Прокурорын хяналтад байгаа болон шүүхэд шилжүүлсэн, олны анхаарал татсан хэргүүдийн талаар Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Эрдэнэсувдаас тодрууллаа.
УИХ-ЫН ГИШҮҮН Д.ДАМБА-ОЧИРЫГ ГИШҮҮНИЙ ЭРХ МЭДЛИЙГ ХУВИЙН АШИГ СОНИРХЛОО ГҮЙЦЭЛДҮҮЛЭХЭД АШИГЛАЖ, 1,2 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН САНХҮҮЖИЛТ ОЛГУУЛСАН ГЭХ ХЭРЭГ ХЯНАГДАЖ БАЙНА
- УИХ-ын гишүүн Б.Батзоригийн хэргээс тусгаарласан ЖДҮХС-аас урт хугацааны хөнгөлөлттэй зээл олгохдоо албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал олгосон, ХХААХҮЯ-ны Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн захирлаар ажиллаж байсан С.Төгсбилэг, Яамны төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Д.Энхбат, сангийн мэргэжилтнээр ажиллаж байсан Б.Мөнхтулга зэрэг албан тушаалтнуудад холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлж, хялбаршуулсан журмаар шийдсэн байна.
Харин УИХ-ын гишүүн Б.Ундармаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, УИХ-ын гишүүн Б.Батзориг ХХААХҮСайдаар ажиллаж байхдаа ЖДҮХС-аас 2018.08.24-ний өдрийн А-141 дугаар тушаалаар “Доктор мэйк” ХХК-д 800 сая төгрөгийн зээл олгох шийдвэр гаргахдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон гэх хэргийг прокурор хянаж байна.
Мөн УИХ-ын гишүүн Б.Батзориг 2018 онд Төсөл сонгон шалгаруулах хорооны дарга, гишүүн нарт тухайн төслийг улс төрд нөлөө бүхий, нэр бүхий хүмүүстэй болон өөртэй нь холбоотой, хамаарал бүхий учраас шалгаруулахад анхаарах, заавал шалгаруулах, онцгой анхаарч шалгаруулах шаардлагатай гэж хэлж, хууль бус үүрэг чиглэл өгч, нөлөөлөх байдлаар гэмт хэрэг үйлдэхийг удирдаж, хийх ёсгүй үйлдэл хийж, нийт есөн аж ахуйн нэгжид 8.6 тэрбум төгрөгийн урт хугацаатай, хөнгөлөлттэй зээлийн санхүүжилт олгох шийдвэрийг гарган бусдад давуу байдал бий болгож, их хэмжээний хохирол учруулсан хэрэг прокурорын хяналтад байна.
УИХ-ын гишүүн Д.Дамба-Очирыг гишүүний эрх мэдлийг хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод урвуулан ашиглаж, “Сапфир стоун” ХХК-д давуу байдал олгож, ЖДҮХС-аас хүссэн төслийг дэмжих талаар тус сангийн захирал С.Төгсбилэгт хууль бусаар нөлөөлж, барьцаа хөрөнгө тавилгүйгээр 2018 оны зургаадугаар сард 1.2 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгуулсан гэх хэрэг мөн прокурорын хяналтад ирсэн байна.
ХӨГЖЛИЙН БАНКНЫ ЗАХИРАЛ АСАН Н.МӨНХБАТ НАРЫГ НИЙТ 48 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХОХИРОЛ УЧРУУЛСАН ГЭЖ ҮЗЖЭЭ
- Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Н.Мөнхбат, тус банкны Төлөөлөн Удирдах Зөвлөлийн даргаар ажиллаж байсан Б.Шинэбаатар нарт холбогдох хэргийг шүүхэд шилжүүлсэн. Тэдний Худалдаа хөгжлийн банканд давуу байдал бий болгосон гэмт үйлдлийн улмаас учирсан хор уршиг 5 тэрбум төгрөг, Хөгжлийн банканд 37 тэрбум төгрөг, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т 11 тэрбум төгрөг, бусдад нийт 48 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэж үзсэн байна.
САЛХИТЫН МӨНГӨНИЙ ОРДТОЙ ХОЛБООТОЙ ШҮҮГЧ НАРААС ЭД МӨРИЙН БАРИМТААР 1,5 САЯ АМ.ДОЛЛАР ХУРААН АВЧЭЭ
- Салхитын мөнгөний ордтой холбоотой Ш.Мөнгөншагай нарын 15 хүнийг эрүү, иргэний хэрэгт өөрт ашигтай шийдвэр гаргуулахаар хууль хяналтын байгууллагын албан тушаалтанд хээл, хахууль өгсөн, зуучилсан гэх хэрэгт холбогдуулан шалгаж Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн. Уг хэрэгт таван шүүгчийг холбогдуулаад байгаа бөгөөд хэрэгт эд мөрийн баримтаар 1,445,200 ам.доллар хураан авчээ.
С.БАЯР, С.БАЯРЦОГТ, Ч.САЙХАНБИЛЭГ НАРТ ХОЛБОГДОХ ХЭРГИЙГ ХЯНАЖ БАЙНА
- Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээтэй холбоотой асуудлаар С.Баяр, С.Баярцогт, Ч.Сайханбилэг нарт холбогдох Монгол Улсын Засгийн газар, “Айвенхоу майнз монголиа инк” ХХК, “Айвенхоу майнз лимитед”, “Рио тинто интернешнл холдингс лимитед” компанийн хооронд байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээтэй холбоотой хэрэг прокурорын хяналтад байгаа. Одоогоор өөр мэдээлэл өгөх боломжгүй байна.
ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГА НЭРИЙН ДОР БУСДЫГ СҮРДҮҮЛСЭН ГЭХ ХЭРЭГТ ТУС ТУС ЯЛЛАХ ДҮГНЭЛТ ҮЙЛДЖЭЭ
- “Дэлхийн Монгол Ногоон нэгдэл”, "Босоо Хөх Монгол" ТББ-ын тэргүүнүүд уул уурхайн компаниудыг дарамталж, мөнгө авсан гэх хэргийг тус тусад нь шалгаж, яллах дүгнэлт үйлджээ. Тодруулбал, “Дэлхийн Монгол Ногоон нэгдэл” ТББ-ын тэргүүн Х.Бээжин уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдээс эд хөрөнгө, мөнгө авахаар заналхийлж, нийт 58 сая төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэгт, "Босоо Хөх Монгол" ТББ-ын тэргүүн Г.Ганхуяг 2019.04.14-ний өдөр Дорноговь аймгийн Даланжаргалан суманд “Эко хэлхээ” ХХК-ийн үйл ажиллагааны улмаас орчин бохирдуулсан хэмээн бичлэг хийж мэдээлэл тарааж, сүрдүүлээд тус компанийн ерөнхий захирал Б.Энхбатаас 2019.04.19 өдөр 30 сая төгрөг авсан гэх хэрэгт тус тус яллах дүгнэлт үйлдээд байна.
50 САЯ ТӨГРӨГИЙН ХАХУУЛЬ АВЧ ҮНДЭСЛЭЛГҮЙГЭЭР ХӨРӨНГӨЖСӨН ГЭХ ХЭРГИЙГ ПРОКУРОР ХЯНАЖ БАЙНА.
- Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Санхүү төлөвлөлтийн хэлтсийн Худалдан авах ажиллагаа хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Баярхүү, тус газрын дарга Ч.Алтанхуяг нарт холбогдох хэрэг прокурорын хяналтад ирсэн. Мөн Эрчим хүчний хөгжлийн төвийн захирлаар ажиллаж байсан Ч.Саранжав БНХАУ-н Засгийн газраас манай улсад олгох хөнгөлөлттэй зээлийн хүрээнд "Түлхүүр гардуулах нөхцөлтэй УБ-Мандалговь ЦДАШ, дэд станцын ажлын зураг төсөл боловсруулах, тоног төхөөрөмж нийлүүлэх, барилга угсралтын ажил гүйцэтгэх" 118,999,676 ам.долларын хөрөнгө оруулалт бүхий төслийн гүйцэтгэгч "ТБЕА Энержи Монголиа" ХХК-тай гэрээ байгуулсан ажлын гүйцэтгэлийг баталгаажуулж, албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд 50 сая төгрөгийн хахууль авсан ба үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх хэргийг прокурор хянаж байна.
- Танхайн гэж хэлж болох “сэлэм” С.Бямбацогт нарт холбогдох хэрэгт дахин яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. 2017 оны арваннэгдүгээр сарын 12-ны өдөр Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Castle” үйлчилгээний төвийн гадаа зэвсгийн чанартай зүйл хэрэглэж нийтийн хэв журмыг зөрчиж, олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулсан үйлдэлд нь яллах дүгнэлд үйлдсэн.
УЕП АСАН Д.ДОРЛИГЖАВЫН ХЭРГИЙН МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
- УЕП асан Д.Дорлигжавыг цагдан хорилоо гэсэн мэдээлэл зарим хэвлэлээр гарсан. Энэ мэдээлэл нь ташаа. Хэрэг мөрдөн шалгах ажиллагаанд байгаа. Цагдан хорьсон асуудал одоогоор гараагүй байгаа юм байна.