-Туул голын тусгай хамгаалалтын бүсэд “Ривер Гарден” сүндэрлэж байна-
Монголын томоохон компаниудын нэг болох 20 гаруй жилийн түүхтэй “Номин” холдингийн охин компани болох “Номин констракшн” ХХК-д Туул голын сав газрын захиргаа удаа дараа албан шаардлага хүргүүлээд эцэстээ хуулийн өмнө том толгой гаргасан тус компанийг дийлэхгүй гэдгээ нэгэнт мэдэрчээ. Тус газрын дарга Г.Долгорсүрэнгийн хэлж байгаагаар усан жаран эхэлж байгаа учраас тунаран мяралзан урсдаг туул үерлэж ч болзошгүй байгаа аж. 1966 оны гэж нэрлэгддэг үерээр одоогийн урт цагаан орчим хүрч үерлэсэн туул гол нэг үерлэвэл ойр хавийнхаа бүхий л барилга байгууламжийг хамах аюултайгаас гадна үүний хамгийн том хохирогчид нь иргэд болох магадлалтай аж. Гэтэл аялал жуулчлалын чиглэлээр тусгай зөвшөөрөл авсан аж ахуй нэгжүүд өдгөө тус голын онцгой хамгаалалтын бүсэд барилга байгууламж сүндэрлүүлж, бохирынхоо асуудлыг ч шийдээгүй хир нь амралтын баазуудыг ажиллуулж байгаа юм. Тэр дундаа онцгой хамгаалалтын бүс мөн голын татам гэж нэрлэдэг үерийн онцгой бүсэд Номин констракшны “Ривер гарден” хэмээн тансаг зэрэглэлийн Luxury хороолол сүндэрлэж айл өрхүүд амьдарч байгаа юм. Хамгийн багадаа 400-500 орчим сая төгрөгийн үнэтэй энэ байруудад амьдардаг иргэд тусгай хамгаалалттай газар нутгийн татвар төлдөггүй аж. Худалдан авалт хийсэн иргэдэд буруу байхгүй. Харин үер болвол тэдний эд хөрөнгө, амь насны хариуцлагыг хэн хүлээх вэ гэдэг асуулт энд чухлаар тавигдах бизээ. “Ривер гарден” хэмээн онцолсоны учир ердөө л энэ. Түүнээс бид одоо баригдсан хорооллыг нүүлгэж чадахгүйгээс хойш ирээдүйд яах вэ гэдэ асуудлыг л ярих нь зүй. Хэдийгээр барилгын болон газрын зөвшөөрөлтэй ч 1995 онд батлагдсан “Усны тухай” хуулийг ноцтой зөрчсөн энэ үйлдэлд “Номин”-гийнхон хариуцлага хүлээхгүй байгаа нь асуудал. Тэднийг ядаж үерийн хамгаалалтын далан барих хэрэгтэй гэсэн шаардлагыг холбогдох газраас өгсөн ч одоо хир нь энэ бүтээн байгуулалтыг хийгээгүй байгаа юм. Угаасаа манайх хуулийн тогтолцоо султайн дээр нэгэнт баригдсан барилгын нөхөн төлбөрийг өгч чадахгүй гэсэн үгээр иргэдийн нүд, амыг таглаж, хууль зөрчин барьсан барилгуудыг улам өөгшүүлсээр ирсэн нь худал биш. Ганц “Номин”-гоор зогсохгүй Сдантарт групп гэх компаний хуучнаар “Стандарт” амралтын газар байсан бүсэд мөн л амины орон сууц бүхий luxury хороолол сүндэрлээд амжжээ. Энэ мэтээр туул голын эргэн тойрон, хамгаалалтын бүс нутаг, эрэг дагуу гамшгийн байдал үүсч эхэлсэн байгаа юм.
-Голын эрэг дагуу олгогдсон 80 мянган зөвшөөрөл байдаг-
Метрополис хот гэж нэрлэгдэх нийслэлчүүд бидний ундны усны хэрэглээ жилээс жилд гэсэн ангилалаас хол гарч өдрөөс өдөрт өсөн нэмэгдсээр байгаа. Үүний нэг тод жишээ нь сүүлийн 10 гаруй жил туул голын ус гадаргын доогуур шургаж тасардаг болсон үзэгдэл юм. Газрын гадаргын болон гүний усыг нийслэлчүүд дэндүү их хэрэглэж, тэр хэсгийн усыг нөхөхөөр туул гол газрын гүн рүү шургадаг болсон. Харин үүнээс үүдэн жил жилийн хаварт хэдэн арван мянган загас голын эрэг дагаж үхсэн байх нь их.
Мэдээж загасны олон арван зуугаараа үхэж байгаа үзэгдэл ганц ийм шалтгаанаас болоогүй ч бүгдээрээ нийслэлчүүд бидний үйл ажиллагааны балагийнх гэдгийг мартаж болохгүй. Ийнхүү загасны үхэл туулын доройтлоор харагдаж байгаа бол голын урсац татарч, бохирдож, загас жараахай үхэж байгаагийн өөр шалтгаанууд, үүнээс гарах гарц аврал чухал шаардлагатай. Саяхан нийслэлд анх удаа туул голын эрэг дагуу үйл ажиллагаа эрхэлж байгаа компаниуд, туулыг даган нүүдэллэдэг малчид гээд 300 орчим хүмүүсийн төлөөлөл хуралдаж “Туул” форумыг зохион байгуулан голын зөвлөлийг байгууллаа.
45 хүний бүрэлдэхүүнтэй энэ зөвлөл цаашид хууль эрх зүйн орчинг хэрхэн сайжруулах вэ, голыг хэрхэн хамгаалж авч үлдэх вэ гэдгийг гарцыг хайх юм. 1995 онд голын хамгаалалтын бүсийг эргээс 200 метр байхаар тогтоож өгсөн бол онцгой хамгаалалтын бүсийг 50 метр байхаар тогтоож өгчээ. Гэвч хууль батлаад туулыг эзэнгүй орхичихсон эмгэнэлийг дурьдахгүй өнгөрч болохгүй. 20 орчим жил эзэнгүй оршсон энэ хугацаанд газрын зөвшөөрөл хэрээс хэтэрч өдгөө 100 гаруй хайгуулын олборлолтын гэсэн ангилалтай уул уурхайн лиценз, 80 мянга гаруй газрын зөвшөөрөл 18 орчим жил төрд ажилласан үе үеийн засаг дарга, хороон даргын балгаар олгогдсон байдагийг анх удаа бүртгэлжүүлсэн байна. эзэнгүй байсан Туул голыг хамгаалах сав газрын захиргаа өнгөрөгч онд байгуулагдаж, энэ газрын эхний хийсэн дэвшилтэт ажил нь энэ тооллого байсан гэдгийг цохон тэмдэглэх хэрэгтэй. Амралтын газрууд, элс хайрганы олборлолт явуулдаг компаниуд, алтны уурхайнууд, арьс ширний үйлдвэрүүд дээрээс нь хогоо хаяж чаддаггүй хотынхон гээд туул гол нулимс асгаруулахад нөлөөлж байгаа энэ бүх зохисгүй харилцааг цэгцлэх асуудал үргэлж шахам сөхөгдөж байдаг хийгдэж байсан ажил байдаггүй. Дөрвөн жилд нэг удаа Хан-Уул дүүргээс нэр дэвшигчид энэ голоор шоу хийдэг. Гэхдээ тэд сонгуулийн маргааш хайртай гэж хашгирдаг байсан голоо мартаж орхидог. Энэ хугацаанд голын бохирдол хэрээс хэтэрс дэлхийн хамгийн их бохирдолтой голын жагсаалтын тавдугаарт бичигдээд амжсан байна.
-Цэнхэртэн мяралздаг байснаа ногоорон дуниартдаг болсон нь-
Туул гол нь Тэрэлж горхийн сав газар буюу Хан Хэнтийн нурууны Хагийн хар нуураас эх авч Хэнтий, Төв, Сэлэнгэ аймаг болон Улаанбаатарын нутгаар 704 км үргэлжлэн урсдаг. Голын эх хавиар 2009 оны үеэр алтны хоёр уурхай үйл ажиллагаа явуулж байсан ч урт нэртэй гэгдэх хуулийн буянаар ч гэх үү одоогоор үйл ажиллагаа нь зогсонги байдалтай байгаа юм. Харин нийслэлээс цааш 200 орчим киломерт голын бохирдол ус гэхээсээ илүү хор болсон гэдгийг малчид болон мэргэжлийн байгууллагынхан баталж байгаа юм. Бид Төв аймгийн Алтанбулаг сумын хэд хэдэн малчнаас энэ талаар тодруулахад өвөлдөө цагаан цасан дундуур дуниартсан мэт өмхий ногоон ус урсдаг болоод найман жил өнгөрч байгаа гэсэн бол Төв аймгийн Өндөрширээт сумын малчин Д.Санжмятав гуайн хэлснээр хортой ч бүү мэд ногоон үмхий ус руу мал амьтан ойртохоо больж, уусан зарим нэг үхэр ямаа үхдэг үзэгдэл ажиглагдах болсон гэж байсан юм. Мэргэжлийн хяналтын байгууллагаас хоёр жилийн өмнө хийсэн шинжилгээгээр туул голын усанд цутгаж байгаа цэвэрлэх байгууламжийн усанд 10 гаруй төрлийн химийн бодис байгаа нь тогтоогджээ. Өнгөрсөн 2013 онд ч “Бэлон” гэх компани хортой бодис туулын усанд нийлүүлж байсан нь тогтоогдсон.
Гэвч тус компани ямар ч хариуцлага хүлээхгүй өнгөрч шүүхээс хүртэл тэдэнд хариуцлага тооцоогүйг энд дахин сануулах нь зөв бизээ. Одоогоор нийслэлд 10 гаруй арьс ширний үйлдвэр бохир угаадас гаргаж байгаа, Харгиа цэвэрлэх байгууламж бүрэн хүчин чадлаараа ажиллаж чадахгүй байдлаас болж ийнхүү Туул голд арьс шир боловсруулсан химийн бодистой бохир шууд цутгаж цэнхэртэн мяралздаг биш ногоорон дуниартдаг болсоор удаж байна. Хамгийн ойрхон жишээ нь Сонгины амралтын орчим, Биокомбинатын айл өрхүүд голын үмхий үнэрт тэсэж суухын эцэсгүй болж байгаа гомдолоос харагддаг. Тэд бүүр сүүлдээ туул үерлэхийг хүлээдэг болсноо нуугаагүй юм.
Үерлэсэн тохиолдолд сая нэг үмхий ус урсаж хэсэгтээ “хамар амар” байдаг болжээ. Одоо цаашдын авах томоохон арга хэмжээний нэг бол арьс ширний үйлдвэрүүдийг хотоос гаргаж, Харгиа цэвэрлэх байгууламжийг бүрэн утгаар нь ажиллуулах гарц юм. Гэвч 2008 оноос хойш Байгаль орчны салбарынхан, яамд нь энэ ажлыг ярьсан боловч, бодит байдал дээр ажил болгоогүй өдий хүрлээ. Одоо эмээлтийн хөтөл, Дархан гэсэн хоёр газарт арьс ширний үйлдвэрүүдийг төвлөрүүлэх асуудал яригдах түвшинд явж байгаа. Хэзээ эцэслэн шийдэгдэх нь тодорхойгүй байсаар, энэ хугацаанд голын бохирдол нэмэгдсээр л байна. Энэ мэтээр туул голын тулгамдсан асуудлууд олон байна.
/Үргэлжлэл бий.../ Сэтгүүлч Г.Тэгшжаргал