m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2019.11.19 03:44
500
БАЯЛАГ БҮТЭЭГЧ БИДНИЙ ТӨЛСӨН ТАТВАР, ШИМТГЭЛ БАГАДААГҮЙ...

УИХ 2020 оны төсөв болон нийгмийн даатгалын сангийн тухай хуулийг баталсан. Энэ хүрээнд ирэх жилээс нийгмийн даатгалын шимтгэлийг 2 хувиар нэмэгдүүлэх болсон. Энэ шийдвэр ард иргэдийн нуруун дээрх ачааг нэмэгдүүлнэ гэж баялаг бүтээгчдийг дэмжих холбооны зүгээс үзэж байна. Тиймээс Баялаг бүтээгчдийг дэмжих холбооноос НДШ-ийн 2 хувийн нэмэгдлийг эсэргүүцэж "БИДНИЙ ТӨЛСӨН ТАТВАР БАГАДААГҮЙ" сэдвээр мэдээлэл хийлээ. 

"Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо"-ны ерөнхийлөгч Ч.Даваабаяр:

Өнөөдөр Монгол Улсын бизнесийн зах зээлийн 90 гаруй хувийг өрхийн болон жижиг дунд үйлдвэрлэгч, баялаг бүтээгчид эзэлж байна. Яг одоо бид нар 60 мянган ЖДҮ эрхлэгч, 800-аад мянган баялаг бүтээгчдийг төлөөлж дуугарч байна. Бид ганцхан сарын дараа буюу ирэх жилд 167.2 тэрбум төгрөгийг төлж эхэлнэ. Энэ НДШ-ийн нэмэгдлийг дотор нь задлавал: ажил олгогч 74 тэрбум, ажилтан 74 тэрбум төгрөг, Сайн дурын даатгуулагч 8.8 тэрбум, төсөвт газрууд 17.6 тэрбум төгрөгийг төлөх болчихоод байна. НДШ 2017, 2018 онуудад нэмэгдэхэд баялаг бүтээгчид бид хуулиа хүндэтгэн төлж ирсэн. Тэгвэл энэ удаагийн НДШ-ийн 2 хувийн нэмэгдлийг Баялаг бүтээгчид бид хүлээн зөвшөөрөхгүй. Ард түмний нуруунд үүрүүлэх ачааг ингэж нэмэгдүүлж байхаар КАПИТАЛ банкинд байршуулсан 240 тэрбум төгрөгөө ТӨР буцаан авах ёстой... 

"Нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэхгүйгээр, Б.Ундармаа гишүүний Капитал банкнаас 240 тэрбум төгрөгөө авахыг шаардаж байна

2020 оноос Монгол Улс БНХАУ-д графикийн дагуу төлөх  ойролцоогоор /1.2 тэрбум доллар/-ын өр байгаа. Энэ том өр 2020 оны төсөвт суугдаагүй. Мэдээж гэрээгээ сунгах хэлэлцээр хийгдэж байгаа байх. Ингэхээр 2020 онд ард түмэн бид НДШ-ийг 2 хувиар нэмэгдсэн байдлаар төлөхөөс гадна энэ их гадаад өрийг төлөхөөр болж байна. Ийм нөхцөлд ард түмэн яаж амьдрах юм бэ? Тиймээс УИХ хууль санаачилж НДШ-ийг 23 хувь буюу хэвээр нь үлдээж өгөхийг ШААРДАЖ байна. Мөн Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо Монгол Улсын Ерөнхийлөгчийн тавих хоригийг дэмжсэн байр суурьтай байгаа. 

Ард түмний нуруун дээр НДШ-ээс гадна 1.2 тэрбум долларын гадаад өр байна

Яг хоёр долоо хоногийн өмнө ЖДҮ хөгжүүлэх санг бусад сангуудтай нэгтгэх асуудлыг Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо эсэргүүцэж хэвлэлийн хурал хийж байсан. Энэ асуудлаар бид УИХ-ын дарга Г.Занданшатартай уулзалт зохион байгуулж, хэлэлцүүлэг, форум, хэвлэлийн бага хурлыг зохион байгуулж нэр бүхий УИХ-ын гишүүдэд учирлан тайлбарлаж байж ЖДҮ хөгжүүлэх сангаа авч үлдсэн. Гэсэн ч ЖДҮ хөгжүүлэх санд ирэх жил НЭГ ч төгрөг төсөвлөгдсөнгүй. 2020 оны улсын төсөв 2.1 их наяд төгрөгийн алдагдалтай батлагдахдаа ЖДҮ хөгжүүлэх сангийн 50 тэрбумыг багтаана гэж бид горьдож байсан ч багтаасангүй...

Энэ дашрамд Баялаг бүтээгчдийг дэмжиж ЖДҮ хөгжүүлэх санг авч үлдэхэд тусалсан УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, ЖДҮ дэмжих тухай хуулийг санаачилж батлуулсан УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар тэргүүтэй кноп дарсан гишүүдэд Баялаг бүтээгчдийн өмнөөс талархал илэрхийлье. Монголчуудын амны билгээр /саалиа бэлдэхээр саваа бэлд/ гэдэг бэлэг дэмбэрэлээр сангаа дангаар нь авч үлдэж чадлаа. Бид цаашид ЖДҮ хөгжүүлэх сангаа "Жижиг, дунд бизнесийн корпораци" болгон хөгжүүлж, олон улсын жишигт хүргэх зорилготой байна. 

"Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо"-ны гүйцэтгэх захирал Б.Батдэлгэр: 

2018 оны тавдугаар сарын 30-ны өдөр Засгийн газрын тогтоолоор Жижиг дунд бизнесийн корпорацийг байгуулах шийдвэр гарсан. Энэ тогтоол өнөөдрийн байдлаар хүчинтэй байгаа. Гэсэн ч тогтоолын хэрэгжилт хангалтгүй байна. Тиймээс ЖДҮ санг бие даалгах, төрөөс хараат бус болгох эхлэлийг тавиач ээ! гэдгийг Засгийн газраас хүсч байна. 

ЖДҮ хөгжүүлэх санг бие даалгах, төрөөс хараат бус болгох эхлэлийг тавиач ээ! УИХ, Засгийн газрын гишүүд ээ...

Хоёрдугаарт: Ирэх жилийн улсын төсөв дээр ЖДҮ хөгжүүлэх санд НЭГ ч төгрөг тавиагүй. Уг нь 2018 онд 70 тэрбум төгрөг, 2019 онд 47 тэрбум төгрөг тавьсан. Энэ жил ЖДҮ хөгжүүлэх сангийн хөрөнгө жинхэнэ эзэдтэй хүрсэн таатай жил байсан. Гэтэл УИХ, ЗГ төрийн өндөр албан тушаалтай эрхмүүд энэ сангаас зээл авах эрх нь хязгаарлагдаад ирэхээр ЖДҮ хөгжүүлэх санд мөнгө төсөвлөсөнгүй гэж бид харж байна. 2020 онд  ЖДҮ сангийн зээлийн эргэн төлөлтөөс орж ирэх мөнгийг тэр чигт нь баялаг бүтээгчдэд өргөжүүлж олгохыг шаардаж байна. 

"Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо"-ны УЗ-ийн гишүүн Ц.Бумцэнд: 

Баялаг бүтээгч, үйлдвэрлэгчдийн дуу хоолой болсон ББДХ-нд 21 аймаг, 9 дүүргийн 100 мянга гаруй гишүүд дэмжигчид гомдол мэдүүлж байна. Тодруулбал үйлдвэрлэгчид бид ажиллах хүчний хомсдлын талаар ярьдаг. Тэгвэл ЭМД, НДШ ажиллах хүчний хомсдлыг бий болгож байгаа. Энгийн байдлаар тайлбарлая: ажилтан 1 сая төгрөгийн цалинтай гэж бодоход 337 мянган төгрөгийг шимтгэл, даатгалд төлж байна. Ихэнх иргэд НДШ төлөх сонирхолгүй болсон. Төлж байгаа иргэдийн ихэнх нь гадагшаа явна гэдэг болж... Нийгмийн даатгал төлөхгүй байж болохуу гэж асуудаг. Эндээс харахад ард түмэн бид нийгмийн даатгалд дарлуулж байгааг харуулж байна. Тиймээс баялаг бүтээгч, ажил олгогч бид нар МУ-ын Ерөнхийлөгчийн тавих хоригийг дэмжиж байгааг энэ дашрамд хэлмээр байна. 

Ажиллах хүчний хомсдлыг ЭМД, НДШ бий болгож байгаа...

Үнэхээр бид ЭМД, НДШ төлөөд үр ашгийг нь хүртдэг бол яахав гэхсэн. Монгол хүн 137 жил амьдарч байж ЭМД, НД-ын үр шимийг хүртэнэ гэдэг тооцооллыг судлаачид гаргасан байна. Гэтэл Монгол хүний дундаж наслалт хэд байгаа билээ? талд нь ч хүрэгүй шүү дээ... Хоёрдугаарт бидний төлсөн шимтгэл, татварыг төр найдвартай хадгалж зөв хувиарлах ёстой. Гэтэл үе үеийн Засгийн газар, улс төрийн бүлэглэлүүд өөрсдийн эрх ашигт нийцүүлэн зарцуулж байна. Тухайлбал нас барсан хүний нэр дээр мөнгө авсан хэрэг байна. Энэ хэргийг хэрэгсэхгүй болгосон гэж дуулдсан. Одоо Б.Ундармаа гишүүний КАПИТАЛ банкны асуудал байна. Энэ асуудлуудад төр хариуцлага тооцооч ээ! Энэ мөнгөө цуглуулж аваач ээ! Энэ алдсан мөнгөө яахаараа баялаг бүтээгчдийн халааснаас авах гэж хууль эрх зүйн орчин бүрдүүлж байдаг юм бэ? Энэ бүх асуудлуудад баялаг бүтээгчид бид дуу хоолойгоо нэгтгэн эсэргүүцсээр байх болно.