m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.06.06 08:37
945
Дэлхийн соёлын өв Бразилиа хот

Бразил улсын нийслэл Брази́лиа хот  нь Бразил орны төв хэсэгт улсынхаа Холбооны тойрогт харьяалагдан оршдог. 2013 онд байдлаар 2.8 сая хүн оршин сууж байгаа нь тус улсын дөрөвдүгээр орох үзүүлэлт юм. Бразилийн нийслэл Бразилиа хот нь бразилчуудын юу хийж чаддаг, юу хийж бүтээснийг гэрчилдэг томоохон хотын нэг юм. Ирээдүй рүү чиглэсэн сум хэлбэртэй тус хотод олон тооны шинэлэг барилгууд байхаас гадна чөлөөт сэтгэлгээ, уран зөгнөлийн төв нь болдгоороо алдартай.

 

 

Бразилиа хотын үндсэн хэсгийг ерөнхийлөгч Жускелино Кубичекийн удирдлаган дор 1956-аас 1960 онд 50 жилийн үйл ажиллагааг 5 жилийн дотор уриатайгаар бүтээн байгуулснаараа онцлог бөгөөд үүнтэй холбоотойгоор тус хотыг Кубичек ерөнхийлөгчийн дурсгалт хот болгосон байна. Орчин үеийн дэлхийн түүхэнд хүн ам цөөн газарт тусгайлан богино хугацаанд хотыг бүх л барилга, байгууламжийн хамт барьж бэлдээд дараа нь нийслэл хотоо нүүлгэж байсан ганцхан тохиолдол бий. Энэ хосгүй жишээ нь Бразил улсын нийслэл Бразилиа. 1955 онд Ерөнхийлөгч Жусели́ну Куби́чек ди Оливе́йра нь таван жилийн дотор 50 жил зарцуулах байсан үсрэнгүй хөгжлөөр улс орноо хөгжингүй орон болгоно гэж амласан.

 

 

Ж.Кубичек нь албан тушаалаа авмагцаа үсрэнгүй хөгжлийн хөтөлбөр гаргаж, эдийн засаг, боловсрол, анагаах ухаан, дэд бүтэц гээд Бразилийн бүх л салбарт эрчимтэй өөрчлөлт явуулж эхлэв. Гадаадын хөрөнгө оруулалтын татварыг буруулснаар энэ бүх өөрчлөлтөд нь идэвхтэй оролцохыг хүсэгчдийн хөрөнгө гадаадаас их хэмжээгээр орж ирэх болсон юм. Үүний хүчинд машин үйлдвэрлэл, хүнд техник үйлдвэрлэл гэх мэт шинжлэх ухааны ололт,технологийн дэвшил,  хүн амын ерөнхий мэдлэг өндөр шаардсан салбарууд асар хурдацтай хөгжиж эхэлжээ.

 

 

Ингээд шинэ нийслэл хотыг төлөвлөх уралдаан зарлаж, уран барилгач Л.Костагийн төсөл ялсан аж. Ингээд Ерөнхийлөгчийн тушаалаар энэ ерөнхий төлөвлөгөөний дагуу 1958 онд нийслэлийнхээ шавыг тавьж, 60 мянган барилгачинтай баг “дайран оржээ”. Үүний үр дүнд 1960 онд Ерөнхийлөгч шинэ нийслэл хотын албан ёсны нээлтийг хийн Засгийн газар, парламент, үндсэн хуулийн шүүх гэх мэт төрийн дээд албан газруудыг аажмаар зөөж эхэлсэн байна.

 

 

Далайн эргийн Рио-де-Жанейрод нийслэл байсныг нутгийн төвд шилжүүлэх санал 1827 оноос эхлэн яригдаж 1956 оноос барилгачид дөрвөн жил шавдан ажилласны үрээр 1960 оны 4 сарын 21-нд Бразилиа хот үүсч, Салвадор (1549–1763), Рио-де-Жанейро (1763–1960)-гийн дараах Бразил орны түүхэн дэх гурав дахь нийслэл болжээ. Газрын хувьд Өрнөд төв бүс, Бразилын тэгш өндөрлөгийн төв хэсэгт далайн түвшнээс дээш 1171 метр өндөрт байдаг ба жилийн турш өдрийн 26 °C хэм орчим дулаан, бороо хур их ордог. Засаг захиргаан хуваарь ёсоор улсын доорх Холбооны тойрог (нийслэл хавийн газар) хэмээх нутгийн төв болно. Хүн амын ихэнх хэсэг нь Католик болон Протестант шашин шүтнэ. Уг хотын модернист уран барилгач Оскар Нимейер захиргааны болон олон нийтийн үйлчилгээний олон барилгын загварыг гаргасан юм. Уран барилгын энэхүү цогцолбороороо Бразилиа хот ЮНЕСКО соёлын өвийн жагсаалтад багтжээ.

 

 

1960 онд үүсэн байгуулагдсан Бразилиагийн хүн амын тоо жилд дунджаар 2.82%-аар өсч байна. XX зуунд үүссэн дэлхийн өөр ямар ч хот богино хугацаанд ингэж томроогүй билээ. 1989 онд нэг сая, 2000 онд хоёр сая хүнтэй болж байсан бол 2013 онд хотын харьяалж буй 5802 км² газарт 2,789,761 хүн оршин сууж байна.

Хотын хүн амын тал хувь (48.2%) нь холимог арьстан, бас нэг тал хувь (42.2%) нь цагаан арьстан юм. Бас хар арьстан (7.7%), Азиас ирсэн (1.6%) хүмүүс тодорхой хувь эзэлдэг. Хотын нутгаас гадна эргэн тойрны дагуул хот, хүй дүүргийн хамтаар бодвол энэ хавьд 4 сая хүнамьдардаг.

 

 

Хотыг өндөр дээрээс харахад гол замууд ба тэдгээрийг дагасан хорооллууд нь сум хэлбэртэй онгоц нисч байгаа мэт харагддаг.  Ингэхдээ онгоцны “их бие” орчимд нь цогчин дуган, урлагийн музей гэх мэт хотын төвд Засгийн газрын хувьд ач холбогдолтой байшин барилгууд төвлөрчээ. Энэхүү их биеийн төв хэсэгт нь зочид буудал, дэлгүүр, банк гэх мэт үйлчилгээний салбарын барилгуудад зориулагдсан.  Архитектурын хувьд авангард хот гэж тооцогддог Бразилиагийн хамгийн үзэсгэлэнтэй байгууламжууд нь маргаангүйгээр Хотын сүм, Жуселину Кубичекийн гүүр билээ. Онгоцны сүүл хэсэгт хотын захиргааны барилга байгууламж байрладаг. Харин онгоцны хошуу хэсэгт нь холбооны прокурорын газар, парламент гэх мэт төв Засгийн газрын барилга байгууламж байрласан. Онгоцны далавч хэсэгт орон сууцны барилгууд байрладаг. Гол тэнхлэгийн шулуун замын дагуу хоёр давхар жижиг гудамжууд байрласан. Ийм гудамжууд гол банкуудын , эмийн сангуудын гэх мэт тус бүр өөрийн гэсэн онцлогтой. Гол шулуун замуудын нэг талаар нь машин явдаг ба нөгөө талаар нь явган зорчигч зорчдог гэсэн хоёр урсгал болгон хувааснаараа онцлог. Замыг байгуулахдаа хүн ам хамгийн олноор оршин суудаг хэсэгт манайхны дөрвөн зам мэтийн зөрлөг байхгүйгээр төлөвлөсөн. Орон сууцны дүүрэг болгонд тусгайлан зогсоол, дэлгүүр, урлаг, соёлын төв гаргаж өгсөн. Орон сууцны хороолол дунд машин зам төлөвлөгөөгүй болохоор хүн олноор амьдардаг газрын агаар цэвэр байхад ихээхэн сайн нөлөө үзүүлсэн. Мөн анхнаасаа л орон сууцны хорооллуудад асар их мод, бут, зүлэг тарьж ногоон орчныг хадгалахад ихээхэн анхаарал тавьсан байдаг. 

 

 

Бразилиа хотод сүүлийн үед лигтээ хүчээ аваад буй хоёр клуб болох “Гама”, “Бразильенсе” клубүүд байрладаг. Тэд бол 2002 оны Бразилийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний финалд шалгарч байсан клубүүд юм. Брзилиа нь дэлхийн хэмжээний спортын үйл ажиллагаа зохион байгуулдагаараа алдартай хот бөгөөд 2008 оны Заалны ДАШТ-г зохион байгуулсан хотуудын нэг билээ. Тус тэмцээн нь Нильсон Нельсон спортын төвд зохиогдсон бөгөөд одоо түүний ардхан талд нь Бразилийн хамгийн том цэнгэлдэхүүдийн нэг, 70000 хүний суудалтай Бразилийн үндэсний цэнгэлдэх байрладаг. Мөн Бразилиад хөлбөмбөгийн өөр хоёр цэнгэлдэх байдгийн нэг нь шигшээ багийн тоглолтууд явагддаг Сережо цэнгэлдэх, нөгөө нь 2008 оны 11 сард бүрэн засварт орж шинэчлэгдсэн Беззера цэнгэлдэх юм. Бразилд нийслэл Бразилиатай нь дүйцэхүйц архитектурын шийдэлтэй хот цөөхөн хэд л байдаг. “Estadio Nacional Mane Garrincha” буюу Национал цэнгэлдэхээс нь л бид үүнийг хялбархан харж болно. 69432 хүний багтаамжтайгаараа энэхүү стадион нь 2014 оны дэлхийн аваргын 2 дахь том цэнгэлдэх болж байна. “Национал”-ыг бүхэлд нь нурааж, дахин барьсан бөгөөд шинэ үзэмж, төмөр дээвэр, эгнээнүүд болон цэнгэлдэхийн аль ч өнцгөөс тоглолтыг үзэх боломжтойгоор талбайг засварт оруулсан нь Бразилиаг Дэлхийн аваргын гол төвүүдийн нэг болгох юм. Нөхөн сэргээх автоматжуулсан системтэй, байгальд ээлтэй, эко төслийг хэрэгжүүлж чадсанаараа Бразилиа дэлхийн нийтээс өндөр талархалыг хүлээгээд байна. “Насиональ” цэнгэлдэхэд энэ Дэлхийн аваргаар нийт 7 тоглолт зохион байгуулагдах юм. Мөн “Насиональ”-д хөлбөмбөгийн тоглолтуудаас гадна урлагийн үйл ажиллагаанууд зохиогдох болно.