Монголын Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн баяр эдгээр өдрүүдэд тохиож байна. Түүхэн ойн баярын хүрээнд өнөөдөр Соёлын төв өргөөнд “Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн баярын хурал” болон хүндэтгэлийн концерт боллоо.
УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнэ баярын хурлыг нээж үг хэлсэн бол хуралд оролцогчдод Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга илгээлт хүргүүлснийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд уншиж сонордуулсан юм.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн илгээлтэд:
“Монголчууд аа,
Хүрэлцэн ирсэн хүндэт зочид, төлөөлөгчид өө,
Ардчиллын төлөө сэтгэл зүрх, үйлс зорилгоо нэгтгэсэн журмын нөхөд өө,
Та бүхэнд Ардчилсан хувьсгалын 30 жилийн түүхт ойн баярын мэндийг хүргэе.
1989 оны намар, 1990 оны өвөл, хаврыг дамнан БНМАУ-ын иргэд Берлинээс нааш давалгаалсан ардчилсан өөрчлөлт, шинэчлэлийн давалгаанд нэгдэн өөрсдийн бүрэн эрх, ардчилал, эрх чөлөө тусгаар тогтнолыг олж авахаар нижигнэн хөдөлсөн билээ.
Нээлттэй, ардчилсан нийгмийн зүг нийтээрээ тэмүүлсэн тэр зурвас үе бол Монголын иргэн бүрийн эв санааны нэгдэл, ойлголцол, чин зүтгэл нийлсэн цэг болж чадсаны ачаар анхны чөлөөт ардчилсан сонгуулийг явуулж, ардчилсан парламентыг бүрдүүлж, ардчилсан Үндсэн хуулийг боловсруулан баталсан билээ.
Нийгэм улс төрийн цоо шинэ нөхцөл рүү түлхсэн эрс шинэчлэлийн энэ үйл явцыг “Ардчилсан хувьсгал” гэж нэрлэхээс өөр арга байхгүй. Шинэ нийгэм, шинэ тогтолцоо руу шилжсэн эрс өөрчлөлт гарцаагүй байсан агаад хуучин тогтолцоог хэн ч хамгаалан зогсоогүй юм. Жам ёсны энэ нуралт, зүй ёсны энэ хувьсгал тайван замаар өрнөсөн нь олонх монголчуудын хүсэл, эрмэлзэл нэгдсэний ач байлаа. Ардчиллыг хэн нэгэн суут хүн, хэсэг бүлэг зоригт хүмүүс авчраагүй юм. Энэ бол монголын ард түмний нийтийн хүсэл, эрх ашиг, бүгдийн хүч, сэтгэл зүтгэлээр олж авсан үр дүн юм.
Ардчилсан өөрчлөлт нь нэг талаас эрс өөрчлөлтийн төлөөх шийдвэр гаргалт руу шахаж байсан иргэдийн нэгдэл, холбоод, нөгөө талаас дэлхий даяар эргэлт буцалтгүй өрнөж байгаа жам ёсны өөрчлөлтийг хүлээн зөвшөөрч, хүч үл хэрэглэх шийдвэр гаргасан, засаглалыг дараа үедээ шилжүүлсэн төр, засгийн цөөн удирдлагын хамтын бүтээл, хамтын сорилт байлаа.
Монголчууд ардчилалд алхам алхмаар суралцсан юм. Бид ардчиллыг хийнгээ сурч байсан. Түүхэн баримтуудыг эргэн харвал, 1989 оны 12 дугаар сарын 06-нд Орхон аймагт, 12 дугаар сарын 07-нд Ховд аймагт анхны улс төрийн жагсаал цуглаан болж, улс даяар ардчилсан хөдөлгөөн өрнөж эхэлсэн билээ. 1989 оны 12 дугаар сарын 10-нд буюу Олон улсын хүний эрхийн өдөр МоАХ-ны анхны цуглаан болж олон намын систем тогтоох, хүний эрхийг дээдлэх, бүх нийтийн сонгуулийг хугацаанаас нь өмнө явуулах, хэлмэгдэгсдийг цагаатгах, хэвлэлийн эрх чөлөөг баталгаатай болгох зэрэг 13 зүйлийн шаардлага тавьсан нь Монголд ардчилсан хувьсгалын эхлэлийг зарлан тунхагласан түүхэн цуглаан байв.
1989 оны 12 дугаар сараас эхлэн өрнөсөн ардчилсан өөрчлөлтийн гол үр дүн нь Монголчууд хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, тэгш байдлыг тунхаглан зарласан шинэ ардчилсан Үндсэн хуулиа баталсан явдал байлаа.
Эдийн засгийн хувьд зах зээлийн харилцаанд эргэлт буцалтгүй орж, малыг малчдад, орон сууцыг иргэдэд, улсын гэх өмчийг хувийн хэвшилд шилжүүлснээр хувийн өмч хүний амьдралын үндэс, хувийн хэвшил нийгмийн хөгжлийн үндэс болж хувирсан юм. Монгол хүний гадаадад чөлөөтэй зорчих боломжийг нээж, сурч боловсрох, ажиллаж амьдрах, хэвлэн нийтлэх, үг хэлэх эрхээр хангагдаж, хэвлэлийн эрх чөлөөг бодитоор тунхаглан зарласан нь ардчилсан хувьсгалын үр дүн юм.
Бид шинэ нийгэм, шинэ тогтолцоог байгуулах амаргүй замаар онохдоо онож, алдахдаа алдсаар гурван аравныг үджээ. Алдаа бүхэн минь хамтын ухаарал, оноо болгон минь хамтын ололт байлаа. Ардчилал бол хүрэх ёстой оргил биш хамтдаа арчилж, тордох ёстой үйл явц, хамтын хариуцлага, хамтын үүрэг билээ.
Ардчилсан Монгол Улсын иргэд ээ,
ШУУД ҮЗЭХ: