m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.06.06 09:03
152
Б.Чинзориг: Эхний раунд дууссаны дараа өөрийгөө түрүүлнэ гэдгийг мэдэрсэн

Саяхан Казахстаны Алматы хотноо болсон армийн дэлхийн аварга шалгаруулах боксын тэмцээнд “Алдар” спорт хорооноос төрөн гарсан дөрвөн тамирчин хүч сорьж, алт, хүрэл медальтай ирсэн. Ялангуяа 64 кг-д тоглосон залуу тамирчин Б.Чинзориг дэлхийн аварга Э.Лопес тэргүүтэй дөрвөн учраагаа хожиж, тус тэмцээний анхны алтан медалийг эх орондоо авчирсан билээ. Түүхэн амжилт гаргасан Чинзориг өнөөдөр манай “Масс агентлаг”-т зочилж, оролцсон тэмцээнийхээ талаар сонирхолтой ярилцлагыг өгсөн юм.

-Юуны өмнө оролцоод ирсэн тэмцээнийхээ талаарх мэдээллийг бидэнд өгөөч?

-Өмнө нь манай “Алдар”-ын тамирчид армийн ДАШТ-д оролцож, хүрэл медаль авч байсан. Энэ жилийн тэмцээнд 22 орны 160 гаруй тамирчин орлоо. Улсынхаа армийн байгууллагад харьяалагддаг, шигшээдээ багтсан олон сайн тамирчин ирсэн. Сайн тамирчид их ирсэн болохоор өрсөлдөөн ширүүн байлаа.

-Тэмцээнд зориулж тусгайлан бэлтгэл хийв үү? Жин хэр хассан бэ?

-Ерөнхий суурь бэлтгэл маш сайн байлаа. Энэ жил УАШТ-ий дараа Эрдэнэтийн “Олимп” баазад 70 хүний бүрэлдэхүүнтэй явж, сар гаруй бэлтгэл хийсэн. Ирээд Казахстанд сар орчим хамтарсан бэлтгэл хийж, тэмцээнд оролцоод ирсэн. Суурь бэлтгэл сайн байсан нь бидний амжилтад нөлөөлсөн. Нэг сайхан зүйл нь бид дөрөв дөрвүүлээ жин бараг хасаагүй. Жингээ хасах гэж зовоогүй болохоор бие амар, сэтгэл санаа өөдрөг оролцсон. Бас дөрвүүлээ анхны багштайгаа явсан болохоор сайхан байлаа.

-Өөрийн чинь жинд хэдэн тамирчин байв? Сугалаа, тоглолтынхоо талаар ярьж өгөөч?

-Миний жинд 12 тамирчин өрсөлдлөө. Би тэгшитгэлд орж, эхний даваанд дэлхийн аварга Бразилийн Эвертон Лопестой таарсан. Тоглолт маш ширүүн өрсөлдөөнтэй болсон. Эхний хоёр үеийн дараа оноо дээр доороо ороол д яваад байсан. Тэгээд 2:1-ээр ялсан. Маш хурдтай тамирчин байна лээ. Өндөр зэрэглэлийн тамирчин болохоор урагшаа шунаж орж болдоггүй. Миний хувьд өрсөлдөгчийнхөө тактикийг хэт их бодож, нервтэхгүйг хичээсэн. Юуны өмнө хүлээж байгаад хийн дээр нь оноо авч, тайван тоглосны хүчинд ялсан даа. Дараа нь таарсан Оросын тамирчинтай эхнээсээ үзэлцсээр байгаад хожсон. Урагшаа шахаж дайрдаг дайчин тамирчин байна лээ. Түүнийг хожиж хүрэл медалийн болзол хангаад Мароккогийн боксчинтой таарлаа. Энэ тамирчныг хурдаараа илүүрхэж тоглоод хожсон. Ингээд финалд Тунисын тамирчинтай тоглохоор болсон. Энэ тамирчин өмнөх даваанд нутгийн боксчныг илүүрхэж хожоод гарч ирсэн. Харин рингэнд гараад эхний раунд тоглоход л түүнээс ур чадвараар илүү гэдгээ мэдэрсэн л дээ. Тиймээс нэгдүгээр үе дууссаны дараа өөрийгөө алт авах юм байна гэдгийг ойлгож, өөртөө итгэлтэй болсон.

-Дэлхийн аварга боксчныг хожсоны дараа өөртөө илүү итгэлтэй болсон байх?

-Тэгэлгүй яахав. Ялчихаад маш их баярласан. Манайхан энэ тэмцээнд дөрвүүлээ яваад хоёр медаль авна гэдэг том амжилт. Бас өөрийн шүүгчтэй явсан нь энэ амжилтад нөлөөлсөн л дөө. Өөрийн шүүгчтэй байх нь тамирчныхаа амжилтыг хамгаалахад хэрэгтэй байдаг.

-Казахстанчууд боксын тэмцээнээ их үзэж байна уу?

-Их үзсээн. Сая тэмцээн болсон Алматы хотод өнгөрсөн жил боксын ДАШТ явагдсан юм. Үсрэнгүй хөгжиж байгаа сайхан хот байна лээ. ЗХУ-аас салаад 20 гаруйхан жил болж байгаа гэхэд үнэхэрээр гайхалтай хөгжилтэй, сайхан хот байсан. Бас казахстанчууд Монголын тамирчдыг маш сайхан дэмжсэн. Намайг Оросын боксчинтой тоглоход заал тэр чигээрээ биднийг дэмжсэн. Казахстанчууд монголчуудад дуртай, дэмждэг нь сайхан санагдаж байлаа.

-Нөгөө гурван тамирчин маань ямархуу оролцов?

-Гавьяат тамирчин Н.Төгсцогтын хувьд түрүүлэхээр байсан. Ардчилсан Солонгосын мундаг тамирчныг дутуу гаргаж, хүрлийн болзол хангасан. Харин казахстанчууд өнгөрсөн жилийн ДАШТ-ээс хүрэл медаль авсан тамирчнаа түрүүлүүлэхийн тулд манай Төгсцогтыг нэлээн дарах шиг болно лээ. Өөрийн тамирчнаа Төгсцогттой тааруулуулахгүйн тулд замд нь саад хийж, Алжирын боксчныг нь их дэмжсэн. Б.Мөнх-Ирээдүйгийн хувьд өсч яваа тамирчин. Сая өмнөх армийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн Мароккогийн тамирчинтай зоригтой, маш сайхан тоглосон. Ж.Отгонжаргалын хувьд жин өгсөж 75 кг-д орсон. Тоглолтыг нь харахад техник, ур чадварын хувьд Оросын тамирчнаас хамаагүй илүү байсан хэрнээ ялагдсан. Найздаа хэлэхэд 75 кг их сайхан зохиж байна лээ. Тиймээс цаашдаа энэ жинд өндөр амжилт гаргах байх аа.

-Армийн ДАШТ-ээс анхны алтан медаль авчирсан тамирчнаа холбооны удирдлагууд сайхан хүлээж авсан байх?

-Бидний амжилтад маш олон хүний хүчин зүтгэл орсон. Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ, дэд сайд А.Баттөр ах, “Алдар” спорт хорооны дарга Г.Өсөхбаяр, Монголын боксын холбооны санхүүгийн албаны дарга Батбаяр,  Э.Бадар-Ууган ах, П.Сэрдамба ах гээд бүгд зүтгэсэн дээ. Тэмцээнд оролцох зардал гэхэд явахаас дөрөв хоногийн өмнө шийдэгдсэн. Бид юмыг яаж мэдэхэв гээд бэлтгэлээ хийгээд байлаа. Энэ дашрамд биднийг дэмждэг, боксын төлөө явж байгаа бүх хүмүүст баярлалаа гэж хэлье.

-Энэ жил өөрийн чинь хувьд амжилт дүүрэн байна. Он гарсны дараахан улсын аварга цол хүртсэн бол сая армийн дэлхийн аварга боллоо. УАШТ-д хэрхэн түрүүлснээ сонирхуулбал?

-УАШТ-д У.Мөнх-Эрдэнэ ах гарны гэмтлийн улмаас оролцоогүй. Жингийнхээ өрсөлдөгч, найз Ц.Отгон-Эрдэнэтэй финалдаж түрүүлсэн. Бид хоёрын хооронд өрсөлдөөн ширүүн байдаг. Би ноднин түүнд хожигдоод энэ жил даагаа нэхэж чадлаа. Улсын аварга болсны дараа дэлхийн хэмжээний том тэмцээнд түрүүллээ. Цаашдаа дэлхийн томчуудтай гар зөрүүлж болох юм байна гэсэн итгэл төрж байна. Одоо боксчдыг Азийн наадам хүлээж байгаа. Монголын боксчид Азийн наадамд түрүүлж үзээгүй. Харин энэ жил боксчид маань алтан медаль авахыг гол зорилгоо болгоод байгаа.

-Тоглолтын арга барил, туршлага жилийн өмнөхөөс хэр ахисан бол?

-Тамирчин хүн өдөр бүр бэлтгэлээ хийж, тэмцээнд орох тусам ур чадвар, мэдрэмж нэмэгддэг. Би өмнө нь цохилтоос бултах бэлтгэл дээр их ажилласан. Энэ нь саяын тэмцээний үеэр үр нөлөөгөө өглөө. Ер нь тэмцээнээс тэмцээний хооронд ур чадвар сайжирж байгаа гэж бодож байна даа.

-Нас хэдтэй билээ?

-Ирэх есдүгээр сард 23 хүрнэ.

-Өөрийн чинь тоглодог 64 кг-д гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ бас бий. Цаашид энэ жиндээ байнга тоглох уу, эсвэл жин өгсөх үү?

-Би 2009 оноос хойш 64 кг-д тоглож байна. Нэг их айхтар жин хасаад байдаггүй болохоор карьераа дуустал 64 кг-д тоглоно гэж бодож байгаа. Би 2011 онд У.Мөнх-Эрдэнэ ахтай анх тоглож, 5:4-өөр хожигдсон. Өнгөрсөн жил бас улсын аваргаар таарч, ойрхон оноогоор хожсон. Ийм мундаг тамирчинтай нэг жинд тоглож байгаа нь үнэхээр бахархалтай байдаг юм. Багадаа Мөнх-Эрдэнэ ахын тоглохыг зурагтаар харж, бахархдаг байлаа. Гэтэл одоо хүндэлж явдаг ахтайгаа өрсөлдөгч болоод явж байна. Энэ нь миний хувьд бахархалтай санаддаг юм.

-“Алдар”-аас олон сайхан боксчид төрөн гарч байгаа. “Алдар” спорт хороо, дасгалжуулагч А.Гантулгынхаа талаар ярьж өгөөч?

-Анх 2005 онд “Алдар” спорт хорооны боксын секцэнд орж байлаа. Эхэндээ хүүхдүүдийн л нэг адил найзыгаа дагаад бокс руу орсон юм. Ороод удаагүй байхдаа хоёр ч тэмцээнээс медаль аваад урамшсан даа. Шантрах зүйл гаралгүй яахав. Тэр үед Гантулга багш их түшдэг байсан даа. Тухайн хүүхдийн харьцаа, зан чанар дээр байнга ажиллана, дээрээс нь сургуулиар нь очиж, хичээл сурлагатай нь танилцана. Багш маань ингэж сайн хөдөлмөрлөсний үндсэн дээр бид буруу зам руу оролгүй, өдий зэрэгтэй явж байна. Секцний хүүхдүүд чинь заримдаа мөнгөгүй болчихно. Ийм үед багшаасаа автобусны мөнгө зээлэх энүүхэнд. Ийм байдлаар хамт зүтгэсээр байгаад ирсэн дээ.

-Сайхан ярилцсанд баярлалаа. Чамтай илүү олон юм яримаар байгаа ч ингээд өндөрлөе. Учир нь илүү том амжилт гаргасны дараа дахин уулзалдах байх аа.

-Баярлалаа.