

Азийн хөгжлийн банкны туслалцаатайгаар хэрэгжиж буй “Хөдөлмөр эрхлэх ур чадварыг дээшлүүлэх” төслийн хүрээнд өнөөдөр /2020.01.09/ давхардсан тоогоор нийт 871 сургуульд 4.3 сая орчим ам.долларын үнэ бүхий лабораторийн тоног төхөөрөмж, сургалтын хэрэглэгдэхүүнийг ахлах ангийн сурагчдад математик, байгалийн ухаан, инженер технологийн боловсролын суурийг шинжлэх ухааны үндэслэлтэй олгохын тулд хүлээлгэн өглөө. Ийнхүү 555 сургууль математикийн сургалтын хэрэглэгдэхүүн, 134 сургууль физик, 100 сургууль хими, 82 сургууль дизайн-технологийн лабораторийн тоног төхөөрөмж, 316 сургууль аудио-видео хэрэгсэлтэй болж байна. Энэхүү төслийн хүрээнд хэрэгжиж буй 21 аймаг, есөн дүүргийн сургуулиудад лаборатори нийлүүлэх үйл ажиллагаа нь БСШУС-ын сайдын 2019 оны 491 дүгээр тушаалаар батлагдсан ахлах ангийн сурагчид сонгосон хичээлээ 198-594 хүртэлх цаг судлах сургалтын орчин орчин бүрдүүлэхэд чухал хувь нэмэр болно гэж салбарын яам үзэж байна.
