m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2019.11.05 07:52
894
Н.Оюунзул: Эрдэмтэн зохиолч Ч.Лодойдамба, УИХ-ын гишүүн агсан Ц.Дашдорж нарын үзмэр нэг өрөөнд байрлаж байгаа

Говь Алтай аймгийн төвд байрлах Төрийн хошоо шагналт, эрдэмтэн, зохиолч Чадраабалын Лодойдамбын музейг татан буулгаж УИХ-ын гишүүн агсан Ц.Дашдоржийн музейг шинээр нээж оруулсан тухай мэдээллийг тус аймгийн Орон нутгийг судлах музейн захирал Н.Оюунзулаас тодрууллаа.

Говь-Алтай аймгийн Орон нутгийг судлах музей нь нийт 10 гаруй танхимтай. Үүний нэг нь төрийн хошоо шагналт, эрдэмтэн, зохиолч Чадраабалын Лодойдамбын нэрэмжит танхим юм. Гэвч музей сонирхохоор ирсэн иргэдэд Ч.Лодойдамбын эдэлж хэрэглэж байсан үзмэр харагдахаа байж, оронд нь УИХ-ын гишүүн агсан Ц.Дашдоржийн эд зүйлс байрлаж байгаа нь нутгийн музей сонирхогчдын дургүйцлийг хүргээд авчээ. Энэ тухай музейн захирал тайлбарлахдаа музейн үзмэрийг бүхэлд нь дэлгэхэд зай талбай хүрэлцээгүйн улмаас зарим тохиолдолд Ч.Лодойдамбын үзмэрийг хурааж, бусад үзмэрийг дэлгэн харуулдаг гэнэ. 

Музейг засч, сэргээхийн тулд нийтдээ 3,8 тэрбум төгрөг шаардлагатайгаас энэ оны төсөвт 1,8 тэрбум төгрөгийг тусган музейн засвар болон тохижуулах ажлыг эхлүүлээд байгаа гэнэ. Энэ үеэр Ч.Лодойдамбын нэрэмжит танхимын нэрийг өөрчлөн "Алдартнууд"-ын танхим болгох тухай яригдаж байгааг хэллээ. Гэхдээ энэ нь асуудал зөвхөн ярианы түвшинд явж байгаа болохоос албан ёсоор шийдэгдсэн асуудал биш гэлээ. Учир нь олон алдартны үр хүүхдүүд музейд үзмэр тавих хүсэлтээ ирүүлж байгаа учраас музейн танхимыг шинээр ингэж тохижуулах шаардлага бий болоод байгаа юм байна. Одоогоор Ч.Лодойдамба, Ц.Дашдорж нарын үзмэрүүд нэг өрөөнд байрлаж байгаа юм.