Ханиад томуугийн өвчлөл ихэссэн тул дүүргийн эмнэлгүүд ачаалалаа дийлэхгүй эмчлүүлэгчдээ коридортоо хүлээн аваад багагүй хугацааг өнгөрөөж байгаа. Энэ нөхцөл байдалд хэн бүхэн санаа зовинож байгаа ч салбар яам нь төдийлөн анхаарлаа хандуулахгүй явсаар удаж байна.
Тэгвэл хувийн хэвшлийн байгууллагуудаас "Макс" группийн захирал Д.Ганбаатар өөрийн нүүрномын хуудсаараа дамжуулан эмнэлгийн зориулалтаар ашиглах боломжтой 500 ор байрлуулж томуугийн улмаас өвдсөн эмчлүүлэгчдийг хүлээн авч ашиглах боломжтой объектыг гаргаж, хувь нэмрээ оруулахад бэлэн гэдгээ хэллээ.
Тэрээр "Хөгшид, хүүхдээ тэвэрсэн ээж эмнэлгийн коридорт хэвтэхийг харахаар сэтгэл зовниж байна аа. Хүрэлцэхгүй байгаа эмнэлгийн орны асуудлыг шийдэж, хувь нэмрээ оруулахад манай хамт олон бэлээн. Обьект нь бидэнд байна. 45 хоногийн дотор эмнэлгийн зориулалттай 500 ор бэлэн болгох боломж бий. Мэдээж үйл ажиллагаа, халаалт, дулааны асуудал гээд тодорхой хэмжээнд түрээс, төлбөрийн асуудал яригдах байх. Ханиад томууны дэгдэлт 4 сар хүртэл үргэлжилнэ. Хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдүүдийн 80% нь томуу, томуу төст өвнөөс болж эмнэлэгт хэвтэж байна. Дараа жил дахиад л энэ асуудал яригдах нь ойлгомжтой. Санаачлагыг маань Эрүүл мэндийн салбарынхан анхааралдаа авна биз ээ" гэжээ.