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлэх ач холбогдол, нүүрсний бүтэц, найрлага, хими технологийн шинж чанар, нүүрсний шинжилгээний арга аргачлалын талаар онолын мэдлэг олгоод зогсохгүй шинжилгээний арга, аргачлалыг шинжилгээний багаж тоног төхөөрөмжүүд дээр практик, дадлагаар зааж сургав.
Төгсөгчдөд баяр хүргэж, сертификат гардуулах ажиллагаа 2014 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Уул уурхайн яаманд болж, Уул уурхайн сайдын зөвлөх Д.Түмэнжаргал, СБТГ-ын Түлшний бодлогын хэлтсийн дарга Л.Раднаасүрэн болон бусад газрын холбогдох хүмүүс, АМГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Үүрийнтуяа, мөн газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Н.Алтанцог, Уул уурхайн шинжилгээ, туршилтын лабораторийн дарга С.Алтанхуяг, “Монгол нүүрс ассоциаци”-ийн холбогдох хүмүүс оролцов.
АМГ-ын Уул уурхайн шинжилгээ, туршилтын лабораториос “Нүүрсний чанар” сэдэвт сургалтыг цаашид тогтмолжуулж, салбарын төрийн бус байгууллагатай хамтран жилд 1-2 удаа зохион явуулж байх юм.