m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.06.06 09:27
814
Давсны хэрэглээг хязгаарласны ач холбогдол

Цусны даралт багасна. Даралт буурснаар таны наснаас үл хамааран зүрх судасны өвчин үүсэх, цус харвах эрсдэл буурна. Хэрэв та өндөр даралттай бол давсаа бага хэрэглэснээр таны даралт дөрвөн долоо хоногийн дараагаас буурч эхэлнэ. Энэхүү эерэг үр дүнг харахын тулд хоолныхоо давсыг жаахан багасгаад үз. Давс бага хэрэглэснээр таны хэлний амтлах мэдрэмж сэргэн, хоол хүнсний жинхэнэ амтыг мэдрэх болно.

Давс яагаад артерийн даралт ихсэхэд нөлөөлдөг вэ?

Давс хүний биед илүүдэл хэмжээгээр орох үед таргалах, артерийн даралт ихдэх, үүнтэй холбоотой тархины цус харвалт, зүрхний шигдээс, ясны сийрэгжилт, бөөрний чулуу, ходоодны хавдар үүсэхэд нөлөөлдөг байна. Бидний өдөр тутам хэрэглэдэг давс маань натри, хлор гэсэн химийн хоёр элементээс бүтдэг. Үүнээс натри нь бие махбодын давс, усны солилцоог тэнцвэржүүлж, эрхтэн системийн эсийн гадна болон дотор шилжин оршиж байдаг. Дунджаар 70 кг жинтэй хүн байлаа гэж бодоход 50 грамм натри, 15 литр орчим ус бие махбодын эсийн гадна оршдог. Энэ нь нийт биед агуулах натрийн 90 хувь нь гэсэн үг. Үлдсэн 10 хувь нь эсийн дотор оршдог. Хэвийн үед бөөр хүний биед байх давсны хэмжээг зохицуулж байдаг. Хэрэв биед илүүдэл давс орж ирвэл бөөрний ялгаруулах сувгаар биеэс давсыг шээсээр дамжуулан гадагшлуулдаг. Хүний биед илүүдэл хэмжээтэй давс хоол хүнсээр байнга орж ирэх үед бөөрөнд байх нэг сая орчим хялгаснаас нарийхан бичил судсууд ачааллаа даахаа больж, эцэстээ давсыг гадагш хөөн гаргах чадваргүй болдог. Үүний улмаас эсийн гадна орших цусан дахь натрийн хэмжээ 50 граммаас ихэсдэг.

Биед натри ихсэхэд шээсээр ялгарах кальцийн хэмжээ мөн ихэсдэг байна. Ингэж бөөрөөр кальцаа их хэмжээгээр алдсанаар ясны сийрэгжилт үүсч, яс амархан хугардаг. Давс усыг өөртөө татаж байдаг. Давс ихтэй хоол цай идсэний дараа хүний ам их цангадаг. Энэ нь биед орсон давс усыг өөртөө татаж байна гэсэн үг. Ингээд л нэмээд давстай сүүтэй цайгаа хүн өөрийн мэдэлгүй уугаад байдаг. Ингэснээр судсаар урсах шингэн буюу цусны хэмжээ ихсэн, судсанд агуулагдах хэвийн хэмжээнээсээ давдаг учраас судасны хананд учруулах цусны даралт ихэсдэг. Энэ нь яваандаа артерийн судасны ханыг хатууруулж, уян хатан чанарыг алдагдуулан, артерийн даралт ихсэх өвчтэй болдог байна. Өөрөөр хэлбэл судасны хана хэврэгшиж, хагарахад амархан болж байна гэсэн үг. Нарийхан судсаар цусыг шахах гэж зүрх маш их ачаалалтай ажилладаг. Ингэснээр зүрхний булчин томрон хатуурч, булчингийнх нь цусан хангамж буурдаг. Бидний идсэн давсны ихэнх нь гэртээ хийсэн хоолонд биш, харин худалдан авдаг талх, хиам, дарсан өргөст хэмх, кетчуп, европ бяслаг, лаазалсан бүтээгдэхүүн, чипс, самар зэрэг олон хүнсэнд агуулагддаг гэдгийг мартаж болохгүй. Насанд хүрсэн хүн өдөрт зургаан граммаас бага давс хэрэглэх ёстой. Энэ нь нэг жижиг цайны халбага ч хүрэхгүй хэмжээтэй давсыг хүн өдөрт хэрэглэнэ гэсэн үг. Давстай юм идсэн хүмүүсийн ам цангадгийг мэдсэн кинотеатр, үзвэр үйлчилгээний газар, баар, ресторанууд нь чипс, давсалсан самар их зардаг. Өөрөөр хэлбэл эдгээрийг идсэн үйлчлүүлэгчдийн ам цангаж, ус, ундааг ихээр худалдан авдаг гэсэн үг. Ам нь ихээр цангасан хүүхэд, залуучууд ус уухын оронд гаазтай, сахартай ундаа, жимсний шүүс сонгодог байна. Энэ нь биед орох сахарын хэмжээг ихэсгэж, таргалах шалтгаан болдог гэнэ.