m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2019.12.12 02:46
256
БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН БАЯЛАГ БҮТЭЭГЧДИЙН УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

Нийт хүн амын 11 хувь, Улаанбаатар хотын 25 хувь нь амьдардаг засаг захиргааны хамгийн том нэгж болох БЗД-ийн Баялаг бүтээгчдийн уулзалт хэлэлцүүлэг боллоо. Хамгийн том дүүрэгт тооцогдох тус дүүргийн баялаг бүтээгчдийн улс оронд оруулах хувь нэмэр нэлээдгүй их. Өнөөдрийн байдлаар идэвхтэй 12 мянга 600 орчим аж ахуй нэгж үйл ажиллагаа эрхэлж байгаагаас 1-9 хүртэлх ажилтантай 11262 аж ахуй нэгж тус дүүрэгт үйл ажиллагаагаа явуулж байгаа юм. 

Өнөөдрийн уулзалт зөвлөгөөнд Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны Ерөнхийлөгч Ч.Даваабаяр, Гүйцэтгэх захирал Б.Батдэлгэр, Баянзүрх дүүргийн Засаг дарга Т.Баясах болон ХХАХҮЯ, "Зээлийн батлан даалтын сан", БЗД-ийн ЖДҮ-ийг дэмжих төв, "Онч шийдэл" ТББ-ын төлөөллүүд оролцож жижиг дунд бизнес эрхлэгч, баялаг бүтээгчдэд мэдээлэл өгөхийн зэрэгцээ тэдний санал бодлыг сонсож, сонирхсон асуултад нь хариулт өглөө.  

Шинэ хууль хэрэгжиж эхэлснээс хойш ЖДҮ эрхлэгчдийн мэдлэг дутмаг байсан бол өнөөдрийн хэлэлцүүлгээр баялаг бүтээгчдэд мэдээлэл өгч тэдний ойлголтыг нэмэгдүүлж, цаашид хэрхэн баялаг бүтээгчид хамтран ажиллаж, төрөөс олгох бодит дэмжлэгийг хэрхэн хүртэх, жинхэнэ эзэндээ хүрч чадах зэрэг олон асуудлыг хэлэлцлээ. 

Мөн энэ үеэр олон жилийн турш салбартаа үр бүтээлтэй тууштай ажиллаж, баялаг бүтээхэд хувь нэмрээ оруулсан баялаг бүтээгч, үндэсний үйлдвэрлэгч Жигжидсүрэнг “Баялаг бүтээгч” одонгоор, Оюунчимэгийг “Баялаг бүтээгч” медалиар тус тус шагнаж урамшууллаа.

Уулзалт, хэлэлцүүлгийн үеэр Баялаг бүтээгчдийн дэмжих холбоонд шинээр элсэгчид их байлаа. БЗД-ийн хувьд мод модон эдлэл болон гэр хийдэг гар урлалын үйлдвэрлэл түлхүү хэрэгжүүлдэг бол  гол тулгамдаж байгаа асуудал нь хөрөнгө мөнгө, барьцаа хөрөнгөний асуудал байдаг байна. Тиймээс цаашид бизнес эрхлэгчдийг бодитоор дэмжих төрийн бодлогыг бэхжүүлж, төрөөс олгож буй дэмжлэгийг нээлттэй ил тод болгох нь зүйтэйг онцлоод өнөөдрийн хэлэлцүүлгийг өндөрлөлөө.

 

ШУУД ҮЗЭХ: