m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.06.07 09:41
293
Ж.Дашзэгвэ: "Тоглоом" өгүүллэг

Зундуйн эцэг хамгийн өндөр настай Дэнзэн буурайтай золгох хүний хөл шингэрээгүй байв. Өвгөний нагац талын Бутаа эрдэмтэн, чалх дордсон хөгшинтэй мэндэд нь гар зөрүүлэхээр, эхнэр хүүхдээ дагуулан зочлов. Бутаа торгон савхин дээл өмсөж, мөнгөн тоногтой бүс бүсэлжээ. Эхнэр нь булга минжийн арьсанд ороолгосон зурмал цагаан хүүхэн хөдөөх эрсийг алмайртал инээд алдана. Нутгийн хүмүүс Бутааг хүндлэн ширвээтэж, зам тавьж өгнө. Зундуй отгон охиндоо: - Өвөөдөө хүн ирчихлээ гэж хэл гэж явуулав. Гэрт хүмүүс өвгөнийг хүлээж байв. Бутаа:
- Хөгшний бие яаж байна даа гэхэд Зундуй
- Аав ерөнхийдөө гайгүй шүү. Ухаан нь жаахан доор орсон гэв.
- Аргагүй дээ, гомдолтгүй өндөр насаллаа шүү дээ гэж Бутаа хэлэв.
- Сая сараас өмнө сандаргаад... Бие нь хөнгөрөхөер гэрт тогтохгүй юм. Хүүхдүүдтэй доош ороод ... Хэлэхээр загнана. Уг нь зоргоороо хүн... Өвгөнийг дуудахаар явсан охин буцаж ирээд "Өвөө ирэхгүй байнаа. Өөрсдөө хүрч ирж золго гээд байна" гэж эцэгтээ нууцхан шивэгнэв.
- Энэ аав уу, дураараа гэдэг нь ... Юу хийж байна гэж Зундуй цөхрөн асуув. Охины нүүр улайгаад дуугарсангүй. Тэгтэл ч Бутаа:
- Өө, бид очоод золголгүй яахав. Хөгшин хаана байна гээд бослоо. Хүмүүс ч дагалдлаа. Дэнзэн өвгөн өвөлжөөнийхөө арын цоохортсон хадны хөмөгт, хотныхоо онгорхой шүдтэй хэдэн хүүхэдтэй, айл гэр болон тоглож байв. Өвгөн тогжгоносон хөнгөн алхаагаар чулуун гэрийнхээ "үүдээр" гарч ирээд, "Хүүхдүүд минь гэрт морилцгоо" гэж урив. Учир начрыг гүйцэт ухаараагүй улс алмайрч бие биеэ гайхан харснаа яалт ч үгүй болж өвгөний чулуун гэрт цувран орцгоолоо. Дэнзэн өвгөн хоймроо гарч завилан суугаад, золгох улсыг хүлээв.
Бутаад хөгшний яс жижгэрч, давжаа болсон юм шиг санагджээ. Ингээд л золголт эхлэв. Зундуй аавыгаа сүрхий нягтлан харж, гадны улсаас баахан эвгүйрхэн эргэлзлээ.
Дэнзэн өвгөн бурхан тахилын авдар болгосон дөрвөлжин чулуун дээр хүмүүсийн өгсөн хадаг мөнгийг багсайтал овоолно. Бутаа өвгөний дэргэд бохирч суугаад эргэн тойрноо сэтгэл хөдлөн харж
- Дэндгээ маань... хүний хүслийн хүй нэгдлийн байдлаар байгальдаа золголт хийж байх шив. Сонин санагдаж байна шүү гэж малилзав. Өвгөн олон хүн харж, сэтгэл нь хөөрсөндөө "Дээшээ сууцгаа энэ муу өмгөр гэрт багтах нуу" гэж чулуун тойргийн баруун, зүүн талаар заагаад, өврөө ухаж дөрвөлжин хад гаргаад, Бутаатай тамхилахаар сарвайв. Бутаа тэвдэж, алтан нуухтай хөөрөгнийхөө шүрэн толгойг сугалан царай нь минчийлээ. Өвгөний хөсрий чулуунд хөрөгнийхөө бөөрийг зурчих бий, хагалчих бий гэхдээ харшуулахаар тун болгоомжтой хичээв. Тэгээд Бутаа өвгөний чулууг алгандаа эргүүлж тойруулж, ямар ч ид шидтэй юм олж үзэлгүй урам нь хугараад, өвгөний нүдэн дээр үнэрлэж тамхилах дүр үзүүлээд буцааж барив. Бусад хүмүүс ч хэрэг явдал нэг л бишээр эргэж байгааг гадарлаад, хуламганан байж, хөгшний сарвайсан чулууг балмагдуу тосон авч, тамхилах аядан будилж эхлэв. Өвгөн тун таатай:
- Цай хийж өг, наад цагаалга, идээ шүүснээс авцгаа гэж шахаж шавдууллаа. Томчууд тоглоомонд нь дуулгавартай татагдан орсонд гайхаж алмайрсан жижигхэн охид өвгөний үгийг тун чих зөөлөнтэй дагаж, цай хэмээн шаазангийн хагархайг томчуулд тойруулан атгуулав. Хавтгай чулуун дээр идээ, шүүс болгож, шилний хэлтэрхий, хонины хоргол алаглуулан овоолоод бас л тойруулж барилаа. Нүд нь галтай шонтгор охин хүн хүний өмнө очиж, идээнээсээ автал хүлээж үе үе нусаа шордхийтэл татна. Томчууд хүүхэд шиг ингэж үнэмшилтэй тоглоом тоглож эхэлсэндээ илт бажигадана. Эрдэмтэн Бутаа өвгөний шахалтаар нэг хоргол авч, эхнэрээ хажуугаасаа нударч ярвайсаар атал амандаа үмхэж орхиод, зажилж ч чадахгүй, залгиж ч чадахгүй болж, хэл тагнай нь гашуурч эхлэхэд нүдэнд нь нулимс гүйлгэнэн тэвдлээ. Хэн ингэнэ гэж санах билээ. Бутаагийн эхнэр хий огиулан ам хамраа дарлаа. Эвгүй байдлыг дарах гэж Жүгээ хэмээх өргөн шанаатай эр, өвгөнд дөхөж суугаад:
- Өвөө нас сүүдэр хэд зооглож байна даа гэвэл, Дэнзэн өвгөн өөдөөс нь цайлган инээд алдаж:
- Наймтай гэж хээвнэг хэлэв. Жүгээ тулгамдан евгөний тамхилах гэж барьсан чулууг авч дэмий л мунгинан сүрхий найтаах дүр үзүүлэв.
Бутаагийн цагаан хүүхэн өгзөгнөөсөө жиндэж, бас дотор нь хутгалдсанаасаа болж, тэндээс холдож гэдэс дотроо эргэтэл хий огиулаад, хамар ам, нус нулимсаа нууж арчина. Түүнийг харсан жавар салхины улаан хацартай бүсгүйчүүд доогуураа сэмхэн нудралцаж, санаа зовсон хөгшдийн хөмсөг зангидах харцанд ширвээдэн царайгаа минчийлгэн инээдээ барьж жуумганана. Зундуйн тэсвэр алдарч, бухимдах царайчлахын завсар инээхчээн аядаад:
- Ааваа та гэртээ орох уу. Гадаа жиндэнэ шүү дээ гээд тохойгий нь түшин босгох гэвээс Дэнзэн өөдөөс нь хэлээ гаргаад, тэрнээсээ хүүхэд шиг аймсан гэлмэж арагшаагаа цахдан хургаж бүлтэгнэв. Томчууд хүүхдийг зандрахад ингэж аймсдагсан. Өвгөн өөрийг нь хүү нь загнаж албадан тушаах юм шиг санасан авай. Зундуй хүчилж чадахгүй арга тасраад
- Аав маань бүүр хүүхэд болчихжээ гэж шүүрс алдан шивэгнэв. Дэнзэн ач гучийнхаа хүндэтгэлийг огоорч, хорвоогийн шорвог тоосонд дарагдан туулж өнгөрүүлсэн амьдрал нь аль дивангалавын явдал болон мартахын буданд умбаж эхлээд байжээ. Өвгөнд одоо хүний амьдрал огт падгүй болж тэд яаж амьдарч байгаа тухай сэтгэлээ өвтгөхөө болиод, хойшдын өдөр, үхлийн тухай ор мөргүй мартжээ. Өвгөн хүний үүсэл рүү нисэн оджээ.Гагцхүү ертөнцийн хүний амьдралыг дуурайж, танин мэдэх гэж яваа цайлган хүүхдүүдтэй бужигнан пижигнэлдэж, томчуулын шүүрс алдахыг огт тоохгүй явах нь жаргал байваа. Өвгөний сүүлчийн бардам эрхшээл энэ аж. Зундуйн царай барайв. Тэгээд аавыгаа бохироогоор нь тэвэрч өргөөд эргэлзэж хургалгүй гэрээдээ том том алхав. Тоглоом дуусав. Хүмүүс дагаж үймэлдлээ. Өвгөнд эл явдал дааж гаршгүй гомдол төрүүлжээ. Ард нь үймсэн олны хөлд тоглоомон гэр сүйтгэгдэж таваг тариа нурж асгаран, голомтын чулуу хөндөгдөн, охид гоморхуу уулга алдлаа. Тэднийг анзаарч тоосон хүн ч гарсангүй. Охид хүний хөлд нурж тарсан гэрээ засаж янзлахаар хоцорч, хөвгүүд өвгөний хадаг мөнгийг хаман араас нь дагалаа. Өвгөн газар буух гэж зүтгэж байв.